Categories
гадаад мэдээ

Раул Кастро огцорч буйгаа мэдэгдлээ

-ТОВЧХОН-


Кубын Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Раул Кастро огцорч буйгаа мэдэгдлээ. Хавана хотноо болсон Кубын Коммунист намын VIII их хурлын үеэр тэрээр албан ёсоор энэ тухай зарласан байна. Өдгөө 86 настай Рауль Кастро “Улс орныхоо удирдлагыг хувьсгалд үнэнчээр зүтгэсэн, туршлагатай, бэлтгэгдсэн удирдагчдын багт хүлээлгэн өгөхдөө таатай байна” гэжээ. 2006 онд түүний ах, Кубын удирдагч Фидель Кастрогийн бие муудах үед тэрбээр бүрэн эрхийг нь шилжүүлэн авч байв. Рауль Кастро албан тушаалаа өгснөөр Кастрогийн эрин үе дуусгавар болж буйг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд онцолжээ.

* * *

Японы ерөнхий сайд Ё.Сүга АНУ-д дөрөвдүгээр сарын 15-18-ны хооронд айлчиллаа. Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш анх удаа гадны улс орны төр засгийн тэргүүнийг Цагаан ордонд хүлээн авч уулзсан нь энэ. Талууд Хятад-Тайванийн асуудлаас гадна коронавируст цар тахал, Умард Солонгос, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, тэр дундаа Мьянмарын асуудал, мөн уур амьсгалын өөрчлөлт, технологийн бодлого зэрэг өргөн хүрээний сэдвээр санал бодлоо солилцжээ. Японы ерөнхий сайд Жо Байденаас гадна АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харристай уулзсан байна.

* * *

Их Британийн хатан хаан II Элизабетийн нөхөр, Эдинбургийн гүн Филиппийг Лондон хотын захад орших Виндзорын шилтгээний Гэгээн Жоржийн сүмд баасан гаригт нутаглуулжээ. Салах ёс гүйцэтгэх ажиллагааг үндэсний телевизээр шууд дамжуулсан байна. Оршуулах ёслолд 800 орчим зочдыг оролцуулахаар төлөвлөж байсан ч коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан тогтоосон хөл хорионоос үүдэн оролцох хүний тоог 30 болгож хязгаарласан талаар мэдээлж байв.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *