Categories
гадаад мэдээ

Ригагийн бага хурал: Путингүй Орос ямар болох вэ? DNN.mn

Латвийн нийслэлд хоёр өдөр үргэлжилсэн Ригагийн бага хурал өндөрлөв. Жил бүр болдог энэхүү чуулганд барууны улстөрчид, шинжээчид оролцож гадаад бодлого, олон улсын аюулгүй байдлын талаар хэлэлцдэг уламжлалтай. Чуулганы хоёр дахь өдөр оролцогчид Путингүйгээр Орос ямар байх, дайны дараа Оростой ямар харилцаа тогтоох талаар хэлэлцэв.

Эхний өдөр Мюнхений Аюулгүй байдлын бага хурлын тэргүүн Кристоф Хойсген дайны дараах Оростой олон улсын харилцаа хэвийн болох нөхцөлөөр дайны гэмт хэрэгтнүүдэд шүүхээр хариуцлага хүлээлгэх, дайны хохирлыг барагдуулах, “депутинизаци хийх” буюу Путины тогтоосон дэглэмийг бүрэн устгах гэсэн гол гурван нөхцөлийг нэрлэв. Харин Шведийн ерөнхий сайд асан Карл Билдт Орос болон түүний иргэдэд хамтын хариуцлага тооцохгүй байхыг анхааруулсан байна.

Москвагийн Эдийн засгийн их сургуулийн профессор асан, одоо Рига хотын Чөлөөт их сургуулийн профессор Сергей Медведев “Орос төмөр хөшгөөр тусгаарлагдах уу” сэдэвт салбар хуралдаан дээр Орост болж буй өнөөгийн үйл явдлыг “Эзэнт гүрний зовлонт задрал” гэж нэрлэв. Тэрээр Путин, Зөвлөлт, Оросын эзэнт гүрэн төдийгүй ерөөс “Монгол-Татарын буулганы дараа үүссэн 550 жилийн түүхтэй Московитуудын эзэнт гүрэн” задран унаж байгааг дэлхий нийтээрээ харж байна гэж мэдэгдэв. Медведев “ЗСБНХУ 1991 онд ямар ч цус урсгахгүй задран унасныг бид гайхаж байсан” гэж хэлээд үргэлжлүүлэн “Одоо бид 1991 онд ЗСБНХУ задран унасантай дахин тулгараад байна. Тэр үед болоогүй зүйл одоо болж байна” гэж хэлэв. Медведев оролцогчдыг Путины Украины эсрэг эхлүүлсэн дайныг түүхэн талаас нь харж дүгнэхийг уриалаад “Өрнөд түүхэн экзистенциал буюу орших уу, эс орших уу гэсэн сорилттой дахин тулгараад байна. Энэ бол “Гуравдугаар Рейх”-ийн дэлхий нийтийн өмнө тулган тавьж байсан сорилт юм. Иймд тэрээр 1945 онд нацист Германыг хэрхэн ялсан үлгэр жишээг дагаж барууны улсууд Путины Оросыг ялахыг уриалав. Тэрээр “Орос бол ХХ зуунд амьд үлдсэн цорын ганц эзэнт гүрэн” гэж хэлсэн байна.

Дайны дараа юу болох вэ? Дайны дараа болон Путины дараа Оростой хэрхэн, ямар харилцаа тогтох вэ? гэсэн асуултыг тойрч чуулган хоёр дахь өдрийн хэлэлцүүлэг өрнүүлэв. Сергей Медведев ирээдүйн Орос улс туулах ёстой үйл явцын өөрийн гэсэн гол нь “депутинизаци”, цэрэггүйжүүлэх, цөмийн зэвсгээс ангижруулах, деимпериализаци болон бусад асуудлыг тусгасан өргөн хүрээтэй жагсаалтыг санал болгов. Медведевийн хэлсэн үг идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн тул бусад оролцогчид ч санал бодлоо чөлөөтэй илэрхийлэв. Европын гадаад харилцааны зөвлөлийн ахлах ажилтан Кадри Лиик дайнд ялагдсан Оросын ирээдүйн талаар тун болгоомжтой хандахыг уриалав. Тэрээр “Барууны улсуудад зарим хүн Оросын сүйрэл, түүнийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг гүйж очоод хийчих юм шиг амраар бодож баяр, хөөр болон бичиж, ярьж байна. Мэдээжийн хэрэг, энэ тийм амар зүйл биш” гэж анхааруулсан юм. “Путин энэ дайныг оросуудыг устгах, Оросын эсрэг дайн болгон харуулахыг оролдож, энэ зорилгодоо ч хүрч байна. Иймээс Оросын иргэдийн төлөөлөл болох элитүүд нь Оросыг устгах явдал хэний ч зорьж байгаа зүйл биш гэдгийг хүмүүст ойлгуулах шаардлагатай болоод байна” гээд “Орос Украин руу довтлохоос өмнө Путины бүтээсэн тогтолцоо надаас илүү насална гэдэгт би итгэж байсан. Харин бүрэн хэмжээний дайн эхэлсний дараа “Путинизм” ОХУ-ын одоогийн ерөнхийлөгчтэй хамт алга болно гэдэгт бүрэн итгэх боллоо” гэж мэдэгдэв. Мөн тэрээр ЗХУ-д эрх мэдлийн төлөөх тэмцэл эхлэх шалтгаан болсон “Сталины үхлийн загвар” дахин давтагдаж магадгүй гэдэгт анхаарлаа хандуулахыг уриалав. “Оросын өнөөгийн систем алга болж, өөр зүйлээр солигдох болно, тэр систем нь бидэнд таалагдах албагүй” гэж Лиик хэлээд харин “Орос дахь хэт цөөнхийн дарангуйллын тогтолцоог нийтийн хамтын шийдвэрийн тогтолцоогоор заавал солих ёстой” гэж анхааруулав.

Путины удирдлагаар Орос улс Украинд довтолж байхад барууны улстөрчид, шинжээчид улс орноо Оросын түрэмгийллээс хэрхэн хамгаалах талаар бодох ёстой болоод байна. Юуны өмнө тэд Кремлээс ирж буй чухал дэд бүтцийн болон кибер халдлага, ташаа мэдээлэл зэрэг эрлийз дайны аюул заналхийлэлд санаа зовж байна. Ялангуяа Балтийн улсууд Оросоос ирж буй эрлийз аюул заналхийлэлд өртөөд байгааг Европын эрлийз аюул заналхийлэлтэй тэмцэх төвийн ахлах шинжээч Виктория Рузинаит “Эрлийз аюулын эрлийз байдал” дэд хуралдааны үеэр хэлэв. Тэрээр “Балтийн орнууд мэдээллийн орон зайгаа гадны сөрөг нөлөөллөөс хамгаалах, иргэдийнхээ сэтгэл, санааг ийм нөлөөнд тэсвэртэй болгох үндэсний аюулгүй байдлын стратегийг хэдэн жилийн турш тасралтгүй явуулж ирсэн. Энэ ажлын амжилт нь Латви улсад Зөвлөлтийн үеэс үлдсэн хөшөө дурсгалыг нураах кампанит ажил хэрхэн тайван явагдаж байгаагаас харагдаж байна” гэж тэмдэглэн хэлэв.

Барууны орнууд Оросын кибер халдлагыг зүгээр л буруутган мэдэгдэл хийх бус ийм халдлагад шийтгэл хүлээлгэдэг болгох цаг болсон гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын аюулгүй байдлын асуудал хариуцсан орлогч Жеймс Аппатурай мэдэгдэв. “Гэхдээ энэ нь та нар ингэж байгаа бол бид адилхан ингэнэ гэсэн зарчмаар ажилла гэсэн үг биш. Тухайлбал, иргэний маш чухал дэд бүтцэд кибер халдлага хийхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн олон улсын дүрэм бий. Хэрэв Орос ийм зүйл хийвэл энэ нь мэдээж уг дүрмийг зөрчиж байгаа явдал мөн. Хэрэв бид ижилхэн хариу үйлдэл үзүүлэх юм бол олон улсын дүрэм, журам байхгүй болно” гэж Жеймс Аппатурай онцлон тэмдэглэв.

Ийнхүү Латвийн нийслэлд хоёр өдөр үргэлжилсэн Ригагийн бага хурал амжилттай болж өндөрлөв. Харин урьд нь болж өнгөрсөн бусад бага хурлуудаар ОХУ тусгаар улсууд болон задрах нь тодорхой болсон учир энэ бага хурал уг асуудлыг тусгайлан хэлэлцсэнгүй.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *