Categories
мэдээ спорт

Ронни О’Салливан Снүүкерийн долоон удаагийн дэлхийн аварга DNN.mn

Пуужин хочит Ронни О’Салливан 46 насандаа хүсэн хүлээсэн амжилтдаа хүрч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд долоон удаа түрүүлсэн Хендригийн амжилтыг давтаж чадлаа.

Шинэ цагийн шилдэг снүүкерч Ронни О’Салливан шиг ийм өндөр насандаа дэлхийн аварга болсон тамирчин нэгээхэн ч үгүй агаад анх 2001 онд тэр түрүүлж байсан гээд бодвол бараг хорин жил энэ амжилт руу тэмүүлжээ.

Снүүкерийг урлаг мэт харагдуулж чаддаг, өөрийнхөө салбарт Месси, Федерер нартай эн зэрэгцэхүйц гайхамшгийг үзүүлдэг уг англи эр 12 жилийн хугацаанд таван удаа аваргалж Шотландын шилдэг снүүкерч асан Стивен Хендригийн 1990-1999 оны хооронд аваргалсан долоон удаагийн амжилтыг эвдэх нь гэж ярилцаж байсан ч 2014 онд Марк Селбид финалийн тоглолтдоо хожигдсоноос хойш ДАШТ-ий талбарт одгүй наадах болсон.

“Би энэ зураасыг ер нь давж чадахгүй юм байна гэж бодох болсон шүү. Энэ танхимд олон удаа тоглож байлаа. Өнөөдрийнх шиг баяр баясгалантай байснаа санахгүй байна” гэж тэр өгүүлжээ.

Ронни энэ удаагийн ДАШТ-ий финальд түүний залгамжлагч гэж яригддаг, тоглох наадах хэв загвар нь тун төстэй залуу од Жадд Трамптай үлдсэн билээ. Өнөө цагт тоглож буй шилдэг снүүкерчид дотроос зөвхөн Трамптай л хожил хожигдлын харьцаа нь хасах гэж гардаг гээд бодохоор хэцүүхэн өрсөлдөгч таарч. Тэр хоёр өгөө аваатай тоглосоор 18:13 харьцаагаар Ронни О’Салливан өрсөлдөгчөө буулган авч мөрөөдөлдөө хүрлээ.


ТОВЧХОН

Английн “Ливерпүүл” баг Испанийн “Вильярреал”-ыг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр буулган авч арав дахь удаагаа хөлбөмбөгийн Аваргуудын Лигийн финальд шалгарлаа.

l l l

Испанийн “Реал” Мадрид баг дотоодын тэмцээн дуусахад дөрвөн тойрог дутуу байхад аварга болж байна. Энэ нь тэдний Ла Лигт түрүүлж буй 35 дахь түрүү.

l l l

ОХУ-ын Санкт Петербург хотын “Зенит” баг дөрөв дэх жилдээ дараалан Оросын хөлбөмбөгийн аварга баг боллоо.

l l l

Хойд Америкийн мэргэжлийн хоккейн лиг НХЛ-ийн плей-офф эхэлж 16 шилдэг баг Стенлийн цомын төлөө өрсөлдөж эхэллээ.

l l l

Цагтаа цалгиж явсан теннисчин Борис Беккерт Лондонгийн шүүх 2.5 жилийн ял оноов. Тэр Англид амьдардаг бөгөөд дампуурлын хууль зөрчиж орлогоо нуусан хэргээр дээрх ялыг авчээ.

l l l

“Майами Хит” багийн сагсан бөмбөгч Тайлэр Хирро НБА-гийн 2021/2022 улирлын шилдэг сэлгээний тоглогчийн шагналыг хүртлээ. 22 настай Хирро “Майами Хит” багийн хувьд анх удаа энэхүү шагналыг хүртэж буй тоглогч болж буй юм билээ.

Бэлтгэсэн Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *