Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танхимын сургалтыг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналыг Улсын Онцгой комисс, Засгийн газарт өнгөрсөн нэгдүгээр сард хүргүүлсэн. Харин эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах юм.
Тэгвэл Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр /2021.02.17/ цахим хуудсаараа дамжуулж “Халдварын голомтыг бүрэн хумьж, иргэдээ вакцинжуулалтад хамруулахын тулд төр, засгийн зүгээс хатуу хөл хорио тогтоож, айл өрх бүрээс шинжилгээ авч байна. Энэ бүх бодлого шийдвэрийн үр дүнд дотооддоо цар тахлын халдварыг бууруулж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар төлөвлөж байгаа учраас 3-р сарын 1 нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан” гэдгийг онцлоод “Чин сэтгэл, хичээл зүтгэл байхад ямар ч хэцүү бэрх нөхцөлд эрдэм номыг шамдан суралцаж болдог тухай “Хүжийн гал” өгүүллэгт гардаг.
Харин өдгөө цаг хугацаа орон зайн ялгаанаас үл хамааран цахим хичээлээ ухрааж, нөхөж, давтан үзэх,хүссэн үедээ анги хамт олон, багш нартайгаа цахимаар уулзах боломжтой технологийн дэвшилтэт сайхан цаг үед та бүхэн суралцаж байна.
Хүн өөрөө хичээж цагийг зөв ашиглаж чадвал энэ цаг үе хүн бүрт боломж юм. Олон олон аавууд надтай адил эрсдэл бүхнээс үр хүүхдээ хамгаалж, эрүүл энх байлгахыг юу юунаас эрхэмлэж байгаа гэдэгт итгэж байна. Сайхан цагийг ХАМТДАА авчирч хүүхэд шуугисан их өргөөний хаалгыг нээцгээе” гэжээ.