Categories
мэдээ цаг-үе

Романтизмын шижир алт эрдэнэс

Урт зам дээр чи

Уйтгар гунигаа тайлж хаяад

Гүйн оджээ…

Яагаад ч юм олоон жилийн өмнө энэ мөрүүдийг бичихдээ Мендельсоныг би тийм ч сайн мэддэггүй байв. Их л сайндаа “Зуны шөнийн зүүд” симфони зохиол, төгөлдөр хуурын нэгдүгээр концертыг нь байн байн сонсох төдий. Гэсэн хэрнээ ховсдуулсан юм шиг болчихдог байв. Ховсдуулах минь одоо ч хэвээрээ. Түүний бриллиант шиг гайхалтай хурц тод гармони, хэтэрхий баялаг өгүүлэмжтэй симфони зохиолуудыг яагаад манайхан тайзнаа тавьдаггүйг мэдэхгүй. Амьдралын жинхэнэ үнэр нь үнэртэж, амт нь амтагдаж, өнгө нь харагддаг Мендельсоны хөгжим баяр баясгалангаар багтаж ядам дүүрэн. Гэсэн атал түүгээр байн байн зүрх сэтгэлээ хөглөж явахдаа бичсэн дээрх гунигтай ч юм шиг мөрүүд амьдрал хэмээх урт замд удаан саатаагүй тэр сод хүнд зориулагдсан юм.

Өнгөрсөн намар төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэгийн шавь Оюу гэдэг хөгжимчин анхны бие даасан тоглолтоо Улсын Филармонийн концертын танхимд хийхдээ Мендельсоны Төгөлдөр хуурын нэгдүгээр концертыг тоглосон юм. Тэр тоглогчийг концертын хоёрдугаар хэсгийг эхлэмэгц нулимс өөрийн эрхгүй нүд бүрхээд ирж билээ. Түүнээ хажуугийн хүмүүсээс нуун тоглолт дуустал нүүрээ үсээрээ халхлан нуугдан байж сонссон минь инээдтэй. Сайн ч тоглогч таарсан. Манайд тоглогдоод байдаггүй Мендельсоны зохиолыг хөтөлбөртөө оруулсан анхны тоглогч нь тэр Оюу гэдэг бүсгүй байсан байх аа. Ердөө 38-хан наслахдаа бүхэл бүтэн зууны турш амьдарч туурвисан юм шиг тийм үр өгөөжтэй бүтээлүүдийг хүн төрөхтөнд үлдээсэн энэ хөгжмийн зохиолчийн амьдрал намтраас товчхон боловч хуваалцмаар санагдлаа. Мендельсон 1809 оны хоёрдугаар сарын 3-нд Германы Ханбургт төрсөн. 1847 онд 38 насандаа Лейфцигт насан өөд болсон. Энэхэн богино амьдралдаа тэр барууны ертөнцийн хамгийн хайртай хөгжимчин, романтизмын суутнуудын нэг болсон. Сод авьяаст Феликс хүү 11-14 насандаа хөгжмийн бүхий л төрлөөр бүтээл туурвисан байдаг. Тэр симфониуд болон “Зуны шөнийн зүүд” жүжгийн хөгжим зэрэг эхэн үеийн бүтээлүүдээрээ асар их нэрд гарсан. Түүний хөгжим сонгодог, романтик эрин үеийг холбосон гайхамшигт гүүр болж гарч ирсэн. Өмнөх сонгодог үеийн тогтсон дэг сургуулийг өөрийн зохиолын байгууламж, эгшигжүүлэг, концепциороо шинэчилсэн шинэчлэгч билээ. Концертын шинэ форм зэрэг Мендельсоны шинэчлэгч зохиол бүтээлүүдээс романтик эрин үе өөрийн үнэт зүйлсээ олж авсан байх жишээтэй.

Түүний сонирхлын хүрээ хэтэрхий гэмээр өргөн хүрээг хамарч зураасан зураг, уран зураг, яруу найраг, эртний судлал, шашин судлал, хэл гээд л, тэрбээр маш өндөр боловсролтой нэгэн байв. Бага балчир түүнийг Гёте “шидтэн” хэмээн бичсэн нь бий. 1821 онд танилцаж, дараа нь Мендельсоны төгөлдөр хууртай дөрвөл анх удаа Гётегийн гэрт эгшиглэсэн гэдэг.

Эд хөрөнгө болон оюуны соёлын арвин их өв уламжлалтай Мендельсоны гэр бүл гэртээ хувийн оркестртой, арван нэг, хоёртойгоосоо дан хөгжмийн зохиол бичиж эхэлсэн Феликс хүүгийн гялалзсан авьяас Берлиний элит хүрээнийхнийг нэг дор цуглуулдаг орчин байж. Богинохон насалсан хэрнээ хувийн амьдрал нь ч гайхмаар баялаг. Дүрэлзсэн их хайр дурлалаар Сицили хэмээх бүсгүйтэй ханилан сууж таван хүүхдийн эцэг эх болцгоож. Бүхнээ зориулсан үнэнч сэтгэлээрээ тэрбээр өнөр өтгөн бөгөөд мөн л нэр цуутай гэр бүлийг бий болгожээ. Сицили нь франц сүмийн номлогчийн охин. Харин Мендельсоны эцэг Авраам Мендельсон нь банкны эзэн, өвөө нь эртний алдартай еврей философич Моисей Мендельсон.

12-14 настайдаа 12 симфонио бичжээ.

13 насандаа анхны төгөлдөр хуурын зохиолоо нийтэд сонсгосон. 15 настайдаа бүтэн оркестрт зориулсан анхны симфонио бичжээ. Түүнийг нь 1829 онд Лондонгийн Эзэн хааны филармонид анх тоглосон бөгөөд оркестрыг Феликс өөрөө удирдсан байна. 16 настайдаа чавхдаст хөгжмийн октет зохиолоо бичсэн нь түүний хөгжмийн агуу их авьяас билгийн хүч чадлыг бүрэн харуулсан бүтээл гэж үздэг.

1829-1830 онд тавдугаар симфонио бичсэн бол мөн 1829 онд гуравдугаар симфонио бичиж 1842 онд дахин засан сайжруулсан гэдэг бөгөөд энэ нь Шотланд симфони гэсэн нэрээр алдаршсан. Аялах хөгжим бичихийг нэгтгэж чадсан түүнд Италид хийсэн аялал нь дөрөвдүгээр симфонио бичих онгод хайрлажээ. Итали симфони гэж нэрлэгдэх энэ бүтээлээ 1833 онд мөн өөрөө удирдан тоглуулсан байдаг. 1840 онд хоёрдугаар симфонио Лейфцигт тоглуулсан бол 1843 онд алдарт “Зуны шөнийн зүүд” жүжгийн хөгжмөө бичиж тоглуулав. Арван тавтайдаа анхны дуурь болох “Ах дүү хоёр” нэртэй зингшпийл буюу оперетта бичиж байсан тэрбээр 1825 онд Сервантесийн Дон Кихот романаас сэдэвлэн “Комаччогийн хурим” нэртэй дуурь бичиж 1827 онд Берлинд тавьсан. Тэгээд дахиж дуурь бичээгүй.

Германы хөгжмийн зохиолч Феликс Мендельсоныг сонгодог хөгжмийн романтик эрин үеийн хамгийн алдартай төлөөлөгчийнх нь хувьд мэдэхгүй сонсогч үгүй. “Төгөлдөр хуурын трио”-г нь өнгөрсөн зун манайхан ДБЭТ-т нэг тоглосныг хүмүүс санаж байгаа болов уу. Чухамдаа романтик хөгжмийн хурц тод, баяр баясгалан төрүүлэм өнгө будаг, тийм гэхийн аргагүй сэтгэлийн их тэмүүлэл дүүрэн зохиол. Дөрвөн хэсэгтэй, гучин минутын турш үргэлжилдэг энэ зохиолоо Мендельсон 1839 онд бичсэн бөгөөд романтизмын шижир алт эрдэнэсийн нэг юм. У.Шекспирийн жүжигт зориулан бичсэн “Зуны шөнийн зүүд”-ийг манайхан дэлхий даяар “Хуримын марш” нэрээр алдаршсан хэсгээр нь сайн мэднэ. “Зуны шөнийн зүүд” эгшиглэдэггүй хурим, тийм кино ч гэж үгүй. Амьдралын үнэр нь үнэртэж, амт нь амтагдаж, өнгө нь улам доторч харагддаг Мендельсоны хөгжим баяр баясгалангаар багтаж ядам дүүрэн. Гэсэн атал тэрбээр амьдрал хэмээх урт замд удаан саатаагүй. Тэгээд л тэртээх нэгэн өдөр намтар түүхийг нь огт уншиж үзээгүй байж ийнхүү бичсэн минь:

Урт зам дээр чи

Уйтгар гунигаа тайлж хаяад

Гүйн оджээ.

Урагдаж ноорсон хуучин цамцаа би

Түүгээр сольж өмссөн.

Гүн их гунигаа юүлж

Гүц хумхыг дүүргэжээ, чи

Гоёмсог хумхыг би олсон

Түүнээс ууж даруй хөлчих минь

…Бороо орох нь байна, шүхрээ ав

Босоо захтай хүрмээ ч бас мартав…

Ингэж би чамдаа сануулан хэлээд

Урт зам дээр хөлчин сатаарч

Уяхан хумхын дотор

Гуниг уйтгараа юүлнэм.

Н.Пагма

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *