Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн 1300 орчим удирдах албан тушаалтантай СТӨ-нд уулзалт хийлээ. Энэ үеэр түүнтэй ярилцсан юм.
-2020 онд боловсролын салбарт ямар ажил дээр илүү анхаарч ажиллах вэ?
-Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Бид сургалтын орчинд хүүхдийн хүмүүжил ёс зүйн асуудлыг шинэ түвшинд ярьж, ойлгож асуудалд хандах цаг болжээ. Манай нийгэм томоохон сорилттой тулгарч байна. Бүх түвшинд хүмүүжил, ёс зүй, иргэний хариуцлага гэдэг асуудал тулгарч байна. Иргэний хариулага, төлөвшил, мораль буюу ёс зүйн асуудал сургууль цэцэрлэгээс эхэлнэ. “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” гэдэг. Өдөр бүр хүүхдүүдэд шинжлэх ухаан, математик, онолын хичээл заагаад байдаг. Яг тэр хүүхэд хэн болж төлөвших юм. Нийгэмд ямар хариуцлагатай иргэн болж хүмүүжих юм. Төлөвшилд нь эцэг эх ямар оролцоотой юм. Тэр тусмаа хүүхдийн хүмүүжил төлөвшлийн үндэс суурь болсон багш нар ямар үүрэгтэй юм бэ гэдгийг 2020 оны хотын соёлыг түгээх, иргэний ёс зүйн оролцоог хангах хүрээнд бий болгохоор ажиллаж байгаа.
-Ямар ажлууд зохион байгуулах вэ?
-Мэдлэг чадвар олгохын зэрэгцээ хүүхдийн ааш, зан авир, ёс зүй хамгийн чухал гэж харж байгаа. Хөрөнгө мөнгө, эрх мэдэл гэхээсээ илүү ажлын хариуцлага, хяналт, гүйцэтгэлтэй байдал дутагдаж байна. Мэдээж сургалтын орчинд эцэг, эхийн оролцоо чухал бөгөөд чиглүүлэхэд багш нарын оролцоо хамгийн чухал. Сургалтаас хүмүүжлийн ажлыг салгаж болохгүй. Хотын соёлыг түгээх, зөв хандлагыг хэвшүүлэх үүднээс хичээлийн өмнө, дараа нь 5-10 минутын ёс зүйн талаар хүүхэд, сурагчидтайгаа ярилцахыг уриалж байна. Орон сууцны томоохон төсөл хөтөлбөр дээр цэцэрлэг, сургуулийн багш нарыг хамруулахад анхаарч ажиллана. Тодруулбал, хувь хүн хэн байх ёстой юм, нийгэмд яаж оролцоогоо бий болгох ёстой вэ, өөрөө өөрийгөө яаж хариуцлагатай болгох вэ гэдгийг зааж сургах, энэ талын идэвхийг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллана. Хоёрдугаарт, багш нарын орон сууцны асуудал байна. Нийгмийн асуудал байна. Цалин хэдий энэ жилээс нэмэгдэж байгаа ч гэсэн илүү нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Энэ улс орны хувь заяа болсон хүүхэд багачууд, ирээдүйн энэ улс орны хувь заяаг атгасан иргэд хэн байх вэ гэдэг бол багш нарын яаж ажиллах вэ гэдгээс шалтгаалах учраас тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хотоос хамтарч багш нарт үүсдэг хүндрэл эрхшээлийг даван туулах, багш нарын ар гэрт ямар асуудал байна вэ гэдгийг судалж, ярилцах ажлыг зохион байгуулж ажиллана. Тэр хэрээрээ сургалтын орчин сайжирч, сургуулиас гарч байгаа боловсролын бүтээгдэхүүн буюу хүүхдүүд өөрсдөө жинхэнэ орчин цагийн төлөвшсөн, иргэншсэн, нийгмийн хариуцлагатай хүн болж төлөвших боломжийг хамтдаа бүрдүүлье гэж ярьж байгаа.
Энэ жилийг хот стандартын жил болгож байгаа. Стандарт гэдэг анги танхимд хэдэн хүүхэд байх юм, сургалтын орчин, багшийн ур чадвар ямар байх юм, энэ хүрээндээ хөрөнгө оруулалтаа яаж зөв хуваарилах юм гээд энэ удирдах ажилтнуудынхаа саналыг сонсч асуудлаа шийдвэрлэхээр ажиллана.
-Гурван ээлжээр хичээллэхээ больсон нь сайн хэрэг. Гэхдээ хамгийн аюулгүй байх ёстой сургуулийнхаа орчинд хүүхдүүд амь насаа алдах тохиолдлууд гарах болсон. Энэ асуудалд анхаарч байна уу?
-Гурван ээлжээр хичээллэхээ больсон нь сайн. Тэгсэн хэдий ч энэ нь бүх асуудлуудыг шийдлээ гэсэн үг биш. Нэг ангид байх ёстой хэмжээнээс давсан их хүүхдүүд сурч байна. 2019 онд 76 цэцэрлэг, 45 сургуулийн ажил өрнөж, эхнээсээ ашиглалтад орсон. Жил ирэх тусам хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгт хамрагдах тоо өсч байна. Жишээ нь, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 74.6 хувь нь л сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Цаана нь маш олон хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Тиймээс бүх хүүхдүүд хамрагдах боломжийг нээж өгөхийн тулд бид нар хөрөнгө оруулалтаа илүү бодитой, заавал цаг хугацаа авч, нүсэр байгууламж барихгүйгээр аюулгүй байдал хангасан, бүтээн байгуулалт хийхийн тулд тухайн орчинд нь сургууль, цэцэрлэгийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, тал дээр анхаарч ажиллаж байна.
Энэ жил бага дунд сургуульд элсэх хүүхдийн тоо 22250 шахмаар өсч байна. Энэ хэрээрээ жил бүр л өсөх учраас боловсролын салбарт тогтвортой, байнга хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ёстой. Тэрнээс гадна багш, сурган хүмүүжүүлэгчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах. Мөн багш нар хичээл заахаас гадна том сурган хүмүүжүүлэгч, зөвлөгч байх ёстой. Тэгж байж бидний яриад буй иргэн зөв төлөвшүүлэх гэдэг асуудал яригдана.
-2020 онд нийслэлээс боловсролын салбарт хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?
-Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2020 онд 192 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдсан байна. Өмнө нь боловсролын салбарт 2017 онд 18.4 тэрбум төгрөг, 2018 онд 23.9 тэрбум төгрөг, 2019 онд 51.7 тэрбум төгрөг, 2020 онд 192 тэрбум, төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Ингэснээр нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болж, нийт хүүхдийн 74.6 хувь нь сургууль цэцэрлэгт хамрагдсан. Хүүхдүүдэд мэдлэг чадвар олгохын зэрэгцээ зөв хүмүүжил олгох нь хамгийн чухал. Цаашдаа хөрөнгө мөнгө дутагдалтай байна гэхээсээ илүүтэй ажлын хариуцлага хяналтыг бий болгох шаардлагатай байна. Улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэл хотод 2020 онд нийт 192.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 35 сургуулийн барилга ашиглалтад орох юм байна.
-Нийтийн дүүжин тээврийн асуудал хэр явж байгаа вэ?
-Судалгааны ажил дууссан. Төсөв мөнөний асуудлыг шийдэж, Их хурлаар хэлэлцүүлсний дараа энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ. 2020 онд нийтийн тээвэрт цогцоор нь парк шинэчлэл хийнэ.
-Агаар мэдрэгчийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өгнө гэдэг асуудал яригдаж байсан боловч одоо л утаа мэдрэгчийг тарааж байна. Яагаад удсан юм бэ?
-Аль нэг үйлдвэрээс худалдаж авъя гэхэд бэлэн байдаггүй юм билээ. Хоёроос гурван сарын өмнө захиалгаа өгөх ёстой байдаг. Мөн 200, 300 мянган төгрөгөөр авч байгаа учраас урьдчилсан захиалгаа өгсний дараа үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэж байгаа газрууд нь ачаалал их байдаг учраас хоёр гурван сарын дараа нийлүүлнэ гэдэг асуудлыг тавьсан. Тэрнээс өмнө Улаанбаатар хотод ашиглагдсан мэдрэгчийг Монгол Улсын стандарттай нийцүүлэх ёстой гэдэг асуудал шат шатандаа яригдсан учраас Стандарт хэмжил зүйн газраас стандартыг нь батлуулах, олон улсын стандартыг нь оруулж ирэх, шаардлагатай нөхцөлийг нь уялдуулах ажил хийгдсэн. Хоёрдугаар сарын дунд үе гэхэд иргэдийг утаа мэдрэгчээр хангаж дуусах байх.