Categories
мэдээ цаг-үе

Ронни О’Салливан: Снукер миний хувьд ажил биш. Тултал нь хөгжүүлэх боломжтой аз жаргал юм

Тэр өөрийнхөө спортод Месси, Федерер, Тайгер Вудс нартай зүйрлэхүйц авьяаслаг, мэргэжил нэгт нөхдөөсөө хол тасарчихсан онцгой хүмүүн билээ. Өнгөрөгч долоо хоногийн дундуур өндөрлөсөн Eng­lish Open-д түрүүлж рейтинг өндөртэй тэмцээнүүдээс түүсэн цомынхоо тоог 29-д хүргэн алдарт Стив Дэвисийн амжилтын өмнө бичигдэх болсон Ронни О’Салливаны талаар хэдэн үг тэрлэхгүй бол болохгүй нь.

“Би хийж байгаа ажилдаа дуртай. Яг үнэндээ бол снукер миний хувьд ажил биш юм. Өөрийнхөө чадал чансаандаа тааруулж боломжийнхоо хэмжээнд тултал нь хөгжүүлэх гэж оролдож буй аз жаргал маань юм шүү дээ. Цохиур модоо уутнаас нь сугалаад ногоон ширээ рүү дөхөх үед тэр аз жаргалыг бүрэн утгаар нь мэдэрнэ гээч. Амьдралын маань хувьд тун тэгш сайхан жил байлаа, энэ жил. Тэгсэн мөртлөө тийм ч их олон тэмцээнд түрүүлсэнгүй. Тэгээд юунд нь баярлаад байгаа юм бэ гэж асууж байна уу. Заавал түрүүлнэ, чухам л тэр рекордыг эвдэх юм шүү, тэрийг яаж ийгээд л ялах юм шүү гэсэн бодолтой тоглож байсангүй. Хамгийн чухал нь хайртай дуртай тоглоомоо наадаад явж байх. Миний цохьсон шаар үүрэндээ унахад үзэгчид жинхэнээсээ таашаал авч баярлах. Энэ чинь л шагнал байгаа юм. Би үзэгчдийг алмайруулж гайхшруулж наадах тун дуртай. Снукер гэдэг чинь өөр хүний бодоогүй зүйлийг харуулж гайхуулж болдог, богино хугацаанд шоу үзүүлж болдог спорт. Тиймээс иймэрхүү маягаар бусдыг баясган зугаацуулах бас гоё шүү дээ. Ер нь эргэн тойронд нэг их чухал царайлсан, хөмсөг зангидаж бухимдсан хүмүүс их болчихож. Тэр дундуур нь жаахан ч гэлээ эерэг энерги бэлэглэх юмсан л гэж тоглодог.”

ӨДГӨӨ 41 НАСЫГ ЗООГЛООД БУЙ ДЭЛХИЙН ТАВАН УДААГИЙН АВАРГА

Ронни О’Салливан снукер биллъярдыг ингэж л төсөөлдөг юм байна. Дэлхийн шилдгүүдийг цуглуулж наадсан Английн нээлттэй аварга шалгаруулах тэмцээнд Роннигийн бэлтгэл дэндүү гэж хэлэхэд багадахаар мундаг байна лээ. Ронни О’Салливан Английн шил үйлдвэрлэгчдийн өлгий нутаг Барнсли хотод зохиогдсон English Open-ы финалд Кайрэн Уилсоныг 9:2-оор буулган авахдаа дөрвөн удаа сэнчүри(зуугаас дээш оноог нэг удаагийн босолтоор авах) авсан нь үүнийг батална. Ер нь тэмцээн үргэлжилсэн долоо хоногийн хугацаанд Ронни нийт 12 удаа сэнчүри авсан. Түүний “дайснууд” Ронниг “мөнгөнд дуртай, бусдаас илүү халамжийг холбооны зүгээс хүртдэг” гэж муулдаг юм билээ. Англи залуугийн хувьд World Snooker болон энэ байгууллагын тэргүүн Барри Хирнтэй найз гэхээсээ илүү дайсан гэхэд болно. Учир нь нэг бус удаа Дэлхийн снукерын холбоо шилдэг снукерчдыг шулж хөлжиж байна гэж мэдэгдснээсээ шалтгаалан тодорхой хугацаагаар тэмцээнд оролцох эрхээ хасуулах хэмжээнд хүртлээ шийтгүүлж байлаа. Тусгай халамж гэдэг нь нөгөө л гутлын асуудал. Ронни О’Салливан нэг онцлогтой. Тэр байсхийгээд л хөлөө гэмтээчихдэг их сонин “уламжлалтай” хүн. Сая л гэхэд тэмцээн эхлэхийн өмнө өглөөний дасгал хийж гүйж явах үедээ хазгай гишгэж хөлөө булгалсан. Бас л “өөрийнхөө дайснуудыг” муулж эхлэхээс өмнө булуу болтол хавдсан шагайныхаа зургийг твиттэрт тавьж байгаад эхнийхээ тоглолтод пүүз өмсч оролцоно билээ. Снукер биллъярдын дүрмээр бол тамирчид заавал костюм, ботинктой байх ёстой гэдэг.

“Хэрвээ та дараачийн тоглолтод хар өнгийн гутал өмсч ирэхгүй бол тэмцээнээс түтгэлзүүлэх болно гэдэг мэдэгдлийг тэмцээн зохион байгуулагчид надад өглөө. Тиймээс эсвэл English Open-оос татгалзах, эсвэл том зөөлөн гутал олж өмсөх хэрэг гарч дээ” гэж Ронни твиттэртэй бичиж байсан.Хожим нь харин зөөлөн ултай гутал өмсч байгаад тоглоод түрүүлнэ билээ. Нэг ийм сүүмгэр харцтай, босоо үстэй хөгжөөнтэй залуу снукер билльярдыг чимж явна. Хонконгийн шилдэг снукерчин Марко Фу нэгэнтээ хэлэхдээ “Билльярдын цохиур барьсан бүх цаг үеийн хүмүүс дотроос шилдэг нь Стивэн Хэндри. Ганцхан Ронни л түүнээс илүү.” гэж үнэлсэн байна лээ. Олон удаа түүнд хожигдсоныхоо дараа шүү.

Д.Бат-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *