Манай Улс хоёр дахь удаагаа хиймэл дагуулыг бүтээхээр ажиллаж эхэллээ.
Өмнө нь Монгол Улсын Их Сургууль нь хөгжиж буй орнуудын сансрын технологийн олон улсын BIRDS төслийн хүрээнд манай улсын анхны сансрын хиймэл дагуул “Мазаалай”-г 2017 оны долдугаар сард сансарт хөөргөсөн билээ. Одоогоор “Мазаалай” хиймэл дагуул хамт хөөрсөн таван улсынтаван хиймэл дагуулаас ганцаараа ажиллаж, мэдээлэл дамжуулж байгаа юм.
Сансрын инженерчлэлийн боловсон хүчин бэлтгэх, хэрэглээний шинэ арга замуудыг судлах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилттойгоор BIRDS олон улсын гуравдугаар хурал, “Монголын байгаль орчинд хиймэл дагуулын мэдээлэл ашиглалт олон улсын наймдугаар хурал”-ыг Монгол Улсын Их Сургууль дээр 2018 оны наймдугаар сарын 16-19-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Хурлын үеэр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн профессор Б.Эрдэнэбатаас дараах зүйлсийг тодруулав.
-Та Стратосферийн орчин сансарын судалгааны нэг хэсэг болох нь сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлийнхээ талаар товч танилцуулаач?
-“Дэлхийгээс нисгэж байгаа хиймэл дагуулууд дэлхийн тойрог замын дагуу ажилладаг. Сансар агаар мандал хоёрын дунд байдаг стратосферийн давхарга гэж бий. Ойролцоогоор 7-40 км-ийн хоорондох сансар агаар мандал хоорондох завсрын бүс гэсэн үг. Энэ бүсэд Агаараас гадна сансрын тоосонцор их байдаг. Энэ талаарх судалгааг хүн төрөлхтөн сайн хийж чадаагүй. Энэ утгаараа Стратосферийн давхарга судлагдах ёстой гэж үзсэн.Сансрын тоосонцорыг судлах чиглэлээр их сургуулиудын профессоруудтай 2014 оноос хойш хамтарч ажиллаж байна. Манай ШУТИС-ийн дэргэд Стратосферийн судалгааны олон улсын төвтөрийн бус байгууллага ажилладаг. Биднийэнэ ажиллагаа энэ сарын 22-ноос есдүгээр сарын нэгэн хүртэл Тэрэлжийн ойролцоо байрлах ШУТИС-ийн сургалт судалгааны “Горхи” гэдэг нэртэй газарт явагдана.
–Сансрын технологийн хамтын ажиллааны олон улсын уулзалтын ач холбогдлыг юу гэж бодож байна?
-Бид сансрын хиймэл дагуул хийх болонэрдэм шинжилгээ гээд бусад чиглэлээр хамтран ажиллахадчухал ач холбогдолтой. Мөн Монголын их сургуулиудын төлөөлөл, олон улсын сансарын инженер бэлтгэдэг их сургуулиудын консорциум гэсэн олон улсын байгууллагын нэрийн доор нэгдэж хамтарч ажиллаж байгаа нь давуу тал болж байна. Консорциумын Монгол дахь том төлөөлөгч нь Монгол Улсын Их Сургуулийн профессорР.Цолмон гэж хүн бий. Үүнд ШУТИС-ийн багш нар, профессорууд нэгдэж орсон.
Түүнчлэн BIRDS-4 хиймэл дагуулд Монголоос ШУТИС-ийн баг оролоцохоор ажиллаж эхэлсэн. Агаарын орчинд хөөргөдөг “Кансат” олон улсын уралдааныг оюутнуудын дунд зохиодог. Энэ уралдааны чиглэлээр олон улсын удирдагчдын хурал энэ ням гарагт Япон улсад болно. Үүнд оролцохоор монголоос хоёр хүн явахаар болсон.
-Манай улс хоёр дахь хиймэл дагуулыг бүтээхээр болсон гэсэн үү?
-Манай улс хоёр дахь хиймэл дагуул болох том хэмжээний хиймэл дагуулийг бүтээх ажил эхэлсэн бөгөөд тус хурлаар энэхүү асуудлыг хэлэлцэхээр болсон. Үүнд олон улсын хамтын ажиллагаа их чухал. Хиймэл дагуулаа яаж хийх вэ, хөрөнгө санхүү нь ямар байх уу гэх мэт зөндөө асуудлууд яригддаг. Энэ удахгүй тодорхой болно.
–Мазайлай хиймэл дагуул хөөргөсөний ач тус юу байсан бэ?
-Нэгдүгээрт тухайн их сургууль өөрсдийн бүтээлээ сансарт гаргана гэдэг бол тус их сургуулийн рейтинг дэлхийн нэртэй их сургуулиудын хэмжээнд хүрдэг. Хоёрдугаарт сансарт өөрсдийн тандан судалгааны хиймэл дагуулуудаа нисгэх анхны гараа юм. Дараа дараачийн бүтээлээ гаргахад сансрын инженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн тоо нэмэгдэх ач тустай.
-Манай улсын их сургуулиудын хувьд сансрын инженерчлэлийн чиглэлээр оюутан бэлтгэх тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ ?
-Монгол Улсын Их Сургууль энэ чиглэлд түрүүлж алхсан гэж хэлж болно. Менежмент сайтай, ажил хэрэгч хамт олонтой учир ажил нь урагштай явж байгаа. ШУТИС-ийн төлөөлөл энэ чиглэлээр агаар сансрын инженер бэлтгэх салбар байгуулаад явах хүсэлтэй. Инженер бэлтгэдэг төрийн их сургуулийн нэг ШУТИС учраас энэ тал дээр бид анхаарах учиртай. Сансарын инженер бэлтгэх асуудал маш их үгүйлэгдэж байгааг хэлэх нь зүйтэй гэв.
Монголын анхны хиймэл дагуулын “Шувууд”төслийн багийн ахлагч МУИС-ийн профессор Р.Цолмонгоос дараах зүйлсийг тодрууллаа.
Тэрээр “Монголын их дээд сургуулиудынсансар судлалын боловсрол, ирээдүйн чиг хандлага” ямар байх талаар илтгэл тависан юм.
-Хиймэл дагуул хөөргөснөөр ямар үр дүн гарах вэ?
-Хиймэл дагуул хөөргөснөөрөө тухайн орны шинжлэх ухааны түвшин ямар байгааг харуулж байгаа. Сансрыг эзэмших эрин зуунд манай улс “бие даасан” гэдэг утгаараа идэвхтэй орж байна. Нөгөө талаас хүмүүсийн сансар судлалын мэдлэг дээшилж, тухайн орны инженер, шинжлэх ухааныболовсролыг эзэмших сонирхол нэмэгдэх зорилготой.
–Олон улсын хурлаар ямар асуудлыг онцолж байна вэ?
-Өнгөрсөнд олсон ололт амжилтаа ярилцаж, цаашид юун дээр анхаарах талаар хэлэлцэж туршлага судаллаа. Түүнчлэн Дэлхийн олон орны хүмүүстэй хэрхэн хамтарч ажиллах, цаашдын шинэ шатны хөгжлийн тухай ярилаа. Энэ бол эхний өдрийн хурал. Нийтдээ гурван өдөр хуралдана. Хурлын үеэр оюутнууд, судлаачид, хиймэл дагуул бүтээж байгаа залуучууд хоорондоо танилцаж илүү их ажлыг ярилцах болно.
-Манай улсын сансар судлал тэр дундаа хиймэл дагуул хийх технологи ямар түвшинд байгаа вэ?
-Дэлхийн их сургуулиудын инженерүүдийн холбоо гэж байдаг. Үүний хүрээндхоорондоо холбогдож тэгш эрхтэйгээр хөгжиж байна.Манай Улс НҮБ-ын гишүүн орон гэдэг утгаараа дэлхийн бусад их сургуулиудтай холбогдож, бусад улс орны их сургуулиудын хиймэл дагуул ямар түвшинд яаж хөгжүүлж байгаа талаар мэдээлэл солилцож яг тэр түвшиндявж байна. Сүүлийн үеийн технологи жин бага, хэмжээ бага өөрөөр хэлбэл шийдэл нь өндөр хөгжсөн байдаг. Техникийн шийдэл нь өндөр түвшинд хөгжиж байгаагаараа онцлог. Хиймэл дагуул хөөргөх тал дээр манай улс бусад орноос дутахааргүй. Дэлхийн их сургуулиуд хиймэл дагуулаа яаж хөөргөж байна яг тэр түвшинд нь хөөргөж байна.
-Сансрын чиглэлийн төслүүд ямар чиг хандлагатай явагдаж байна?
-Нэг төсөл гэхэд “Хиймэл дагуулын хэмжээг нарийсган турших, олон улсын сансрын станцад туршилт явуулах, сансрын хог хаягдлыг бууруулах зэрэг олон улсын оюутнуудын дунд зарлах уралдаан байгаа.Энэ уралдаанд манай оюутнууд идэвхтэй оролцож эхэлж байна.
-Сансрын хиймэл дагуулыг орчин үед яаж ашиглаж байна вэ?
Тухайн орны тогтвортой хөгжлийн бүх л хүрээнд яригддаг. Сансрын хиймэл дагуул бүх шинжлэх ухааны огтлолцол байдаг учир бүх л юманд холбоотой. Энэ зуун бол сансрын зуун. Сансар судлал дэлхийн түвшиндМонголын бүх их, дээд сургуулиудад адилхан эрчтэй хөгжиж байгаа гэж ойлгож болно. Монголын сансрын инженерчлэлийн сургуулиудын холбоо гэж бий. Энэ холбоонд монголоос долоон их сургууль байдаг. Энэ сургуулиуд оюутнууддаа сансрын инженерчлэлийн боловсрол эзэмшүүлэхэдхамтарч ажилладаг. Ингэхдээ жижиг лаазан дотор хиймэл дагуул хөөргөх, дрон, баллон зэрэг төрөл бүрийн нисдэг биетүүдийг хөөргөж байна.
-Сансар судлалын талаар олон улстай хамтарч ажилласнаар ирээдүйд ямар үр дүнд хүрэх вэ?
-Ирээдүйд сансрыг хамтарч эзэмших шатандаа орж байна гэсэн үг. Хиймэл дагуулууд хоорондоо холбоотойгоор ниснэ.Сансараас олсон мэдээллээ хоорондоо солилцож, хамтарч ажиллах үр дүнтэй гэв.
Хуралд гадаадын 18 улсын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирж, илтгэлүүдээ хэлэлцүүллээ.
Байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, боловсрол, газарзүй мэдээллийн систем, байгал орчин, зайнаас тандан судлал чиглэлийн эрдэмтэн судлаач, оюутнууд болон сонирхсон хүмүүст тус хурал нээлттэй аж.