Categories
мэдээ улс-төр цаг-үе

С.Амарсайхан: Зорилтот бүлгийн 30 хувийг дархлаажуулалтад хамруулаад байна

УИХ-ын чуулганд үргэлжилж байна.

Дархлаажуулалтын явцын талаар Шадар сайд УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө.

Шадар сайд С.Амарсайхан “Дэлхий нийтэд 265 вакциныг албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд 13 вакцин хэрэглээнд нэвтэрч, 9 вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрлийг олгосон. Манай улс нийт 2.083.000 хүнийг дархлаажуулахаар болж хоёрдугаар сарын 23-нд дархлаажуулалтыг эхэлж, гуравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 155.746 хүн эхний тун вакцинаа хийлгээд байна. Нийт зорилтот бүлгийн 30 хувийг вакцинд хамрууллаа” гэв.

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өнгөрсөн 11 сард төсөв хэлэлцэж байхад 100 тэрбум төгрөг вакцинд тавьчихаач гэсэн боловч зээл авч байгаад хийнэ гэсэн. Авсан зээл нь хаана яваа юм, зээлийн процесс удаан шүү дээ. Одоо тусламжаар вакцин гуйсан л улс болчихлоо. Тусламжаар ирсэн вакцинаараа пр хийх гэсэн л ажил болж байна даа. Та бүхний хийж байгаа арга хэмжээ бүтэлгүй болоод байна. PCR шинжилгээ чинь вакцинаасаа үнэтэй. Баахан хэрэггүй юм авчихаад хэрэглэж дуусах гээд үзээд байх шиг байна. 5.1 их наяд төгрөгийн тайланг тавь гэсэн одоо хүртэл тавиагүй. Ийм их мөнгийг алга болгочихоод одоо дахиад 10 их наяд төгрөг яриад байж байна. Тэр 10 их наядаасаа вакцинд зарцуул л даа. Мөнгө тавиад хурдан вакцинжуулаач ээ. Хоригоос чинь болоод хүмүүсийн цалин, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нөлөөлөөд байна.

Шадар сайд С.Амарсайхан: Вакцин мөнгөндөө биш. Дэлхий нийтэд вакцины нийлүүлэлт хангалттай биш байна. Бид төлөвлөгөөний дагуу вакцинаа татан авч, харин ч эрт эхлүүллээ. Вакцин худалдан авах 317 тэрбум төгрөг Сангийн яаманд шийдэгдсэн. Бид эхний ээлжийн вакцинаа хүлээсэн бол 3-р сарын 12-нд л дархлаажуулалт эхлэх байсан. Харин тусламжийн вакцин авсан тулдаа дархлаажуулалтыг эхэлсэн. PCR шинжилгээ, нэг хаалга нэг хүн шинжилгээг үр дүнтэй болсон гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Халдварыг яагаад тавиад туучихав аа. Гаргах ёстой мөнгөө гаргаад вакцинжуулалтаа хурдан хийх хэрэгтэй. Халдварыг цаашид хэрхэн хумих вэ. Хаана алдаа гараад байна вэ. Ажлын уялдаа болохгүй байна уу. Бодлого гаргахдаа алдаа гаргаад байна уу.

Шадар сайд С.Амарсайхан “Нөхцөл байдал амаргүй байна. Эрсдэлийг багасгахад хүн бүрийн оролцоо чухал. Халдвар хамгааллын дэглэмийг барьж, дор бүрнээ анхаарах хэрэгтэй байна. Өөрсдөө хичээж, сөрж амьдрах ёстой гэсэн төлөвлөгөөгөөр ажиллаж байна. Бүх нийтээр нь хөл хорих амархан. Одоо эдийн засаг сэргэж байна. Эрсдэл үүсвэл хэсэгчлэн хөл хорио тогтоож явах болно. Иргэдийг чирэгдүүлэхгүй. Гэхдээ шат шатанд үйл ажиллагааны алдаа, нугалаа гарч байна “гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *