Categories
мэдээ цаг-үе

Р.Гончигдорж: Эрх нь урдаа байгаад үүргээ мартаж болдоггүй юм

УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Ардчилсан намынхан эрх барьж байхдаа баталсан голлох хуулиуд нь Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хууль байсан. Гэсэн ч эдгээр хуулийн хэрэгжих хугацааг ирэх оны долдугаар сарын 1 болгон хойшлууллаа. Хуулиудын хэрэгжилтийг хойшлуулах шалтгаан байгаа юм уу?

-Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан цагаас хойш Эрүүгийн хуулийг хэд хэдэн удаа шинэчлэн найруулсан. Энэ удаагийнх нь гурав дахь нэмэлт, өөрчлөлт болж байгаа юм. Ардчиллын үнэт зүйлс бэхжиж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх тусам ялын бодлогод ахиц гарч байх ёстой. Тэр утгаараа зарим хуульчид одоогийн мөрдөгдөж буй хууль хэтэрхий шоронжсон, ялын бодлого нь хатуудсан гэдэг. Жилд шоронд хоригдож буй хүмүүсийн тооноос эхлээд бусад зүйлсийг харьцуулахад тодорхой байдаг. Эрүүгийн хуулийн ялын бодлого нь хатуудсан ч ойр ойрхон Өршөөлийн хууль гарснаар хоригдож буй хүмүүсийн тоо буурсан. Ардчилсан нам 2012 онд Эрүүгийн хуулийг бүхэлд нь шинэчилнэ гэж амласан тул энэ хүрээнд Эрүүгийн хууль батлагдсан. Ялангуяа эрүүгийн эрх зүйчид шинээр батлагдсан Эрүүгийн тухай хуулийг сайн хууль болсон гэдэг. Ардчилсан нийгэмд хүний эрх талаасаа ялын бодлого нь зөв болсон гэж тайлбарладаг. Заавал шоронд ял эдлүүлэхгүйгээр бусад хэлбэрээр ял эдлүүлнэ гэдэг нь зөв. Тухайн хохирогч этгээдийн хохирлыг барагдуулах боломжийг нэмэгдүүлэх, ялтны зорчих эрхийг хязгаарлах гэх мэтчилэн ялын шинэ төрлүүдийг оруулж ирсэн. Энэ нь томоохон шинэтгэл болж чадлаа гэдэг үнэлэлтийг хуульчдын зүгээс өгч байсан. Эрх баригчид Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжихээр болгоод хойшлуулчихлаа. Эрүүгийн хууль 2015 онд батлагдсан. Тиймээс хэрэгжих хугацааг нь 2016 оны есдүгээр сарын 1 гэсэн юм шүү дээ. Хууль хэрэглэдэг, хууль сахиулдаг бүх байгууллагын хуулийг бүхэлд нь шинэчлээд есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлье гэсэн үүднээс эрүү, зөрчил гэдэг хоёр ойлголтыг ялгаж өгсөн юм, уг нь.

Тэр утгаараа гэмт хэрэг гэж тооцогдож байсан зарим зүйлс зөрчил рүү орсон. Эрүүгийн хэрэг л биш бол дараахь шийтгэлийг ноогдуулна гээд нэг бүлэг болгосон. Энэ бүхнийг нэгтгэн Зөрчлийн хууль болгож зөрчлийн хэв хэмжээнүүд дээр зөрчлийн гэмийн нэг бодлого явуулж байгаа юм. Ингэснээр хууль сахиулагчид болон иргэдэд тодорхой байдлаар цэгцэлсэн. Үүнийг дагалдуулан олон хуульд өөрчлөлт оруулсан. Энэ оны есдүгээр сарын нэгнээс хэрэгжих боломжтой гэсэн ч хойшлуулчихлаа.

-Эрүү, Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг яагаад хойшлуулж болохгүй гээд байгаа юм бэ?

-Ер нь бол хуулийн хэрэгжих хугацаа хойшилж болдог. Гэхдээ Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль дээр ноцтой зүйл бий. Учир нь зөрчил гэж үздэг зарим зүйлийг зөрчил биш гээд байгууллагын дотоод дүрэм, журам, сахилгын байдлаар зөөлрүүлсэн. Ингэснээрээ хүний эрхийг дээрдүүлж байгаа юм. Хэрэв эдгээр хуулиуд хэрэгжээд эхэлсэн бол хүний эрхийг дээрдүүлсэн олон заалтын хүрээнд ач холбогдолтой байсан. Есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ гээд тодорхой хэмжээнд хүлээлттэй байлаа. Ял эдэлж буй хүмүүсийн ялын хэмжээ Эрүүгийн хууль дахь дээд хэмжээ нь доошилсон тохиолдолд багасдаг. Гэмт хэрэг гэж үзэж байсан зүйл нь гэмт хэрэг биш болохоор хорих ялаас чөлөөлөгдөнө. Өөрөөр хэлбэл, Өршөөлийн хуультай адил зүйлүүд явагддаг байхгүй юу. Ингээд зарим хүмүүс ялаас чөлөөлөгдөж, нэг хэсэг нь шоронгоос гарах байсан бол бүхэл бүтэн арван сараар үүнийг нь хойшлуулчихлаа. Энэ нь хүний эрхийг зөрчин дордуулсан нөхцөл байдлыг үүсгэж байна. Үүгээрээ Үндсэн хуулийн зөрчлийн шинж чанартай болчихож байгаа гэдгээ ойлгож байгаа болов уу. Иргэнийхээ эрхийг хамгаалсан хууль, эрхзүйн орчинг бүрдүүлж баталсан хуулийн хэрэгжих хугацаа хойшилно гэхээр яах аргагүй Үндсэн хуулийн эсрэг зүйл болно.

Ер нь манай хууль тогтоогчид, парламентынхан аливаа хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулснаар иргэний, байгууллагын, өмчийн, бизнесийн, эдийн засгийн, суурь хүний эрхийг дордуулахаар байх юм бол хугацаа хойшлуулж байгаа асуудлыг ноцтой анхаарч үзэх ёстой. Өмнө нь парламентын гишүүн байхдаа хүний, өөрийн намынханд бүгдэд нь ингэж хэлдэг байсан. Хэрэв тухайн хууль хүний эрхийг дордуулсан байх юм бол тухайн дордуулсан байдлыг буцаан хэрэглэдэггүй. Хүний эрхийн байдлыг дээрдүүлсэн байх юм бол дээрдүүлсэн байдлаар хэрэглэдэг. Энэ чинь өөрөө хугацааны хүчин зүйлтэй байхгүй юу. Хугацаа гэдэг маш чухал хүчин зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс л Эрүүгийн хуульд ингэж хандаад байгаа юм.

-Гэхдээ хууль хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрдээгүй, эдийн засаг хүнд байна гээд байгаа л даа…

-Энэ хуулийг хэрэгжүүлэхэд зардал, чирэгдэл гэсэн шалихгүй шалтаг яриад байх хэрэггүй.

-Баталсан хуулиудыг буцаалаа гэдэг шүүмжлэлийг энэ парламент руу маш олон хүн хаяглан илгээж байгаа. Үнэхээр тэгж болдог юм уу?

-Хууль ямар нэгэн байдлаар зөрчигдөхөд хууль дээдлэх зарчим алдагдлаа гэдэг. Хууль дээдлэх зарчмын суурь агуулга нь ерөөсөө хуульд захирагдах ёс байдаг. Хууль дээгүүр нь байна гэсэн үг. Хууль дээгүүр байх тул хуулиас доогуур аливаа зүйлийг явуулж болохгүй. Хуулиас доогуур хуулийг зөрчиж, үгүйсгэж болохгүй. Эрүү, Зөрчлийн тухай хуулийг дагалдан гарах таван хуулийн эцсийн редакци дээр холбогдох хүмүүс бүгд гарын үсгээ зурсан. Тавдугаар сарын 31, зургадугаар сарын 23-нд гарын үсэг зурагдсанаар эдгээр хуулийн редакци бэлэн болсон. УИХ-ын Дэгийн тухай хуулиараа батлагдсан хуулийг УИХ-ын Тамгын газар эрхлэн эцсийн редакцид бэлтгэнэ. Тамгын газрын бэлтгэсэн редакцийг УИХ-ын дарга хянадаг. Дараа нь УИХ-ын дарга тухайн редакцийг УИХ-ын нэгдсэн чуулган дээр сонсгоод гурав хоногийн дотор ёсчилдог. Ингэснээр процедур нь явагддаг юм. Өөрөөр хэлбэл, хууль бий болчихсон. Гэтэл хууль бий болоогүй гээд байгаа.

-Хуулиудаа ёсчилж, Төрийн мэдээлэл сэтгүүлд гаргаагүй нь Ардчилсан намынхан та нарын буруу юм биш үү?

-Гэм буруугийн тухай асуудал энэ хуулийн хувьд хоёр, гуравдугаар зүйл байхгүй юу. Хууль дээдлэх зарчмынхаа хүрээнд хууль хуулиараа явах ёстой. АН, МАН, та нар гэж байхгүй. Учир нь Монголын парламент нэг. Үндсэн хуулиар төрийн эрх барих дээд байгууллага хууль тогтоох эрх мэдлийг өөртөө хадгалдаг. Сонгуулиар УИХ-ын бүрэлдэхүүн нь өөрчлөгддөг. Энэ ардчилсан зарчим. Гэхдээ бүрэлдэхүүн өөрчлөгдөх тухай асуудал парламент гэдэг Үндсэн хуулийн институцийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ямар ч холбоо нөлөөлөл үзүүлдэггүй. Үүнд гол учир нь бий. Бүрэн эрх гэдэг нь эрх, үүрэг хоёр. Тэд үүнийг хийсэнгүй. Тиймээс бид хийхгүй гэдэг зүйл байдаггүй. Монголын парламент шинээр байгуулагдахдаа хувьсгалаар, Үндсэн хууль өөрчлөөд гарчихсан юм биш. УИХ-ын Дэгийн тухай хууль, Үндсэн хуулиа бариад явах ёстой. Дараагийн парламент гарч ирээд хамгийн түрүүнд редакци нь бэлэн болчихсон хуулиа ёсчилдог. УИХ-ын дарга З.Энхболд сонгуулийн өмнө зургадугаар сарын 23-нд чуулганы хуралдаан зарласан ч ирц бүрдээгүй. Энэ хуралдаанд бэлдээд бүх редакциуд бэлэн болчихсон байсан. Чуулганы ирц бүрдэн хуралдаагүй тул уг хуулиудын редакцийг сонсгож чадаагүй. Тэр утгаараа шинэ парламент бүрэлдэнгүүт УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын Тамгын газар, спикерүүд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Үүргийн эсрэг эрхийг тавьж болдоггүй юм. Аль ч институцид үүрэг нь, харин иргэдэд эрх нь оногддог байхгүй юу. Төр оногдсон үүргээ хэрэгжүүлэхдээ зайлшгүй холбоотой эрхүүдийг эдэлдэг.

Парламентад шинэ хүмүүс их орж байна. Төрийн алба ч их доргиж байх шиг байна. Төрийн албанд шинээр ажилд орж байгаа хүмүүст хаяглаж хэлэхэд “Та нарт үүрэг зайлшгүй оногддог юм шүү. Тэр үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай эрхийг түүний үр дагавар нь болгож өгдөг юм шүү. Түүнээс биш эрх нь урдаа байж байгаад үүргээ мартаж болдоггүй юм” гэж захья. Энэ утгаараа УИХ-ын дарга хуулиудын редакцийг Их хурал дээр сонсгоод ёсчлох ёстой. Хууль дээдлэх зарчмынхаа хүрээнд хууль дээгүүр байж хуулийг дагах үүрэг нь парламентад бий. Шинэ УИХ-ын гишүүд урьд парламентаас бидэнд ямар үүрэг шилжиж ирсэн бэ гэдгийг байнга бодож явах хэрэгтэй.

Гэтэл үүргийг нь дээгүүр тавиад тогтоолоор хуулийг буцааж байна. Өмнө нь Монголын түүхэнд байгаагүй практик тул бид ингэж шийдлээ гээд байгаа юм. Уучлаарай. Хуулиар нь заагаад өгчихсөн юм. Хуулийн цоорхой гэдэг ойлголт байдаг даа. Төрд хуулийн цоорхой гэж байдаггүй юм. Төр цоорхойгоор нь явдаггүй. Хуульд заагдсан заавал нэг нөхцөл байдлаар нь явдаг ёстой. Иргэн хүний хувьд хуулиар хязгаарлаагүй бүх зүйлд эрхтэй байдаг. Харин төр хуулийн дагуу явж байх ёстой юм аа. Хуульд заагаагүй зүйлийг бид дураараа хийлээ гэдэггүй биз дээ. Яг л энэ чинь байхгүй юу. Харин би хуульд заагдсан зүйлийн талаар ярьж байгаа шүү. Энэ утгаараа Ерөнхийлөгч хориг тавьсан.

-Эрүү, Зөрчлийн тухай хуулийг дагаж гарсан хуулиуд яах вэ?

-Энэ хууль батлагдсантай холбоотойгоор дагасан маш олон хууль батлагдсан. Тэр утгаараа эдгээр хуулиуд нь буцсан байх л даа. Хуулиудыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх хуультай. Тиймээс уг хуулиуд амьгүй болчихлоо гэж хэлж болдоггүй юм. Хэрэв буцаана гэсэн бол эдгээр хуулиудыг бүгдийг нь буцаах ёстой. Гэхдээ би буцааж болохгүй гэдэг утгаар нь хэлж байна.

-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлэхэд 92 тэрбум төгрөг хэрэгтэй гэж байсан. Хууль хэрэгжиж эхлэхэд мөнгөн дүн тийм чухал байдаг уу?

-Эрх баригчид заримдаа шалтаг тайлбар хэлж тэр нь агуулгаасаа хөндийрөөд байгаа. Хүний эрхийг хангаж баталгаажуулсан хуулиудыг заавал хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэр дагуу сургалтууд нь хийгдээд явж байсан. Зургадугаар сарын 29-нд сонгууль болж МАН-аас 65 гишүүн сонгогдонгуут энэ хуулиуд яах бол гэдэг эргэлзээ гарч эхэлсэн. Энэ хуулиад яах бол гэдэг ямар ч эргэлзээ байх ёсгүй. Хуулиар тогтоогдсон зүйл чинь хуулиар тогтоогдсон хугацаандаа хэрэгжээд явах учиртай. Ийм байдлаар асуудалд салан задгай хандсан байх юм бол тэр төрийн байгууллага, албан тушаалтан үүргээ биелүүлээгүй гээд хариуцлагаа хүлээх ёстой. Хариуцлага алдсаны нөгөө талд мөнгөөр хэмжсэн хэмжүүрээр цагаатгаж болдоггүй. Ингэж үнэ цэн бий болдоггүй юм.

Мөнгө төгрөг шаардлагатай гэдэг тэр тооцоонд би эргэлзэж байна. Уг хуулийг хэрэгжүүлээд явахад өмнө нь ийм үйл хөдлөл хийгддэг байсан уу, хийгддэг байсан. Бүх зүйл явдгаараа явдаг л байсан юм шүү дээ. Манай шүүгчид хэзээд бэлэн байгаа. Хэрэг мөрдөх, мөрдөн байцаах албаныханд бэрхшээл үүсээгүй. Процессын хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд нь байгаа. Эдгээр хуулиуд нь процессын хуулиудтайгаа зөрчилдөөд байх юм байхгүй. Бүх хууль бэлэн. Бэлэн биш болгох зүйлсийг нь өөрсдөө хийж байна. Анхдугаар чуулган хуралдахад л ёсчлох байсан. Энэ чинь хууль хэрэглэдэг хүмүүсийн хууль. Хэдэн мянгаар тоологдох хүний, хэдэн мянгаар тоологдох цагийн ажлыг ингэж болохгүй. Ямар нэгэн шалтаг, шалтгаан тавих хэрэггүй.

Ардын намынхан үзэл баримтлалаараа эрүүгийн шинэ хуулийн ялын бодлоготой санаа нийлэхгүй байж болно. Гэхдээ сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нь харах юм бол илүү нийцэхээр байгаа юм. Тэгвэл орлох хуулиудыг нь өөрсдөө боловсруулаад өргөн барьж батлаад, хууль батлагдсантай холбогдуулан өмнө нь үзэл баримтлал өөр байсан зүйлсээ засаад явж болно шүү дээ. Энэ хууль нь тодорхой хугацаанд хэрэгжээд явж байна л биз. Ийм хуулиудыг буцаан хойшлуулна гэдэг маш буруу зүйл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг маш олон хүн алга ташин хүлээж авсан. Жишээлбэл, энэ хуулийг дахин өргөн бариад одоохон батална гээд ярьж байна. Юу нь болохгүй байгаа юм гэхээр “Заримыг нь бид гэмт хэрэг болгож байгаа” гэсэн хариулт өгч байна л даа. Гэмт хэрэг болж байгаа асуудал Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд орохгүй. Энэ хуулийг дагалдаж гарах байдлаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль гэж гарна. Тэр нь дутуу гэж байгаа юм бол үүнийгээ хүчин төгөлдөр хэрэгжүүлээд “Энэ хууль үйлчилж эхэлж байгаатай холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад явъя” гээд хийчихэж болно. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хангалттай сайн болсон. Тиймээс Эрүүгийн хууль хэрэгжиж байг. Хэрэгжиж байхад нь нэмэлт өөрчлөлт оруул гэж байгаа юм.

-Сөрөг хүчнээс Эрүү, Зөрчлийн хуулийг Монголын мянга мянган иргэн хүлээж байгаа гэсэн ч Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Тэгж хэдэн мянгаар хүлээгээд байгаа юм байхгүй. Цөөн хэдэн хүнд хамаарна. Битгий ингэж улстөржүүл” гэдэг зүйл хэлж байсан…

-Төр нэг хүний ч эрхийг зөрчиж болохгүй. 400 байна уу, 500 байна уу, хэдэн мянга байна уу хамаагүй. Тэр хүмүүс есдүгээр сарын нэгнээс эрхзүйн байдал нь дээрдэнэ гээд хүлээж байсан. Хуулиар тогтоогдчихсон юм. Нөгөө талаас есдүгээр сарын нэгэнд хууль хэрэгжсэн бол гэмт хэрэг хийсэн байж болзошгүй хэрэг нь шалгагдаад явж байсан, прокурор ялыг нь төлөвлөж байсан гэхчилэн олон хүнд хамаарах байсан.

Энэ хууль Монголын бүх хүнд хамаатай. Заавал гэмт хэрэгтэн байх үгүй нь хамаагүй. Монгол Улсын иргэн би Эрүүгийн хуулийн ямар орчинд миний эрх зөрчигдвөл яах ёстой вэ, хүний эрхийг зөрччихвөл би яах юм гэдэг орчинд нь байдаг зүйл. Манайхан хамаарал гэдгийг холбогдогч болохоор нь л ярих юм. Үгүй шүү дээ. Барилгын тухай хууль надад чухал ач холбогдолтой. Би заавал барилга барьдаг байх албагүй. Тэр барилгын хуулиар зохицуулагдаж буй бүх харилцаа миний өдөр тутмын амьдралд нөлөөтэй байж л байдаг. Үүн шиг бүх хууль бүх хүнд хамаатай.

Хууль зүйн байнгын хорооны дарга болон бусад дарга нар их мэдэж ярих биш их мэдэхийн төлөө бусдыг сонсч сурах ёстой. Өөрийн бодол санааг үргэлж чагнаж үүний болохгүй тал нь юу билээ гэдгийг ухаж засч байхгүй бол болохгүй зүйлийг болгоно гэж баллуурдаж болдоггүй юм. Энэ буруу төлөвшил рүү хөтөлдөг. Ухаантай хүмүүс ойлгодог байх.

-Яагаад ухаантай гэж хэлэв?

-Ард түмэн сонгосон болохоор ухаантай, мэдлэгтэй, сэтгэлтэй, боловсролтой хүмүүс л гэж харж байгаа. Түүнээс биш муулж, муухайлаад байх зүйл байхгүй.

-Эрүү, Зөрчлийн хууль чинь төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг зүйл болчихсон юм биш үү?

-Хуулийг хүнтэй зүйрлүүлээд төрөөгүй хүүхэд ямар юм ч гэнэв, Ардын намынхан ярьж байна лээ. Монголчууд хэзээ ч хүнтэй зүйрлүүлж ярьдаггүй. Хамгийн эмзэг байдаг зүйл нь тэр. Болохгүй бол будаагүй авдар хийчихсэн байна гэхгүй юу. Будаагүй авдартаа юмаа хийж л байна биз. Дараа нь будчихаж болно. Хүний эмзэглэдэг зүйлээр хэзээ ч ярьж болдоггүй. Аав, ээж хоёр нь дутуу хүүхэд хийчихсэн юм уу, яачихсан юм гээд л наад зах нь эвгүйцнэ биз дээ.

-Танай намынхан эрх барьж байхдаа баталсан гол хуулиудын нэг нь Хамтын тэтгэврийн тухай хууль байсан. Гэтэл хуулийг бүр хүчингүй болгочихлоо?

-Хамтын тэтгэврийн тухай хуулийн түүх чинь урт настай байхгүй юу. 2008 оны сонгуулиас хойш ярьсан. Тэр үед хамтарсан засаг барьж байсан. Тэр зөв байсан. Чухал эгзэгтэй үед хамтарч засаг барих нь зөв байдаг.

2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө манай нам Хамтын тэтгэврийн тухай хуулийг оруулж, 2016 онд баталж, 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр болоод байсан юм. Хамаарлын хувьд өнөөдөр тэтгэвэр аваад явж байгаа хөгшчүүдийн асуудал биш. Хүн болгон тэтгэвэрт гардаг. Хүн бүр амьдралаа төлөвлөдөг. Ялангуяа нас ахих тусам цаашид яах билээ гэдгээ илүү төлөвлөж эхэлдэг байхгүй юу. Тэр утгаараа хамтын тэтгэвэр гэдэг чинь хамгийн хүмүүнлэг зүйл. Нэг талаасаа ханиа алдан ганцаарддаг ч үр хүүхэд нь эцэг, эхийнхээ төлөө гэсэн ёс заншил манайханд байдаг. Нөгөө талаас нэг нь тэнгэрт халихад тухайн гэрээс гардаг зардлууд хэвээрээ байх нь бий. Хамтаараа хоёр хүнийхээ тэтгэврээс аргалаад явж байсан орон сууцны төлбөр ч байдаг юм уу ганцаараа төлж дийлэхгүй төлбөр гарч ирдэг. 1+1=2, 2-1=1 гэдэг арифметик биш. 2-1=1.5 гардаг арифметик байхгүй юу. Ийм хариу гараад байна гэдгийг нь л бид хэлж байгаа юм. Бурхны оронд одсон хөгшний тэтгэврийн тодорхой хэсэг нь нөгөө хөгшнийхөө тэтгэвэр дээр нэмэлт болоод олгогдож байх ёстой. 1.5 гэсэн зардлаа төлөөд явж байх ёстой. Ганц манайд ч биш нэлээд олон улсад түгээмэл байдаг зарчим, харилцаа шүү дээ. Тэр утгаараа бид төсөвтөө суулгаж амжаагүй тул 2017 оны төсөвт суулгаад ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр болоод байсан юм.

-Гэхдээ Сангийн сайдын тайлбарласнаар нас барсан нэгнийхээ тэтгэмжийг авч нүгэл үйлдэхгүй, муу ёс гээд ахмадууд захидал ирүүлсэн гэж байсан…

-Монголын ёс заншил хэзээ ч тийм биш байдаг. Би гэхэд өөд болсон эцгийнхээ дээлийг хадгалаад, хааяа санахаараа нөмрөөд сууж байдаг хүн шүү дээ. Монголчуудын сэтгэл тийм байхгүй юу. Насаараа ханилсан хүнээ өөд болоход тэрнээс нь хэзээ ч сэжиглэдэггүй. Харин ч хөгшний минь үлдээсэн буян гээд баярлаж суудаг монголчууд юм шүү дээ. Хаанахын үзэл, шашин номлолд тийм зүйл байдаг юм бол, мэдэхгүй. Ийм зүйл яриад сууж байдаг монгол жудагтай хүн байхгүй л гэж боддог. Хөгшин минь тэнгэрт хальсан ч гэсэн буянаа үлдээлээ гэдэг ард түмэн. Мэнд байхдаа үүнийг надад авч өгч байсан шүү дээ. Энэ байраа тэгж зүтгэж байгаад авсан юм гээд залбирч суудаг. Хөгшин нь өнгөрлөө гээд тэр байрнаасаа гарах нь уу, яах нь уу харж л байхгүй юу.

Аавынхаа үлдээсэн хөөргийг хаях уу, яах уу. Харин ч улам үнэ цэнтэй болдог юм. Надаас холдох тусам улам үнэ цэнтэй, ариун нандин болдог юм шүү дээ. Тэр утгаараа үлдсэн хөгшин нь улам нандигнана, улам гамнана. Миний мэддэг, надад байдаг монгол сэтгэл энэ.

-Ардчилсан намынхан улсын мөнгөөр тансаглаж тансаглаж байгаад явцгаасан. Үүнээс болоод эдийн засгийн хямрал нүүрлэлээ гэдэгтэй санал нийлэх үү?

-Бид ялбал бүх зүйлийг ийм сайхан болгоод аваад явна гэж амлалт өгөөд 65 суудал авсан нам ийм болсон байж гээд хойшоо ухраад байж болохгүй. Тийм эрхгүй байдаг юм. Сонгуулиар ингээд хийчихнэ гээд үүрэг авчихсан юм, тэд. МАН-ын мөрийн хөтөлбөрт мөнгө бага байгаа учраас ингэж танана гэдэг зүйл байгаагүй. Тиймээс сонгогчид биднийг ийм зүйлийг хийнэ гэж итгээд саналаа өгсөн. Бид хийхээс өөр аргагүй гээд явах ёстой. Ардын намынхан маань эргэж буцаж янз бүрийн зүйл ярих биш, бэрхшээлээ сонгогчдод өгсөн өмнөх нөхцөл байдлаас дордуулахгүйгээр авч явна. Тэр аргыг бид олсон гээд явах ёстой.

Үнэндээ Ардчилсан намынхан тансагласан зүйл байхгүй л гэж боддог. Тансаглалын тухай ярих юм бол Монгол Улсын дэд бүтэц, хөгжлийн тал дээр ярих юм бол “тансаглал” байсан байж магадгүй. Нийслэлийг одоогийнх шиг гоё болгох хэрэггүй байсан байж магадгүй. Замыг нь ийм сайхан болгох хэрэггүй байсан байж магадгүй. Үүнийг тансаглал гэж харж байж магадгүй. Хөдөө тийш тавьсан хатуу хучилттай авто замууд хэрэггүй, хуучны донсолгоотой, автомашин нь эвдэрдэг, хэд хоногоор явдаг замыг гоё болгосон “тансаглал” байсан байж магадгүй. Хөрөнгө оруулалтад анхаарч босгосон мөнгөөрөө эдийн засгийн орчинг бүрдүүлсэн нь тансаглал байсан байж магадгүй. Бий болгосон энэ зүйл чинь эдийн засгаа, иргэнээ дэмжээд ирсэн юм. Миний хувьд төсөв гэдэг нарийн зүйлээр битгий шагайгаасай гэж хүсдэг. Хамгийн анхдагч санаа зовох зүйл өрхийн төсөв байдаг. Үүн дээр ярих ёстой. Дараа нь бизнесийн төсөв алдагдалтай болчихвий гэдэгт санаа зовдог байх ёстой. Хамгийн сүүлд улсын төсвийн талаар ярих хэрэгтэй. Би ингэж боддог. Хамтын тэтгэвэр авна гээд нэг хөгшин өрхийнхөө төсвийг 2017 онд төлөвлөөд явж байсан юм. Ийм татварын орчинд би ийм бизнесээ явуулна гэж төлөвлөсөн байсан чинь хууль эрхзүйн орчин нь өөрчлөгдөөд бодож байсан зүйл нь тасалдахвий дээ. Үүнд л санаа зовох хэрэгтэй.

Өнгөрсөн дөрвөн жилд ганцхан Ардчилсан намынхан хийж бүтээсэн гэж хэлэхгүй. Ардын намын 26 гишүүн сууж байсан. Хамтаараа л хийцгээсэн. Төсвөөс юу зараад төсөвт юу орж байна гэдгээр биш нийтийн үнэ, нийтийн үнэ цэн гэж ярих ёстой. Авто зам бий болсноор хотын түгжрэл багасч, хотоос, орон нутгаас тээвэрлэлт хийж байсан бизнес эрхлэгчид энгийн иргэдийн хувьд эдийн засаг талаасаа өгөөжтэй болсон. Энэ үнэ цэнийг зарцуулсан зардалтайгаа харьцуулаад үзэхээр хэмнэсэн мөнгө нь төсөв дээр шууд мэдэгдэхгүй ч өрхийн, бизнесийн гээд жижиг төсвүүд дээр шууд гарч ирдэг. Энэ чинь л үнэ цэн. Тиймээс төр төсвийн эдийн засгаа боддог биш Монголынхоо том эдийн засгийг бодож явдаг. Түүн дотор чинь төсөв гэдэг жижиг зүйл байдаг юм. Ингэж бодож явдаг байгаасай. “Тансаглал” гээд яриад байгаа зүйлс чинь нийгэм, эдийн засагт хийсэн хөрөнгө оруулалтууд шүү дээ.

-Гэхдээ эрх баригчид арай өөрөөр бодоод байх шиг байна лээ?

-Гоё ганган хөшөө босгож барьсан нь юу л бол. Нэг их тансаглаад өөрсдийнхөө цалин хөлсийг нэмээд, орд харш барьж, өрөө тасалгаагаа сайжруулаад явсан нь юу л бол. Сайхан машин унах гэж төсвийн мөнгөөр тансагласан нь юу л бол. Ардын намынхан одоо хүлээсэн үүргээ ухамсарлаж, хөрөнгө мөнгөө босгоод явах цаг болсон. Тиймээс бүх нийтийн оролцоо бүхий эдийн засгийг бий болгохын тулд ажиллах шаардлагатай. Өмнөхөө буруутгаад хэзээ ч зөв зүйлийг олдоггүй. Өмнөх маань алджээ гэсэн бол тэр алдааг давтахгүй явах учиртай. Аливаа зүйлийг цэвэр буруутгачихаар зөв зүйлсийг нь ч бас давхар буруутгачихдаг юм.

-Ардчилсан нам сонгуульд ялагдсанаас хойш шинэчлэл хийх ёстой гэдэг зүйл яригдаж байна. Таны харж байгаагаар тэр шинэчлэл хаанаас эхлэх ёстой юм бэ. ҮЗХ-ны хурал 16-нд хуралдахаар болсон, бас?

-Шинэчлэл гэдэг үгийг их түгээмэл хэрэглэх болж. Гэхдээ Ардчилсан намыг шинэчлэхээс илүүтэй юун дээр алдав гэдгийг нь тодорхойлж, тэр алдааг залруулах нь гол үзэл санаа гэж харж байгаа. Шинэчлэл гэдэг үгээ эхлээд тавьчихаар өмнө нь ямар учраас алдав, юун дээр зөв, юун дээр буруу явчихав, ҮЗХ-ны гишүүдээ хэрхэн сонгодог байв гээд асуудлууд гарч ирнэ л дээ. Ардчилсан намын гишүүд, дэмжигчид гэлтгүй ард түмэндээ хандаж хэлэхэд сонголт гэдэг зүйл ямар нэг үнэ цэнээр хоорондоо солилцдог наймааны хэрэгсэл биш. Сонгогдоно гэдэг нь сонгосон хүмүүсийнхээ өмнө хүлээх үүрэг болохоос сонгосны дараахь өөр дээрээ бий болгох үнэ цэнийн тухай ойлголт биш. Ийм зарчмыг гол сууриа болгоод энэ хэдийд гажиж, энэ хэдийд болохоо болив гэдгээ ухамсарлан засаад явбал намуудын цаашдын төлөвшилд чухал түлхэц болно. Зөв төлөвшил байх ёстой. Зөв төлөвшлийн хурдатгал сайн болно. Тэр байдлаараа төрийнх, тэр байдлаараа сонгогчдынх болдог. Зарим нэг нь даапаалаад та нар ингэж сонгосон. Та нарын хохь гэдэг. Тийм биш. Тэгж болдоггүй юм. Сонгогчид маань өөрсдийн сонголтоо ямар эрх ашгийн үүднээс хийхэв гэдэг сууриа ардчилсан нийгэмдээ зөв төлөвшүүлэх ёстой байхгүй юу. Яагаад зөв төлөвшлийн тухай яриад байна гэхээр 1989 онд ардчилсан хувьсгал хийж байхад төрж байсан хүүхдүүд өнөөдөр 30 нас руу дөхөж байна. Тэр үед 10 настай байсан хүүхдүүд өнөөдөр 40 нас гараад явж байна. Энэ хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Бид биеэрээ мэдэрсэн хүмүүс. Үүнийг мэдрүүлэх хэрэгтэй юм. Тиймээс энэ тал дээр анализ хийгээд явах цаг болсон.

-Намын удирдлагуудын тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай намд алдаж оноод үүнийх нь үр дагавар болоод явж байгаа зүйл бий. Тийм учраас ҮЗХ-гоо хэрхэн сонгож байгуулах, намын дарга түүнийгээ хэрхэн сонгох тухай асуудал гэх мэтчилэн нам, олон нийтийн өмнө үүрэг хүлээсэн багаа зөв бүрдүүлэх тухай асуудал чухал байна. Үүнд нам, олон нийтийн оролцоог хангах тухай асуудал бий. Дараа нь тэдний өмнө үүргээ хүлээх тухай асуудлыг зохицуулах шаардлагатай. Нөгөө талаас бодлогын тухай асуудал байна. Үзэл баримтлалын тухай асуудал байна. Үзэл баримтлалаас гарах зарчим, үзэл баримтлал дээр тулгуурласан хөгжлийн бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Дараагийн асуудал нь нам, парламент хоёрын хоорондын асуудал байгаа юм. Намын төв байгууллага хийгээд орон нутгийн намынхан хоорондын харилцаа гээд олон олон харилцааг дэлгээд тавьж болохоор. Энэ бүгдийг харах юм бол уран нарийн хээ хуар тавьсан даавуу шиг нэхээстэй зүйл байгаад байна.

-Намын дарга хэн байх вэ?

-Тэрийг би яаж мэдэх вэ.

-Та огт сонирхохгүй байгаа юм уу?

-ҮЗХ-ны гишүүн сонирхохгүй байна гэж худлаа хэлж болохгүй. Ямар ч байсан нам, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх хэрэгтэй. Зүтгэлтэй байх хэрэгтэй. Зүтгэлтэй байна гээд, намын дарга болно гээд өөрөө зүтгээд байх биш өрөөл бусдынхаа дэмжлэгээр гарч ирэх ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *