Categories
мэдээ спорт

“Рио-2016” наадмыг шүүгчид эрхээ хасуулсаар байна

Олон улсын сонирхогчдын боксын холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал энэ сарын 3-5-нд Швейцарьт болсон. Тус хурлаар олимпийн үеэр гарсан алдаа дутагдлыг хянаж, шалгаж дуусах хүртэл 36 шүүгчийн эрхийг тодорхойгүй хугацаагаар хаслаа. Энэ тухай тус холбооны зүгээс өөрчлөлт хийж, тодорхой арга хэмжээ авах цаг болжээ гэсэн юм. Шүүлтийн системдээ өөрчлөлт оруулсан хэдий ч булхайтай шүүлт гарсаар байгаад харамсаж буйгаа тус холбооны ерөнхийлөгч Чин Куо Ву илэрхийллээ. Олон улсын сонирхогчдын боксын холбооноос олимпийн өмнөхөн онооны системдээ өөрчлөлт оруулж, нэг тулааныг дэвжээний шүүгчээс гадна таван шүүгч дэнслэх болсон. Маргаан дагуулж байгаа ч тус онооны системээ хэвээр хадгална гэдгээ мэдэгдсэн юм. Харин шүүгчдийг сонгохдоо урьдын адил аливаа тэмцээний шүүгчийг комиссоос томилохгүй, автоматаар сонгогддог байдлаар өөрчлөх санал яригдаж байна. Олимпийн боксын тэмцээний үеэр булхайтай шүүлтийг эсэргүүцсэн хамгийн тод жишээ нь Ирландын тамирчин Майкл Конлан байсан юм. Тэрээр бухимдлаа дийлэлгүй дэвжээн дээр шүүгчид рүү дунд хуруугаа харуулж, эсэргүүцлээ ил тод илэрхийлсэн билээ. Тэрээр тус холбооны талаар булхай луйвар үүрлэсэн газар гэж хэвлэлд ярилцлага өгч, дахин сонирхогчдын боксоор тоглохгүй гэх мэтээр хатуу мэдэгдэл хийсэн юм. Үүгээр ч Риогийн боксын будлиан дуусаагүй. ОХУ-ын Евгений Тисченко, Казахстаны Василий Левит нарын хүнд жингийн тулаан мөн л ихээхэн маргаан дагуулсан билээ.

Олимпийн наадам шүүсэн боксын шүүгчдээс гадна чөлөөт бөхийн шүүгчдийн эрхийг хассан. Үүнд ОХУ-ын Сергей Новакоский, Гүржийн Темо Казарашвили, Узбекстаны Константин Михайлов нар багтаж байгаа юм. Эдгээр гурван шүүгч нь авлига авч, найрааны сүлжээ бий болгосон байна. Тэдэнтэй Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга, Германы иргэн Антонио Сельвестри хамтарч байсан аж. Тэдгээрийн гол зорилго нь Азербайжан, ОХУ, Узбекстаны бөхчүүдэд медаль авахад нь туслах байсан гэнэ. Харин шүүгчдийг нь Антонио Сельвестри томилдог байж. Тэрээр дээрх гурван орны бөхчүүдийн барилдаанд тогтсон хэдэн шүүгчээ илгээж байсан нь санаандгүй зүйл биш байжээ. Ганц хязгаарлалт нь өөрийн орны бөхийн барилдааныг шүүлгэхгүй байх юм. Нийт арваад шүүгч дээрх улсуудын тамирчдын барилдааныг шүүж байсан нь авлига, найраа гарсныг батлан харуулж байна. Эрхээ хасуулсан нь гурав боловч тус найрааны сүлжээнд цөөнгүй шүүгч хамрагджээ. Эдгээр шүүгчдийн шүүсэн ихэнх барилдаан нь булхайтай, хэл ам дагуулсан байгаа юм. Үүнд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнарангийн Узбекстаны Наврузовтай хийсэн барилдааныг шүүсэн Азербайжаны Хиджран Шарифов ч багтаж байна. Түүний шүүлтийн 50 хувь нь ОХУ, Узбекстаны бөхчүүдэд оногдсон байжээ. Харин Азербайжаны Хиджран Шарифов булхайтай шүүлт хийж, Антонио Сельвестри хамтарсан талаарх мэдээллийг эрс эсэргүүцсэн байна.

О.Ариунцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *