Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Баясгалан: Украин Оросын цэргийг зогсоож чадаад байгаа учраас эцсээ хүртэл тулалдана гэсэн зориг орчихоод байна || DNN.mn

МУИСийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор /Ph.d/ С.Баясгалантай ярилцлаа.


-Дайн сунжирч, Орост хүнд тусч байгаа учраас яриа хэлэлцээрийн ширээнд сууя гэж бараг өөрсдөө хэлж байна-


-Европын холбооны улсууд Орост эдийн засгийн шахалт үзүүлсээр байна. Таныхаар хамгийн нөлөөтэй хориг аль нь вэ?

-ОХУ-д Европын холбооноос тавьсан нэлээд олон хориг байгаа. Түүнээс хамгийн том хориг нь хий нийлүүлэхгүй байх тухай. Европын холбоо хийгээ Оросоос авахгүйгээр бүрэн хориглож, өөр газраас авах асуудал яригдаж байна. Жишээ нь, Алжир гээд Хойд Африкийн орон “Та нарыг газрын тос, хийгээр хангахад бэлэн байна” гэсэн санаачилга гаргалаа.

Ойрхи Дорнодоос бас хий авах эсэх асуудал яригдаж эхэлсэн. Эртнээс яригдаж байгаа, АНУ-аас хий авах тухай ч яриа бий. АНУ-ын тал дайн эхлэхээс өмнө “Умардын урсгал-2”-оор Оросоос хий авсны оронд манайхаас ав гэсэн маягтай байр суурийг Европын холбооны улсуудад илэрхийлж байсан. Гэхдээ АНУ-аас хий авах нь өндөр өртөгтэй учраас асуудалтай байсан.

Дараагийн хориг нь онгоцны зорчилтын асуудал. Европын улс орон, Канад, Америк зэрэг улс орнууд Оросын онгоц, түүний сэлбэг хэрэгслийг ямар нэгэн байдлаар агаарын орон зайгаар нэвтрүүлэхгүй гэсэн хориг тавьчихлаа. Түүнийх нь эсрэг оросууд ч Европын онгоцуудыг Оросын нутаг дэвсгэр дээгүүр нисгэхгүй, Орос руу онгоцны ямар нэгэн сэлбэг оруулахгүй гэснээр харилцан бие биендээ хориг тавьж байна.

Гурав дахь том асуудал нь SWIFT. Энэ нь банк хоорондын мөнгөн гуйвуулгын систем.

-Оросын банкуудыг гаргачихсан гэж байгаа?

-Тодорхой хэмжээгээр гаргасан. Бүгдийг биш. Ашиг сонирхлоос үүдэлтэйгээр байгалийн хий, эрчим хүчний салбарын ямар нэгэн үйл ажиллагаа явуулахтай холбоотой салбарыг оруулаагүй. Жишээ нь, “Газфром” банкийг SWIFT-ээс хасаагүй. Сбербанкийг ч мөн хасаагүй байна лээ. Бусад үндсэн том банкуудыг хассан байдалтайгаар хориг арга хэмжээнүүд шат дараатай авч байна.

-Эдгээр хоригуудад Оросын эдийн засаг сөхөрч эхэлж байна гэж эдийг засгийн шинжээчид хэлж байна. Асар том эдийн засагтай улс орны удирдагчийн хувьд Путины анхаарлын гадна үлдмээргүй юм?

-Үндсэндээ дайн эхэлнэ гэдэг бол тухайн улс орны оршин тогтнохтой холбоотой асуудал болдог.

Нэгдүгээрт, дайны үйл ажиллагаа гэдэг маш их хөрөнгө зарцуулна. Хоёрдугаарт, Дэлхийн хамтын нийгэмлэг, бүх орнууд олон улсын эрх зүй гэдэг утгаараа Орост маш их дарамт шахалт үзүүлнэ. Эсэргүүцнэ, ганцаардуулна, буланд шахна. Түүнийг Орос тооцоолсон байх. Нөгөө талаасаа хориг арга хэмжээ авахад эдийн засгаар сөхрүүлэх аргыг гол арга хэмжээ гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хуучин хүйтэн дайны үед АНУ ЗХУ-ыг эдийн засгаар нь сөхрүүлж задалсан гэж үздэг. Тэр арга барилаараа эдийн засгийн хөшүүрэг хэрэглэсэн нь илүү үр днтэй. Хүн хүч, техникийн хохирол ч багатай гэж үзэж байх шиг байна. Энэ бүгдийг Путин тооцоолсон байх.

-Ямар байдлаар тооцоолсон гэж та хэлж байна?

-Оросууд 2000-аад оноос эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулахаар хамгийн түрүүнд валют болон алтны нөөцөө нэмэгдүүлэх талаар нэлээд арга хэмжээ авсан. 2008 оноос эрчимтэй арга хэмжээ авч эхэлсэн. Дэлхийн болон Азийн эдийн засгийн хямралын үед ч тэр, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан улс.

2014 онд Украины хямрал эхлэх үед Европын холбоо, АНУ-аас тодорхой эдийн засгийн хориг арга хэмжээг Крымийг авсантай холбогдуулж Орсоод тавьсан байдаг. Үүн дээрээс үндэслээд Орос сулрах бус “Бид нар дотооддоо үйлдвэрлэдэггүй импортын бүтээгдэхүүн байхгүй. Бидэнд импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломж олгосонд баярлалаа” гэсэн хошигнол маягаар хэлж байсан. Тийм ч учраас 2014-2021 он хүртэл дотоодын аж үйлдвэрийг хөгжүүлэх буюу гаднаас хараат бус байх бүх бодлогыг авч хэрэгжүүлсэн гэж үзэж болно. Тэр хүрээндээ хүнснээс эхлээд аж үйлдвэрийн өндөр технологийн бүх салбарт импортыг орлох ямар боломж байна, тэр бүгдийг эрэлхийлж дотоодын үйлдвэрлэлээ босгосон байдаг.

Энэ хооронд Путин өөрөө ч мэдэгдэж байсан. Олон улсын санхүүгийн системээс хараат бус болж байна. Гадаад өр гэж Орост байхгүй. Дэлхийн банк, ОУВС зэрэгт ямар нэгэн өргүй гэдгээ зарласан. Өөрөөр хэлбэл, гадаад ертөнцөөс хараат бус болох бүх арга хэмжээг авч байна гэдэг дайнд тодорхой хэмжээгээр бэлдэж байсан гэж ойлгож болохоор юм.

-Европын холбоо эдийн засгийн бүх чиглэлээр нь бойкотолсоор байна?

-Европын холбоо ч тэр, барууны улсуудаас Оросын эсрэг авах хамгийн дээд арга хэмжээ нь олон улсын төлбөрт системээс хасна гэдэг мэдэгдлийг хийж байсан ч түүнд Орос цочрол авахгүй байна. Бид нар өөрсдөө болгочихно гэсэн маягтай байдлаар хандаж байгаа нь үүнд нэлээд бэлдэж байсан нь харагдаж байна.

Тиймээс явцдаа гэхээс биш одоохондоо Орос эдийн засгийн хувьд хямарсан, цочроо авсан зүйл байхгүй. Яахав, нэг ам.доллар 80 орчим рубльтэй тэнцэж байсан бол 120 болтлоо өсөөд одоо 90-100 орчимд тогтож байна. Үүний ард Төв банкнаас авч байгаа арга хэмжээ нэлээд байна. Тэд бодлогын хүүгээ огцом өсгөсөн. Энэ нь ханшийн савлагаа болон дотоод инфляцийн асуудлаа барихад нэлээд шаардлагатай болсон байх. Тэд валютаа нэлээд нөөцөлсөн. Алтны хэмжээгээр дэлхийд тавд орох хэмжээний нөөцтэй улс. Нийт валютын сан хөмрөг нь 600 орчим тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээтэй. Тэндээ долларын эзлэх хувийг нэлээд шийдвэртэй багасгаж ирсэн. Өмнө нь талаас дээш хувь нь долларын хадгаламж байсан бол сүүлийн жилүүдэд 17 хувь болгож бууруулсан байгаа.

Дайн эхлүүлнэ гэдэг дэлхийн эдийн засаг гэх мэт зүйлээсээ аль болох хамааралгүй байх, тэр бүх нөхцөлийг бүрдүүлсний дараа эхлүүлж таарна. Эс тэгвэл бэлтгэлгүй орвол дайны их зардлаас үүдэж, дотоодын инфляци хэт өсч ард иргэдэд эмх замбараагүй байдал үүсээд эхэлбэл сүүлдээ дэглэм нураах хэмжээнд очно.

-Эмх замбараагүй байдал гэснээс дайныг эсэргүүцсэн жагсаал бүхий л улс оронд болж байна. Орост ч тэр. Тэдгээр жагсаал, эсэргүүцэл дайнд хэрхэн нөлөөлөх вэ?

-Одоо бол мэдээллийн дайн явж байна. Оросын тал, барууны тал аль алиных нь гаргаад байгаа мэдээлэлд итгэх арга үнэндээ байхгүй. Болж байгаа нөхцөл байдлаас үүдэж дүгнэлт хийх шаардлагатай болж байна.

Тэр байтугай нэг хотыг эзэлж авлаа гэнэ, нөгөө хотыг нь эзэлж аваагүй гэж байна. Мэдээллийн дайн өмнөх үеэсээ бодвол асар хурдтай өрнөж байна. Хуучин бол бид за яахав видео бичлэгийг нь харж байж мэдье гэдэг байсан бол одоо тэр бичлэг нь хуурамч байх хэмжээнд оччихож.

Үзэл бодлоо илэрхийлж хүмүүс жагсах бол одооны ертөнцөд байдаг л асуудал. Петербургт ч, Москвад ч жагсаж байна. Тэр бол шийдвэрлэх том зүйл биш.

-Дайны шалтгааныг олон улс янз бүрээр тайлбарлаж байна. Монголчууд бидний ярьж, ойлгож байгаа нь ч өөр өөр байна. Энэ цаашлаад Монгол Улс ямар байр суурьтай оролцох тухай асуудал руу ч хэлбийж байх шиг?

-Үүнийг геополитик талаас тайлбарлахгүй бол болохгүй. Оросууд Украиныг жийргэвч бүс маягаар тогтоож барих бодлого барьж байгаа. Нөгөө талаараа слав үндэстэн энэ улсыг Европын холбоонд элсүүлэхгүй байх, НАТО-д элсүүлэхгүй байх гэсэн сонирхол маш их байгаа. Энэ тал дээр Оросын хил орчмоор аюулгүй байдлын баталгаа өг гэж хүртэл мэдэгдэж байсан шүү дээ.

Нөгөө талаас НАТО зүүн зүг рүү тэлээд явж байгаа. Үүн дээр ОХУ “Улаан шугамыг давж болохгүй” гэж анхааруулж байсан. Украины хувьд НАТО-гийн зүгээс тайлбарлахдаа элсэхийг хүссэн улсыг бид хүлээж авна гэж ярьсан. Ингэснээр Орос бол “Улаан шугамыг давлаа. Бид зүгээр хараад суухгүй” гэдгээр дайрч байна гэж байгаа. Гэхдээ үндсэн шалтгаан нь Донбассын цөөнх оросуудыг хүчирхийлж, алан хядаж байсан, орос хэлээр ярихыг хорьж байсан. Бүр орос хэл дээр хэвлэл ном уншихыг хорих зэргээр үндэсний цөөнхөө хавчиж гадуурхаж байсан гэдэг үндэслэл гол шалтгаан байсан.

-Европын холбоо Украиныг элслүүлэхээр болж байх шиг байна. Хүсэлтийг нь хүлээн авлаа гэж хоёр, гуравхан хоногийн өмнө мэдэгдлээ?

-Европын холбоонд элсэх эсэхийг хэлэлцэж байгаа. Нэлээн үйл явц үргэлжилнэ. Ялангуяа сөргөлдөөн мөргөлдөөнтэй байгаа энэ үед Украин Европын холбооны гишүүн болчихвол нийт Европын аюулгүй байдал, тогтвортой байдалд аюул учруулах юм уу, сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай учраас ийм амархан шийдчихгүй.

Европын холбоо Украиныг гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээж авлаа гэж мэдэгдэж байна. Нөгөө талаар хүсэлтийг нь хүлээж авч байна гэдэг Украиныг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж байгаа хэрэг.

-ОХУ-д хэрхэн нөлөөлөх вэ, энэ үйлдэл?

-Украин бууж өгөхгүй байх хандлагатай болчихлоо. Баруунаас нэлээд тусламж авч эхэлсэн. Тийм учраас бууж өгөх нь юу л бол. Тэгэхээр Оросын талаас бүрэн эзлэхээс өөр зам байхгүй болж байна. Гэхдээ бас Орос ацан шалаанд орчихлоо. Учир нь тэд анх Украинд шууд орчихно гэж бодсон. Жишээ нь, орохдоо энгийн иргэдийг яах ч үгүй, зэвсгээ хураалгаад буугаад өгчих юм бол гэр рүүгээ харьж болно гэсэн. Украинчууд түүнийх нь дагуу явчих юм шиг бодсон. Харамсалтай нь Украины энгийн иргэд эсэргүүцэл үзүүлж, дайнд яваад орчихоод байхаар яалтай билээ гээд хүнд байдалд орчихоод байна. Дайн хурдан явахгүй бол наанаж зэвсэг техникийн түлш, цэргийн хоол хүнснээс эхлээд маш өндөр зардал гарч байгаа.

Тэгэхээр Орост асар их хүнд тусч байгаа. Тийм учраас Орос ч гэсэн дайныг зогсоохыг эрмэлзэж, яриа хэлэлцээрийн ширээнд сууя гэж бараг өөрсдөө хэлж байна.

-Яриа хэлэлцээр хэр урагштай байна вэ. Тодорхой шийдэл гарахгүй байна уу даа?

-Яриа хэлэлцээ явцгүй байна. Учир нь Украин Оросын цэргийг зогсоож чадаад байгаа юм чинь эцсээ хүртэл тулалдана гэсэн зориг орчихоод байна. Учир нь баруунаас эдийн засгийн болон зэр зэвсгийн нэлээд дэмжлэг авч байна. Улс тус бүрээс 100-500 сая орчим ам.долларын санхүүгийн дэмжлэг авч эхэлсэн. Англи, Америк, Германаас өөрийгөө хамгаалах зэвсэг авч байна. Танк эсэргүүцэгч, онгоц эсэргүүцэгч гэх зэрэг зэвсгүүд авчихлаа. Дээрээс сөнөөгч онгоц авахаар болж байна. Үүний хажуугаар нь гадны хөлсний цэргүүдийг оруулж ирж байна. Тэгэхээр хүч арай өөр тийш хэлбийх хандлагатай болоод эхэлсэн. Хүчний тооцоог хийхдээ оросууд Украиныг “Яахав дээ” гэсэн бодолтой дутуу тооцсон байж болох ч одоо бол хүч нь тэнцэх хэмжээнд очсон байж болохыг үгүйсгэхгүй. Ингэхээр дайн сунжирна гэсэн үг. Сунжирвал Орост ашиггүй.

-Украинчуудын хувьд ашигтай болж эхэлсэн гэсэн үг үү?

-Украинчуудад алдах юм байхгүй. Хотоо нураалгаж байгаа улс эцсээ хүртэл үзнэ гэж байгаа. Оросуудын тайлбарлаж байгаагаар нацистууд террористууд энгийн ард иргэдийг барьцаалж, бамбай хийж байгаа учраас хот руу орж чадахгүй байна гэж байгаа. Нөгөө талд Украины иргэд өөрсдөө эх орноо хамгаалах гэж ингэж байна гэж байгаа. Аль нь үнэн, аль нь худал болохыг одоохондоо хэлэх арга алга. Ямартаа ч Оросын давшилт тооцоолсноос их эсэргүүцэлтэй тулгарч, нэлээд удааширч байна. Энэ нь цаашид Оросын эдийн засагт хүнд тусч эхэлнэ.

-Путины сүүлийн мэдэгдэл болох цэргийн хүчээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ гэсэн нь цөмийн зэвсэг хэрэглэх нь гэх дуулиан олон улсад дэгдэж эхэлсэн. Хэр бодитой мэдээлэл вэ?

-Цөмийн зэвсгийн асуудлыг ярихад тогтоон барих гэж хүч гэж байгаа. Орос энэ хүчээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. Үүн дотор цөмийн зэвсэг ордог. Түүнээс цөмийн зэвсгийг тэгнэ, ингэнэ гэж Путин яриагүй.

Оросын Батлан хамгаалах баримт бичигт тогтоон барих хүч гэдэг Оросын үндэсний оршин тогтнох аюулгүй байдалд аюул учруулах тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэх эрхтэй гэсэн заалт байдаг. Тогтоон барих хүчээ өнлдөржүүлсэн бэлэн байдалд оруулж байна гэхээр байдаг бүх зүйлээ, тив алгасч урт удаан хугацаанд явж цөмийн бөмбөг хаях боломжтой бөмбөгдөгч онгоц, дэлхийн далайд байгаа удаан хугацаанд явдаг, бас л цөмийн зэвсэг харвах чадамжтай шумбагчууд. Мөн аливаа дайралтаас хамгаалах алсын тусгалтай пуужингуудаа өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж байна.

Тэр нь нөхцөл байдлаасаа хамаараад энгийн зэвсэглэлтэй ч байж болно, цөмийн зэвсэглэлтэй ч байж болно. Олон улсын харилцаанд тогтоон барих хүч гэдэг цөмийн зэвсэгтэй уялдуулж ойлгодог. Тэгэхээр цөмийн зэвсэг байхыг гүйсгэхгүй. Тийм учраас барууны хэвлэлүүд үүнийг цөмийн зэвсэг гэж хамгийн түрүүнд ойлгож ярьж бичиж байна. Нэгэнт дайн болж байгаа учраас хамгийн муу хувилбарыг хэлэлцэнэ шүү дээ.

Үүнээс харахад олон улсын харилцаа гэдэг хүчтэй том гүрнүүд өөрийнхөө бодлогыг тодорхойлж, номлож явдаг. Дэлхийн энх тайван тогтооход том гүрнүүдийн хоорондын хүчний тэнцвэр, түүн дээр тулгуурласан харилцан тохиролцсон гэрээ бичгүүд дээр тулгуурладаг. Хэдийгээр олон улсын гэрээ хэлэлцээр байдаг ч гэсэн Оросууд өөр улсын нутаг дэвсгэр рүү цөмөрч орж чадаж байна. Хятад Тайванийн асуудал бас л төстэй. Гэхдээ Тайвань бол тусгаар тогтносон улс биш. Эрхбиш олон улсын эрх зүйг тэд мэдэж л байгаа. Энэ хүрээнд хоорондын хүчний харьцаан дээр үндэслээд тухайн улсын эдийн засаг болон батлан хамгаалах чадамж хэр байна гэдгээс шалтгаалж аливаа нэг довтлох ажиллагаа хийхэд хэн ч хорихгүй. Түүнийг цагддаг газар гэж байхгүй.

-Тэгвэл энэ дайн дэлхий нийтэд ямар сургамж үлдээх бол?

-Цөмийн зэвсэгтэй холбоотой хэд хэдэн сургамжууд байна. 1945 оны Японы Хирошима, Нагасаки хотуудад АНУ цөмийн бөмбөг хаясан. Дараагийн сургамж бол 1962 оны Карибийн хямрал. 1950 оны Солонгосын хойгийн хямрал ч бас бий. 1969 оны хилийн ойролцоо Даманий арлын хямралууд байгаа. Эдгээр дайн, хямралуудад цөмийн зэвсэг хэрэглэх асуудал хамгийн ойр байсан. Ядонд хэрэглэсэн. Түүнээс хойш хэрэглээгүй. Цөмийн аюулыг дэлхий нийт маш сайн мэддэг болсон. Хүйтэн дайны үед бүх тооцоог нь гаргаж байсан. Ингэснээр цөмийн зэвсгээр байлдаад эхэлбэл ялагч байхгүй гэдгийг аль аль тал нь ойлгож байгаа.

Энэ дайнд цөмийн зэвсэг хэрэглэвэл зөвхөн Орос, Украины хямрал биш болоод явчихна. Жинхэнэ утгаараа дэлхийн гуравдугаар дайн үүснэ. Түүнийг мэдэж байгаа болов уу гэж бодож байна. НАТО-гийн дүрмийн дагуу гэж байгаа боловч цаад утгаараа ч гэсэн Европын орнууд, барууны бүх орнууд одоогийн байдлаар Оростой, цаашдаа Хятадтай ч гэсэн шууд тулгахарыг хүсэхгүй байгаа. Хэрэв шууд тулах юм бол дайн болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *