Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​С.Батдөлийн хүүхдүүд цахим гадуурхалд өртөж эрх нь зөрчигдөж байгаа юу? DNN.mn

Гэрээс нь их хэмжээний мөнгө олдсон УБТЗ-ын албаны орлогч дарга С.Батдөлийг цагдан хорих шийдвэрийг шүүхээс танилцуулах үеэр түүний хэлсэн үг анхаарал татахаар байгаа билээ. Тэрээр “13 настай охиныг минь миний хэргээс болж анги хамт олон нь гадуурхаж, бүхий л зүйлээс нь хасч байна. Цахимаар өрнөж байгаа асуудлыг охин маань уншаад нүдээ бүлцийтэл уйлж байна. Шилжилтийн насны охиныхоо сэтгэл зүйд маш их санаа зовж байна” гэсэн агуулгыг ярьсан юм. Хүүхдийн эрх, цахим гадуурхлын талаар Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын Хүүхдийн хэлтсийн дарга Г.Мөнхнасантай ярилцлаа.


-Гэрээс нь их хэмжээний мөнгө олдсон УБТЗ-ын албан тушаалтны хэргийн талаар та дуулсан байх. Тэрээр өөрийнх нь хэрэгтэй холбогдуулж өсвөр насны хүүхэд нь цахим гадуурхалд өртсөн тухай шүүх хурлын үеэр онцолж байсан. Түүний холбогдсон хэрэг тусдаа асуудал. Гол нь хүүхэд эцэг эх нь хэн байхаас хамаарч ялгаварлан гадуурхалд өртөж болох уу?

-Сошиал мэдээллийн сувгууд үүсч хөгжсөнөөр үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчны гадуурхалттай холбоотой

гэмт хэрэг маш их гарч байгаа.

Үүнээс болж амиа хорлох хүртэл хэмжээнд хүрдэг асуудал бий болсон. Энэ агуулгын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулиас эхэлж ярих хэрэгтэй. Энэ хуульд аливаа хүнийг шашин шүтлэг, үзэл бодол, гарал үүслээс үл хамаарч эрх тэгш хандах ёстой гэдэг. Эцэг эх нь, эсвэл эхнэр нөхөр нь аливаа хэрэгт холбогдлоо гэхэд үр хүүхдэд нь, эхнэр нөхөрт нь, аав ээжид нь хэргийг нялзааж, шууд яллах нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хориотой.

-Энэ тохиолдол хүүхдийн эрхийн зөрчил мөн үү. Та бүхэн хүүхэдтэй тулж ажилладаг хүмүүс. Ийм кейс хэр их гардаг вэ?

-Энэ тохиолдол нь тухайн хүн шүүх хурлын үеэр дурдсанаас биш албан ёсоор манайд өргөдөл гомдол гаргаагүй байгаа. Олон нийтийн сүлжээнд гарсан мэдээллийг бид хараад “Ийм асуудал байна шүү. Мэдээж энэ бол хүүхдийн эрхийн ноцтой зөрчил.

Сүүлийн үед гэр бүлийн салалт юм уу, өөр бусад шалтгаанаар томчууд хүүхдээ ашиглаж ярих, эд хэрэгсэл болгодог буруу хандлагууд ихээр гарах болсон. Бид ч тодорхой кейсүүд дээр ажилласаар ирсэн. Гэхдээ хувь хүний нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй ярьж болохгүй байна.

-Цахим гадуурхалд өртсөн хүүхдэд ямар нөлөөлөл үүсдэг юм бэ?

-Цахим орчныг хүүхдүүд өөрийн амьдралын аль түвшинд хүлээж авч байгааг үнэлж дүгнэх шаардлагатай болсон. Жишээ нь, тухайн нэг хүүхэд сонирхлынхоо дагуу группэд нэгддэг. Түүндээ маш их анхаарал төвлөрүүлж, нэг ёсондоо донтдог. Гэтэл тэр группээс нь хэн нэгэн хасчихад л хүүхэд өөрийгөө маш том гадуурхалд өртлөө гэж хүлээж авдаг. Сэтгэл зүйн хувьд маш ноцтой үр дагавар үүснэ.

Насанд хүрэгчид бол өөр шүү дээ. Харин хүүхдийн сэтгэхүй маш эмзэгээр хүлээж авдаг. Таны хэлсэн кейсээр бол хүүхдийн сургууль, анги хамт олны группээс гаргачихсан байна гэдэг маш ноцтой.

-Тийм хүүхдийг яаж мэдэх вэ. Томчууд тэр бүр хүүхдээ анзаардаггүй шүү дээ. Ямар зан авир түлхүү гаргадаг юм бол?

-Янз бүр. Дуугаа хураана. Тийм үед нь ээж аавууд нь мэдэхгүй “Чи яагаад дуугүй болчихов” гээд л уурлаад, өөр зүйлээс шалтгаан хайгаад байдаг. Эсвэл хүүхэд маш догшин ааш авиртай ч болдог.

-Нийгмийн сүлжээнд хүнийг гэр бүлээр нь ялладаг хандлагыг яаж өөрчлөх ёстой вэ?

-Сошиал сүлжээнд нийтлэг нэг асуудал гарч байгаа. Гэм буруу нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хүнийг шууд ялладаг, гэмт хэрэгтэнээр дууддаг. Хоёр дахь нь томчууд хоорондын маргаан тэмцлээ шууд лайваар үзүүлдэг. Бие биен рүүгээ болох болохгүй үг хэлнэ, тэр битгий хэл барилцаж авдаг. Энэ нь тэднийг харж байгаа хүүхдүүдэд маш сөрөг үр дагавар үзүүлж байдаг. Бид сургуулийн орчинд чадлаараа ажиллаж байгаа. Гэтэл нөгөө талд томчуудын хандлагыг өөрчлөх асуудал ч чухал байна. Тухайлбал, олон нийтийн сүлжээтэй яаж харилцах вэ, яаж эерэг мэдээлэл түгээх вэ гэх мэт соён гэгээрүүлэх ажил чухал байгаа юм.

-Хүүхдийг цахим гадуурхалтаас сэргийлэх талаар та бүхэн ямар ажил хийж байна?

-Хүүхэдтэй холбоотой цахим сүлжээнд асуудал үүсэхэд бид тухай бүрт нь баримтжуулж холбогдох аймаг, дүүргийн хүүхдийн улсын байцаагч руу шилжүүлээд хяналт шалгалт хийдэг.

Сүүлийн үед ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газартай манай “108” хүүхдийн дуудлагын утас хамтарч ажиллаж байгаа. Мөн Харилцаа холбоо, технологийн газартай энэ чиглэлээр хамтарч “ekids.mn” тусгай мэдээллийн сайт нээгдсэн. Өнөөдрийн байдлаар 200 орчим төрлийн контент мэдээлэл нийлүүлсэн байгаа. Өнгөрсөн 2022 онд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 330 гаруй нийгмийн ажилтнуудад Харилцаа холбоо технологийн газартай хамтраад онлайнаар яг энэ цахим гадуурхалттай холбоотой сургалтыг хийсэн. Нийгмийн ажилтнуудыг энэ чиглэлээр чадавхжуулах шаардлагатай. Энэ жилийн хувьд ч энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана гэв.

Хуульч, өмгөөлөгч Б.Буянжаргал: Цахим гадуурхагчдад хариуцлага тооцоххууль эрхзүйнорчинхэрэгтэй

Тэгвэл хүүхдийн цахим гадуурхалтаас сэргийлэх хууль эрх зүйн орчны талаар хуульч, өмгөөлөгч Б.Буянжаргалаас тодруулсан юм. Тэрээр “Сүүлийн үед ганц энэ тохиолдол биш хүүхэдтэй холбоотой цахим гадуурхалтын маш олон кейсүүд бий болсоор байгаа. Жишээ нь, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын хүүхэдтэйгээ харьцаж байгаа бичлэг ил болсон. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй маш онцлогтой. Цочромтгой, хэн намайг юу гээд хэлчихэв гэж нухацтай авч үздэг, түүнээс улбаалаад би муу хүн юм байна гэж өөртөө итгүүлдэг. Сэтгэл зүйгээ удирдах учраа олоогүй үе байдаг. Үүн дээр хоёр гаргалгаа байх ёстой. Нэгд, эцэг эхийн хүүхдүүдийнхээ цахим орчны хэрэглээг хянах. Энэ байдал маш их алдагдсан. Хэрэв хянаж чадвал хүүхдийг цахим гадуурхалтаас сэргийлэх боломжтой. Нөгөө талд нийгэм хөгжихийн хэрээр цахим хэрэглээ нэмэгдэж байна. Гэтэл манайд үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин байхгүй. Цахим гадуурхалтаас үүдэж хүүхдэд гэм хор учирсан тохиолдолд хариуцлага тооцох боломжгүй. Тиймдээ ч цагдаад хандсан хэргүүд хаагддаг. Хүүхэд битгий хэл томчууд ч цахим гадуурхалд өртөж сэтгэл зүйн хохирол амсдаг. Үүнийг шийдвэрлэх арга бол хууль эрх зүйн орчныг бий болгох ёстой” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *