Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр зарим дүүргийн цэцэрлэг, сургуулийн барилга угсралтын үйл явцтай танилцлаа. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн XVI хороо буюу Хайлаастын эцэст байрлах цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор барилга, Баянзүрх дүүргийн XIII хороонд байрлах 14 дүгээр сургуулийн барилга, Сүхбаатар дүүргийн IV хороонд байрлах нэгдүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, Баянгол дүүргийн XVIII хороонд байрлах 11 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцсан аж.
Чингэлтэй дүүргийн XVI хороонд байрлах 204 дүгээр цэцэрлэг , 139 дүгээр сургуулийн цогцолбор барилгыг “Нью констракшн” ХХК нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьсан бөгөөд ажлын явц 90 хувьтай байгаа аж. Тус цогцолборын цэцэрлэг нь 120, сургууль нь 160 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Одоогийн байдлаар сантехникийн ажлын тендерт маргаан гарч, хоёр удаа цуцлагдсан учраас барилгын ажил удааширч байгаа гэдгийг гүйцэтгэгч компанийнхан хэлжээ. Үндсэн барилгын ажил, барилгын хаяавч, үүдний шат, спорт заалны шалнаас бусад ажил бүрэн дууссан бөгөөд гадна тохижилтын ажил түр хүлээгдэж байгаа юм байна.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тендерийн маргаантай асуудлыг яаралтай шийдэж, уг цогцолборын барилгыг есдүгээр сарын 10-ны дотор бүрэн ашиглалтад оруулахыг үүрэг болгов.
Мөн тэрбээр “Засаг даргын орлогч нараар ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар хотод шинээр барьж, өргөтгөл хийж байгаа сургууль, цэцэрлэгүүдээр явж дүгнэлт гаргаж байгаа юм. Энэ онд 30 гаруй сургуулийг багтаан ашиглалтад оруулж, сургуулийн хүчин чадал 3040 суудлаар нэмэгдэнэ. Түүнчлэн есдүгээр сарын 1-нээс 10-ны хооронд хүүхдүүдээ хүлээн авах долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор бэлэн болсон. Гэсэн хэдий ч шилжилт хөдөлгөөнийг зохицуулахгүйгээр хүртээмжийг бүрэн хангана гэдэг боломжгүй. Цэцэрлэгт шинээр бий болж байгаа суудлын тооны 20 хувийг зорилтот бүлэгт, 80 хувьд нь тусгай талон тарааж, сугалаа явуулахаас өөр аргагүй болоод байгаа юм. Мөн хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд эцэг, эхчүүд мөнгө тараадаг гэх гомдол их гардаг учраас Авлигатай тэмцэх газартай хамтран хяналт тавьж ажиллана” гэлээ.