МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуулийн багш С.Баясгалантай ярилцлаа.
-Их Британи Европын холбооноос гарсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа. Энэ нь манай улсад ямар нэгэн байдлаар нөлөөлөх үү?
-Дэлхий нийтээрээ даяаршиж байгаа энэ үед худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагүйгээр улс орнууд хөгжиж дэвшихгүй. Тиймээс улс орнууд хоорондоо чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад анхаарлаа хандуулдаг. Манай улсын хувьд ч саяхан Японтой бараа бүтээгдэхүүнээ гаалийн татваргүйгээр нэвтрүүлэх хэлэлцээр байгуулсан шүү дээ. Энэ эрх ашиг бүх улс оронд адилхан хамаарна. Их Британи Европын холбооноос гарсан асуудал манайд шууд утгаараа бол нөлөөлөхгүй. Шууд бус утгаараа ч нөлөөлнө гэхэд бас хэцүү. Шууд бус утгаараа яаж нөлөөлөх вэ гэхээр Хятадын эдийн засагт нөлөөлөх гээд байгаа юм. Европын холбоо бол Америкийн дараа орох гол Хятадын барааг худалдан авагч нь.
-Хятадын эдийн засагт хэрхэн муугаар нөлөөлөхийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?
-Хятадууд Номхон далайгаар бараагаа тээвэрлэхэд илүү ойр байдаг учраас голчлон Америктай худалдаа хийдэг. Америк бол 300 сая хүн амтай зах зээл. Харин Европ 500 сая хүн амтай зах зээл юм. Тиймээс ч Европтой нэлээд том худалдааны түнш. Хятадын бүх бүтээгдэхүүн үйлчилгээ гадагшаа чиглэсэн байдаг шүү дээ. Тиймээс Европын холбоо Англиас эхлээд задрах тийшээ хандаад сулраад ирвэл Хятадын зах зээлд нөлөө үзүүлнэ.
Өнөөдөр Хятад нэг тэрбум 400 сая хүнтэй том зах зээлийг ажлын байраар хангаж байна. Энэ том үйлдвэрлэлийн эрэлтийг нь Америк, Европ хоёр хангадаг учраас тэрний гол нэг нь буюу Европын зах зээл хэрвээ сулраад ирэх юм бол Хятадад ашиггүй шүү дээ.
-Хятадын эдийн засаг хүндэрвэл манайд нөлөөлөх үү?
-Тийм. Хятадад байдал хүндэрвэл манайд шууд нөлөөлнө.
-Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх үү. Яг яаж хүндрэх вэ?
-Шууд барааны үнэ нэмэгдэнэ гэж болохгүй. Бидний гол экспортын бүтээгдэхүүн бол уул уурхайн олборлолтоос гарсан ашигт малтмал байдаг. Нөгөө уул уурхайн бүтээгдэхүүн буюу түүхий эдийг авдаг гол зах зээл чинь Хятад шүү дээ. Америк, Австрали гээд аль ч улсын компаниуд манайд хөрөнгө оруулалт хийсэн бүтээгдэхүүн нь Хятадын зах зээлд гардаг. Нэг үгээр Монголоос гарсан бүтээгдэхүүнийг Хятадад худалдаад дундаас нь ашиг унагадаг гэсэн үг. Ингэхээр шууд нөлөөтэй болж байгаа юм. Хятадын үйлдвэрлэл буурах юм бол манайд хөрөнгө оруулалт төдий хэмжээгээр буурна. Энэ чинь эргээд манай эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Манайхаас уул уурхайн түүхий эд авдаг гол худалдан авагч нь Хятад. Хятадын бараа бүтээгдэхүүний гол худалдан авагч нь Европ. Ингээд бие биетэйгээ хамааралтай байдаг болохоор нөлөөлж таарна.
-Ер нь Их Британи яагаад Европын холбооноос гарах дээрээ тулчихав аа?
-Нэгдүгээрт, дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нь байхгүй болгож байгаа юм. Гадаадын импортын бүтээгдэхүүн Английнхаас илүү өрсөлдөх чадвартай, хямд байна гэсэн үг. Английн үндсэн төсвийг нь бүрдүүлдэг том үйлдвэр буюу их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг зүйлс нь ихэвчлэн хот суурин газартаа байгаа шүү дээ. Харин хөдөө орон нутагт нь загас агнуур, мал аж ахуй ч байдаг юм уу, жижиг дунд үйлдвэрийн хүмүүс нь өрсөлдөх чадваргүй болж байгаа. Хоёрдугаарт, англичуудын ажлын байрыг гадны цагаачид, дүрвэгсэд аваад байна гэсэн зүйл бий. Дүрвэгсэдтэй хамт өөр шашин, зан үйл, үүнийгээ дагаад гэмт хэрэг тайван байсан Англид их гарч байна. Хаана л бол англи хүн англиараа байхаа болиод бүх газар л дүрвэгсэд ороод ирж байгаа юм.
Тиймээс ихэвчлэн уламжлалт чиг хандлагыг барьсан хэсэг нь Европын холбооноос гарахгүй бол болохгүй юм байна. Өөрийн гэсэн толгой ер нь байна уу гэсэн асуудал тавьж эхэлсэн. Ингээд дээрх хоёр үндсэн хүчин зүйлээс болоод мужийн британичууд санал өгснөөс болоод Англи Европын холбооноос гарлаа.
-Мужийн британичууд гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Монголчуудтай адилхан хөдөө, хотын ялгаа Англид ч адилхан үйлчилж байгаа хэрэг. Хотынхон илүү интеграци тал руугаа, хөдөөнийхөн илүү уламжлалт, “бид англичууд” гэдэг байдлаар хандаж байгаа юм. Даяаршил хэт явахаараа аливаа үндэстэнг уусгаж авдаг. Бие биедээ их хамааралтай болчихдог гэсэн үг. Даяаршлын сөрөг талаас шалтгаалаад жишээ нь Америкт Трамп гарч ирээд байгаа шүү дээ. Сая Испанид баруун төвийн намууд нь илүү давамгай боллоо. Энэ юуг харуулж байна вэ гэхээр даяаршил нь нэг дэлхийн иргэн гэдэг утгаар үндэс угсааг үгүй болгодог. Хоорондоо эдийн засгийн хувьд хамааралтай бие биедээ аялж жуулчлах гээд нээлттэй байдал нь ихэснэ. Манай улстөрчид ч ярихдаа дандаа монгол гээд яриад байгаа биз дээ. Британичууд бас британи гэж хэн юм бэ. Британи улс гэж юу юм бэ гээд эхэлж байна. Энэ бас даяаршлын нэг сорилт болоод байгаа юм. Нэг талаас даяаршигдах гэж байгаа хүмүүс нөгөө талаас уламжлалаа хадгалж үлдэх сонирхолтой хүмүүсийн зөрчил явж байна л даа. Английн дараа мөн адилхан санал хураалтыг хийх сонирхолтой улсууд гарч ирсэн. Жишээ нь Унгар улс байна. Унгар улсад бид худалдаа, эдийн засгийн талаар хамтран ажиллах чөлөөт бүсэд орох гэж бодсоноос биш бүх зүйлээ заалгах гэж ороогүй шүү гэх маягаар яриа гарч эхэллээ.
-Манай улсад өөрийн гэсэн толгой байна уу гэсэн асуулт тавьж эхэллээ гэж байна. Юунаас шалтгаалсан хэрэг вэ?
-Англи Европын холбооноос гарч байгаа нь даяаршилд өгч байгаа дохио гэж дээр хэлсэн. Улс орнууд даяаршилд, интеграцид орж болно. Гэхдээ бодолтой орох ёстой. Өөрийн толгойтой орох ёстой гэсэн үг. “Бид тусдаа улс биш юм уу. Бид Брюссельд байдаг Европын парламентаар бүх юмаа шийдүүлдэг болж байна уу” гэсэн том асуулт гарч байгаа юм. Ер нь бол одоо огцрохоо мэдэгдээд байгаа Английн Ерөнхий сайд Дэвид Камерон сонгуулийн үеэр санал хураалгана гэж иргэдийнхээ саналыг авч байсан. Тэгэхдээ Европын холбооноос гарна гэдгээр биш харин шахалт үзүүлнэ гэж байлаа. Учир нь Европын холбооны 28 улсын бүх шийдвэр гаргах эрх мэдэл Европын парламентад оччихоод байсан. Тэнд гарсан шийдвэрийн дагуу гишүүн орнууд ажилладаг. Өөрсдийн толгой байхгүй. Ялангуяа дүрвэгсдийн асуудал дээр Европын парламент хэдэн хүн амтайгаас нь шалтгаалаад дүрвэгсдийг оруулах квот тогтоосон. Ингэхээр нөгөө улс нь “Бид тусгаар, өөрсдийн гэсэн удирдлагатай юм байгаа биз дээ” гэж хариу үзүүлж эхэлж байна. Бас Грект болсон эдийн засгийн хямрал ч нөлөөллөө. Грек их хэмжээний өрөнд орчихсон байсан шүү дээ. Тиймээс Дэвид Камерон фунт стерлингийг евротой ижил түвшинд авч үзнэ. Хоёрдугаарт, дүрвэгсдийн асуудал дээр бид тэднийг хэзээ, яаж оруулах, ямар тэтгэлэг халамж үзүүлэх вэ гэдгийг өөрсдөө шийднэ гэсэн байр суурь илэрхийлж санал хураалт явуулна гэсэн шахалт үзүүлсэн. Тэгээд санал хураах болсон чинь иргэдийнх нь 52 хувь гаръя гэсэн.
-Английн Ерөнхий сайд өөрөө болохоор гарахгүй байхыг дэмжээрэй гэсэн юм байна лээ шүү дээ?
-Гарахгүй байхыг дэмжээрэй гэдгийг өөрөө уриалаад явж байсан. Яагаад гэвэл энэ чинь Английн эдийн засагт хохиролтой л доо.
-Европын холбооноос гарах нь ямар хохиролтой вэ?
-Бүх улс орон ижилхэн. Наад зах нь гадны хөрөнгө оруулалт орохгүй бол хэцүү байдалд ордог. Хөрөнгө оруулалт буураад ирэхээр төгрөгийн ханш унаад янз бүрийн юм болж байгаа биз. Бид одоо түүнийг мэдэрч л байгаа шүү дээ. Тийм учраас аль ч улс гадны хөрөнгө оруулалтыг татахыг зорьж явдаг. Аялал жуулчлалаар ч бид гадны хөрөнгө оруулалт оруулах гээд үзээд байгаа. Яг түүнтэй адилхан Английн хувьд холбооноос гарахаар худалдааны хувьд гаалиар оруулах болон гаргах аль аль нь үнэтэй тусна. Мөн Англид хөрөнгө оруулалт татдаг хэдэн салбар байгаа юм. Хамгийн том нь гэвэл Лондон хотын хөрөнгийн бирж байна.
Түүнчлэн хүнд машин механизм болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл бий. Дэлхийд танигдсан брэнд их сургуулиуд байгаа. Тэндээ гадны оюутнуудыг татаж боловсрол олгох замаар хөрөнгө хуримтлуулдаг. Хэрвээ Европын холбооноос гарчихвал Английн энэ бүх хөрөнгө оруулалт багасна. Тийм учраас Ерөнхий сайд Дэвид Камерон Европын холбооноос гарвал бидний сан хөмрөг 20-иод хувиар буурна шүү дээ гэж байсан.
Ж.БАЯРСАЙХАН