Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Дарьхүү: Өнөөдөр нийгэмд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл бол хүнлэг байдал, хүн чанар, шударга ёс юм


МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор, профессор Р.Дарьхүүтэй манай нийгэм хэрхэн соён гэгээрсэн, ёс суртахууны төлөвшил ямар түвшинд байгаа талаар ярилцлаа.


-Манай нийгмийн соён гэгээрсэн байдлыг та хэрхэн үнэлж дүгнэдэг вэ. Нийгэм соён гэгээрэхийн хэрээр ач тус нь өндөр байдаг. Энэ тухайд та саналаа хуваалцахгүй юу?

-XXI зуун, боловсролын зуун гэж байгаа энэ цаг үед манай нийгмийн хувьд соён гэгээрсэн байдал хангалтгүй гэж бодогддог. Учир нь боловсролын салбарт мэргэжилтнүүд дутагдалтай байна. Боловсролын салбарт төрөөс баримтлах бодлого үгүйлэгдэж байна. Нэг сонгууль болохоор нэг Засгийн газар гарч ирээд нэг шинэ хөтөлбөр ярьдаг. Өмнөхийг биш байсан гэж үгүйсгэдэг ч юм уу. Энэ бол ерөөсөө боловсролын тогтолцоо хүн ардад сайн төлөвшиж чадаагүй, боловсролын ёс зүй гэж чухал асуудал хаягдаж орхигдсон, түүнийг тоодоггүй, энэ чиглэлийн гол шинжилгээ хийж байгаа эрдэмтдийн үгийг сонсдоггүй, хүлээж авдаггүйтэй холбоотой. Хамгийн сүүлийн жишээ гэхэд иргэний ёс зүйн боловсролын хичээл 1-12 дугаар ангид орно гэсэн боловч ёс зүй, философич мэргэжлийн багш судлаачаас нэг ч хүн сурах бичиг зохиогчийн багт ороогүй байна. Боловсрол гэдэг чинь хүний амьдрах чадварт сургах, хүний хүмүүжүүлэх, хүнийг хүн болгох чухал зүйл шүү дээ. Хүн байх мэдлэг ухааны хамгийн ууган нь философи. Түүний бүрэлдэхүүн нь ёс зүй. Ёс зүй нь ёс суртахууныг судална. Ёс суртахуун гэдэг хүний үнэт хөрөнгө юм. Ёс суртахууны хувьд төлөвшиж байж сая л хүн болно. Хүнийг хайрладаг, ойлгодог, хүндэлдэг, хөдөлмөрч, хариуцлагатай, за бол за гэдэг. Энэ бүхэн чинь ёс суртахуун зан чанарын төлөвшлийн асуудал шүү дээ.

Өнөөдөр боловсролын тогтолцоо нь эхлээд англи хэлтэй, олимпиадад түрүүлдэг мундаг хүн бэлтгэнэ гээд нэг талыг бариад явчихсан. Энэ бүхнээс илүүтэй ёс суртахууныг төлөвшүүлнэ гэдэг хамгийн чухал юм. Уг нь иргэний ёс зүйн боловсролын хичээл гэж зөв хөтөлбөр гарч ирсэн боловч амьдрал дээр тус хөтөлбөрийн агуулга нэрэндээ тохирохгүй. Дээр нь тэр хичээлийг заах багшаа бэлдээгүй. Нийгмийн ухааны багш заана гэсэн боловч монгол хэлний багшаар заалгах ч юм уу. Сурах бичиг нь гараагүй. Багш нар нь юу заахаа мэдэхгүй, ном сураглаад явж байна. Энэ нь нийгмийг соён гэгээрүүлдэг яам, мэргэжлийн байгууллагууд нь ажлаа хийж чадахгүй байгааг харуулж байгаа хэрэг.

-Нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг хэн манлайлах ёстой вэ?

-Нийгмийг соён гэгээрүүлэх ажил бол бүх нийтийн үйл хэрэг юм. Мэдээж төр илүү их үүрэг хариуцлага хүлээх ёстой. Хоёрдугаарт, иргэний байгууллагууд байна. Тэд тус тусдаа төсөл хөтөлбөр бариад явдаг, хамтарч ажилладаггүй. Шашны байгууллагууд нийгмийг соён гэгээрүүлэхэд мөн чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Яагаад Монголын нийгэмд гэмт хэрэг буурахгүй, улам харгис хатуу болоод байна гэвэл нийгмийг соён гэгээрүүлэх ажил хангалтгүй байгааг харуулж буй бас нэг жишээ юм. Хичнээн олон хууль гаргалаа ч ёс зүйн хувьд төлөвшөөгүй бол шударга бус зүйл, хулгай дээрэм гарсаар байна.

-Европын орнуудын хүн ардын хувьд ёс суртахууны төлөвшил сайтай тул амьдрахад таатай байна. Нийгэм нь үүргээ ухамсарладаг. Ядаж л зөрөхдөө бие биедээ зам тавиад өгчихдөг. Энэ бүхэн нь амьдрахад илүү таатай, хялбар болгоод байна л даа?

-Үүнийг хүүхдэд багаас нь албан болон албан бус сургалтаар төлөвшүүлж өгч байгаа юм. Эцэг эх, нийгэм хамтаар хариуцлага хүлээж байна. Зөвхөн гэр бүлийн асуудал биш, эсвэл нийгэм, хувь хүн рүү чихдэггүй. Бүх зүйл хоорондоо уялдаатай, шүтэлцээтэй байгаа шүү дээ.

-Нийгэм соён гэгээрээд ирэхээр илүү зөв шийдвэр гаргаж, төлөвшдөг гэдэг. Энэ тухайд?

-Соён гэгээрүүлнэ гэдэг чинь боловсролтой хүн болгоно гэсэн үг. Боловсрол гэдгийг зөв, бүрэн дүүрэн ойлгох хэрэгтэй. Өнөөдөр өчнөөн олон их, дээд сургууль байгаа ч ажилд авах гэхээр боловсролтой хүн олдохгүй байна шүү дээ. Ажлын хариуцлагатай, аливаад үнэнчээр чин сэтгэлээсээ ханддаг байна гэдэг чинь жинхэнэ боловсрол юм. Тэрийг олгоход эцэг, эх ч нэг их ач холбогдол өгөхгүй, сургууль ч энэ тэр ч хэрэгтэй гээд баахан мэдлэг чихээд байдаг. Яг хүн байх ухаан, ёс суртахуун, ерөнхий философийн мэдлэг өгөх нь дутмаг байна. Философийн мэдлэг гэхээр социализмын үед дунд сургууль, ахлах ангид үзээд, их, дээд сургуулиудад заавал судалж улсын шалгалт өгдөг байлаа. Энэ чинь хүний төлөвшил хандлагад нөлөөлж, зөв сэтгэх, бүтээлчээр сэтгэх, шүүмжлэлтэй хандах зэрэг олон чадварыг олгодог байсан. Одоо бол дунд сургууль, их сургуульд ч үзэхгүй байна. Их сургуульд сонгон гээд цөөхөн оюутан л үзэж байна.

Гэтэл баруун гэж дуурайдаг газруудад ахлах сургуульд философи үзэж л байгаа байхгүй юу. Энэ мэтээр ерөнхийд нь хаашаа явах уу гэж удирдан залж чиглүүлдэг боловсролын яам ажлаа хийхгүй байна. Тэнд ажил мэдэхгүй хүн олон байгааг харуулж буй хэрэг. Би асуудлыг шударгаар хэлдэг хүн.

-Манай нийгэмд тэгш бус харьцаа их байна. Дарга нарын ёс зүйтэй холбоотой олон асуудал гардаг. Гэвч буруугаа шударгаар хүлээн зөвшөөрч, хариуцлага хүлээн нийгэмд үлгэрлэж байгаа хүн бараг алга. Бусад иргэдийн хувьд ч гэсэн ёс зүйн асуудал шат бүртээ дутагдалтай байгаа нь анзаарагддаг. Наад зах нь бусдыг ялгаж харьцахаас эхлээд энэ бүхэн илэрдэг. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Ёс суртахуун төлөвшүүлнэ гэж ярих ёстой. Ерөөсөө ёс зүйг хүмүүс их ярьж байгаа. Ярихаас ч аргагүй. Цаг нь болсон. Гэхдээ ёс зүй, ёс суртахуун хоёрыг зөв ойлгох хэрэгтэй. Онолын хувьд ёс зүй гэдэг чинь философи үүсэхэд хамт үүссэн мэдлэгийн салбар юм. Түүний судлагдахуун нь ёс суртахуун. Ёс суртахуун бол нэгдүгээрт хүний үнэт хөрөнгө. Хувь хүнийг үнэ цэнэтэй болгож өгдөг зан суртахууны эерэг чанаруудын нэгдэл юм. Тийм учраас бид ёс зүй биш ёс суртахууныг төлөвшүүлнэ гэж ярих ёстой. Хоёрдугаарт, ёс суртахууны төлөвшил эхийн хэвлийд байхаас эхэлж байгаа юм. Дээр нь гэр бүл, сургууль зэрэг бүх талаас үүнд анхаарч ажиллаж байж хамтын хүчин чармайлтын үр дүнгээр ёс суртахууны төлөвшил хангагдана. Хэчнээн мундаг сургууль төгссөн ч ёс суртахууны хувьд төлөвшөөгүй хүмүүс гарч ирчихээд улс орон, ард түмний эрх ашгийг уландаа гишгэж, хувийн сонирхлоо эхэндээ тавиад, шуналдаа хөтлөгдөж гэмт хэрэгтэн болж улсынхаа нэр хүндийг гутааж байна. Тэгэхээр зэрэг ёс суртахууны төлөвшил гэдэг ямар чухал болох нь харагдаж байгаа биз. Ёс суртахууны төлөвшлийг аль болох сургуулийн өмнөх наснаас нь эхлээд анхаарах ёстой. Нийгэм өөрчлөгдөхөөр хүмүүс бас өөрчлөгдөж байна шүү дээ. Социализмын үед хүмүүс хамтач байсан. Тийм ч учраас нийт нь нэгний төлөө, нэг нь нийтийн төлөө гээд бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс харьцангуй олон байж. Одоо 1990 оноос хойш зах зээлийн нийгэмд орсноор яах аргагүй хувь, хувийн хэвшил давамгайлаад ирэхээр би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн хэт амьтанлаг хувиа хичээсэн үйлдэл давамгайлж нийгмийн ёс суртахуун улам бүр уналтад орж байгаа юм. Тийм учраас социализмын үед хүмүүс шударга, хүнлэг, хөдөлмөрч байсан. Одоо яагаад ядуурал буурахгүй байна вэ. Эцсийн дүндээ залхуу хүмүүс олон байна шүү дээ. Хөдөлмөр гэдэг зүйлийн эдийн засгийн утгаас гадна ёс суртахууны ач холбогдлыг ойлгохгүй байна. Монголчууд ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог гэж ярьдаг. Тэр хөдөлмөр чинь цалин авахаас гадна хүнийг төлөвшүүлдэг, нийгэмшүүлдэг гэдгийг эртнээс хэлсэн байдаг. Тиймээс ёс суртахууныг төлөвшүүлэхэд эртний уламжлалт арга ухаанаас суралцах зүйл их байгаа. Өвгөдийн бор авдар уудлахад их зүйл бий. Одоо гадаадыг шүтэх үзэгдэл хэт дэлгэрснээс болоод таарах таарахгүй баахан хөтөлбөр авчирч тавиад л байдаг. Гэтэл тараахгүй нь олон байгаа. Энэ нь орчин үеийг үгүйсгэж байгаа зүйл биш юм. Уламжлалт болоод орчин үеийн мэдлэгийн шүтэлцээтэй боловсролын салбарыг шинэчлээд явах ёстой. Тухай тухайн үеийн боловсролын салбарыг тодорхойлж байгаа байгууллага , мэргэжилтнүүд үүнд мэргэжлийн үүднээс хандах ёстой. Дандаа мэргэжлийн бус хүмүүс байгаа учир ойлголтгүй байна.

Ер нь ёс суртахууны асуудал дэлхий нийтийнх болсон. Хүн төрөлхтөн мөхөх үү, сэхэх үү гэдэгт тулсан. Өнөөдөр ногоон ёс зүй гэж яриад байна. Байгалиа хайрлах, хамгаалахгүйгээр хүн төрөлхтөн мөхөхөд хүрчихээд байна шүү дээ. Хүний хэрэгцээ өсөөд дэлхий хүний шуналыг даахгүй болж байна. Тэгэхээр зэрэг хэрэглээгээ хязгаарлах, байгалийн зөв зохистой, тэнцвэртэй байдлыг хэрхэн хадгалах уу, ашиглалаа гэхэд хэрхэн нөхөн сэргээх үү. Энэ бүрхэн чинь явж явж эдийн засаг, эрх зүй гэхээс илүү ёс суртахуунаар зохицуулагдах зүйл болж байна. Тэгэхээр зэрэг ёс суртахуун нийгмийн амьдралын бүх хүрээ салбар, мэргэжилд чухал зүйл юм.

-Нэг талаас хууль эрх зүй, нөгөө талд ёс суртахуун төлөвшин зэрэгцэж байж нийгэм тэгш хүртээмжтэй хөгждөг байх. Зөвхөн хуулиар бүхнийг шийдэх боломжгүй шүү дээ?

-Таны хэлсэн зүйл нийгмийн харилцааг зохицуулж байгаа хоёр гол хүчин зүйл мөн. Хуулиар зохицуулагдах зүйл байна, бас зохицуулагдахгүй зүйл ч бий. Өдөр тутмын харилцаанд буюу үр хүүхэд, багш шавийн харилцаанд тэр болгон хууль бариад байхгүй. Энэ нь илүү ёс суртахуунаар зохицуулагдаж байгаа. Дээр нь Монголд хууль шиг их юм алга. Ингээд нийгмийн сайн сайхныг хангаж чадаж байна уу. Тэгэхээр бүгдийг хуулиар зохицуулж чаддаггүй. Угаас ёс суртахуунаар сайн зохицуулчихсан байвал олон хуулийн хэрэг ч байхгүй. Бие биенээ хүндлээд, шударга байж, харилцан ойлголцоод, итгэлцээд байвал хоёр талаасаа хууль бариад байх шаардлагагүй. Өнөөдөр нийгэмд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл чинь хүнлэг ёс, хүн чанар, шударга ёс юм. Энэ чинь ёс суртахууны үнэт зүйл биз дээ.

-Хүмүүст ёс суртахууныг төлөвшүүлж, нийгэмд гүйцэтгэх үүргийг нь нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарах шаардлагатай вэ?

-Философийн боловсролыг төрөөс бодлогоор бүх шатны боловсролын хөтөлбөрт тусгах хэрэгтэй. Өндөр хөгжилтэй улс орнуудад хүүхдэд зориулсан философи гээд явж байна шүү дээ. Бүр багаас нь бүтээлчээр, зөв сэтгэх, юманд олон ургалч үзлээр хандах, бусдад хүлээцтэй байх, бусдыг хүлээн зөвшөөрөх, маргах мэтгэлцэх соёл гэдгийг төлөвшүүлэхэд философи их чухал юм.

-Манайх философи гэхээр гүн ухааны шинжтэй хүндээр тусгаж авах нь түгээмэл байдаг?

-Философи маш өргөн утгатай. Одоо онолын түвшинд, практик философи гэж байна. Практик философийн жишээ нь энэ ёс зүй юм. Нас сэтгэхүйн онцлогт тохирсон хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлээд явъя гэвэл манай их сургуулийг төгссөн 700 гаруй философийн мэргэжилтэн байна. Тодорхой хэмжээний хүний нөөц гэсэн үг. Гэтэл үүнийг ашигладаггүй. Тэгвэл баруун, тухайлбал Германд бүхий л асуудлыг философич нараасаа асуудаг. Яагаад гэвэл философи гэдэг аливаа зүйлийн мөн чанар, утга учрыг жинхэнэ ёсоор нь олон талаас нь янз бүрийн арга зүйгээр тайлбарлаж, ийм ийм арга зүй байна, тухайн нөхцөл байдалд аль нь илүү чухал вэ гэдэг зөв сонголтыг хийх онол арга зүй юм.

-Нөгөө талаас улс төрд нийгмийн тархийг угаах амархан гэж үзэх хүн олон байх шиг байна?

-Зарим хүн ямар ч эргэцүүлэн бодож, шүүн тунгаахгүйгээр бусдын үгэнд шууд итгэж үнэмшээд явчихаж байгаа шүү дээ. Философи үзсэн хүүхэд хэзээ ч тийм байхгүй. Асуудлыг олон талаас нь бодоод, шүүмжлэлтэй ханддаг. Хэзээ ч аялдан дагалдаж, хүний үгэнд хөтлөгдөж явдаггүй. Тэгэхээр өөрийн гэсэн үзэл бодолтой, үнэлэмжтэй байна гэдэг чинь хүн байхын чухал зүйл. Ер нь манайд оюуны соёлын хомсдол их байна. Энэ хомсдолоос гарахын тулд зайлшгүй багаас нь эзэмшүүлэх ёстой боловсрол бол хүмүүнлэгийн ухааны боловсролууд юм. Тэр дотор философи, ёс зүйг ямар ч шатанд үзэхгүй яваад байгаад эмзэглэдэг.

Г.БАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *