Categories
мэдээ цаг-үе

Р.Амаржаргал: Манайд эдийн засгийн боломж их байгаа, Засгийн газар цаашид хэр ашиглаж чадах вэ гэдэг нь л асуудал

“Өдрийн сонин”-ы 2017.08.25-ны баасан гаригийн №181 (5748) дугаараас авч нийтлэв.

“Эдийн засгийн сэтгүүл” ТББ-аас зохион байгуулсан уулзалтад Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал оролцлоо. Түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монголын эдийн засгийн байдлыг хэрхэн харж байна?

-Маш их боломжтой гэж үзэж байна. Жаахан эерэг үзүүлэлтүүд ажиглагдаж байгаа. Худалдааны тэнцэл сайн гарсан. Хөрөнгө оруулалт нааштай байна. Энэ байдлыг цаашдаа яаж авч явах вэ гэдэг нь асуудал.

-Засгийн газар эхний ээлжинд юу хийх ёстой вэ?

-Засгийн газрын зүгээс авах ёстой олон арга хэжмээ бий. Хамгийн наад зах нь намар болж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлууд байгаа. Ургац хураалт гээд шил шилээ дарсан асуудлууд байна. Энэ асуудлуудыг өнөөдөр шийдэх ёстой. Цаг агаарын байдлаас шалтгаалаад ургацын 30 шахам хувийг алдаж байх шиг байна. Үр тариа, хүнсний ногоо ч асуудал үүсгэж байх шиг. Энэ тохиолдолд хүнсний импортын асуудал гарцаагүй үүснэ. Импортын асуудал ярихаар валютын ханш, улмаар валютын нөөцийн асуудал сөхөгдөнө. Тэр бүгдийг тооцож одооноос бэлтгэл ажлаа хангах хэрэгтэй.

-Ирэх оны төсөв нэлээд төвөгтэй болох уу?

-Ирэх оны төсөв ямар болох вэ гэдгээ бодох хэрэгтэй. Сонгууль өнгөрсөн тул популизмгүй, бодит байдалд тохирсон төсөв хийх хэрэгтэй болов уу. Дахиад популизм яриад эхлэхгүй болов уу. Ер нь миний харж байгаагаар засаглаж байгаа юм бол засаглах л ёстой. Элдэв популизм дагаж намираад байх шаардлага байхгүй.

-Засаглах л ёстой гэж юу гэсэн үг вэ?

-Энэ Засгийн газар бол нэг их гайхалтай өмнөхөөс мундаг Засгийн газар биш. Байдаг л нэг Засгийн газар. Гэхдээ газар доогуур ортол муулаад байх Засгийн газар биш.

-Огцрох тухай яриад эхэллээ.

-Энэ бол эрх баригчдын л шийдэх асуудал. Энэ нь ямар үр дагавартай, юунд хүргэдэг гэдгийг МАН-ынхан мэддэг байх гэж бодож байна.

-АН 1996-2000 засаглаж байхад хамгийн сүүлчийн Ерөнхий сайд байсан. Тэр үетэй өнөөдрийг харьцуулбал ямар байна?

-Намайг Ерөнхий сайд байснаас хойш 17 жил өнгөрсөн байна. Энэ хооронд ухаарвал ухаарах, ажиглах, дүгнэлт хийх олон зүйл болсон.

-Тухайн үед байдал ямар байсан бэ?

-Би нэг зүйлд баярлаж явдаг. Хүнээр жишээлбэл тухайн үед цусны эргэлт зогсчихсон байсан. Мөнгөний эргэлт байхгүй. Цалин, тэтгэвэр бага. Түүнийгээ тавьж чадахгүй хүнд үе байлаа. Энэ бүхнийг Засгийн газар шийдэж чадсан. Мөнгөгүй гэдэг байсан. Засгийн газар мөнгө босгож чадсан байхгүй юу.

Өөрөөр хэлбэл бие организм дотор цус чөлөөтэй гүйдэг болгосон. Тэрний ачаар эдийн засгийн эрчим нэмэгдсэн. Өнөөдрийн Засгийн газарт мөнгө олж, тэтгэвэр тавих асуудал байхгүй. Мөнгө бэлэн. Тэр мөнгийг тараах тухай л асуудал байгаа. Өөрөөр хэлбэл хүний цус хангалттай эргэж байгаа. Тийм учраас өнөөгийн Засгийн газар шал өөр асуудлыг шийдэх ёстой. Бүтцийн өөрчлөлтийн асуудыг шийдэх хэрэгтэй. Үүнийг олон жил ярьж байна.

-Яаж өөрчлөх ёстой вэ?

-Санхүүгийн зах зээлийн 95 хувь нь арилжааны банкнаас хамааралтай байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Дээр нь хөрөнгийн бирж, даатгалын тогтолцоо, банк бус санхүүгийн байгууллага, валютын биржийн асуудал гээд олон асуудал шийдэгдээгүй байна. Харахад байгаа юм шиг боловч мөн чанараараа ажиллахгүй байна. Үндсэндээ байхгүй байна шүү дээ. Энэ бүхнийг шийдээгүй болохоор хүсэн хүлээгээд байгаад эдийн засгийн өсөлт гарахгүй байгаа юм. Ийм нөхцөлд эдийн засгийн томоохон өөрчлөлт гарахгүй. Дараагийн асуудал бол хөрөнгө оруулалтын үр ашиг. Хөрөнгө орууллын үр ашгийг яаж гаргах ёстой юм. Ямар механизм байх хэрэгтэйг тодорхой болгох хэрэгтэй. Энэ бүхнийг гарцаагүй бодох ёстой. Дээр нь боловсролын асуудал, хүний амьжиргааны чанар, чадварын асуудал гээд гарцаагүй яригдах олон асуудал хуримтлагдаад байгаа. Энэ олон асуудлыг шийдээд явах шаардлагатай байна.

-Бүс нутгийн асуудлыг та бас хөндөж байсан.

-Бүс нутгийн асуудлын хувьд бид хаана явж байгаагаа тогтоох ёстой. Ямар үүрэгтэй эдийн засагт оролцох вэ гэдгээ харах хэрэгтэй. Саяхан Ерөнхийлөгчийг ХХААХҮ-ийн сайдтай уулзаж байхыг зурагтаар харсан. Яриаг нь сонсож байхад махны ченжүүд л хоорондоо ярьж байх шиг санагдсан. Ингэж, тэгж мах зарах тухай л яриад байгаа юм. Уг нь сайд хүн чинь арай өөр, бодлогын чанартай юм л ярих хэрэгтэй байгаа юм.

-Жишээлбэл юу ярих ёстой байсан бэ?

-Хүнсний асуудал Үндэсний аюулгүй байдалтай яаж уялдах юм. Энэ нөхцөлийг яаж хангах юм гэсэн байдлаар, бодлогын чанартай асуудлыг л хөндөх ёстой байхгүй юу. Монголыг монголоор байлгах салбар мал аж ахуй мөн үү, биш үү. Хэрвээ мөн бол ямар бодлого хэрэгжүүлэх вэ гээд томоор харж бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй болоод байгаа юм. Төрийн зүгээс хэрэгжүүлэх бодлогоо танилцуулах хэрэгтэй. Түүнээс хэн нэгэн арьс ширний наймаачин шиг юм яриад суугаад байж болохгүй.

-Та Ерөнхий сайд байхдаа оросуудад хатуу үгтэй бичиг өгсөн гэсэн. Тэр юу болсон юм бэ?

-Тухайн үед эдийн засаг хүнд байсан. Бүтэц нь ч төвөгтэй. Тухайн үед баруун аймгууд оросоос цахилгаан авдаг байсан. Төлбөрийн асуудал үүсдэг байсан. Харин төлбөрөө хийсэн байхад оросууд цахилгаан тасалсан байхгүй юу. Тэгээд “Төлбөр хийчихсэн байхад цахилгаан таслах тухай асуудал байхгүй шүү” гэсэн бичиг өгсөн. Оросууд асуудлыг дор нь шийдсэн л дээ. Хатуу үг гэдгийн хувьд оросууд л тэгж бодсон байх. Түүнээс тийм хатуу гэхээр үг байгаагүй юм. Харин оросуудад Ерөнхий сайд үг хэлсэн анхны тохиолдол байсан байж магадгүй. Тэр асуудал маш хурдан, богино хугацаанд болоод өнгөрсөн болохоор нэг их нийгмийн анхаарал татаагүй байх. Ер нь бол томоохон сургамж л даа.

-Сургамж гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Зөвхөн оростой харьцахдаа биш. Ер нь эрчим хүчээ дотоодоосоо байнгын хангах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Үндэсний аюулгүй байдал талаасаа ч, эдийн засаг талаасаа ч, гадны улсаас цахилгааны хараат байдалд байна гэдэг өндөр эрсдэл. Тухайн улс санаатай бус, ямар нэгэн осол гарлаа гээд цахилгаан нийлүүлэх боломжгүй болсон тохиолдолд цахилгаан станц барих гээд гүйж болохгүй.

-Өнөөдөр манайх хараат бус байж чадаж байгаа юу?

-Тавдугаар цахилгаан станц гээд олон жил ярьж байна. Бариагүй л байна. Гэтэл манайд цахилгааны нүүрсний нөөц асар их бий. Үүнийгээ бүрэн хэмжээнд ашиглаж, бүс нутгийн зах зээл рүү нийлүүлж чадвал маш их хөрөнгө босгох боломжтой.

-Манайхаас цахилгаан авах улс байна уу?

-Байгаа. Өмнөд хөрш, цаашилбал зүүн өмнөд Азийн орнууд ч их хэмжээгээр авна. Өнөөгийн нөхцөлд аль ч улс хаанаас ч эрчим хүч авах сонирхол их байгаа. Бид өөрсдөө л ажиллах ёстой байхгүй юу. Байгаа боломжоо ашиглаж чадвал эдийн засаг маань тийм ч их сульдсан юм байхгүй л дээ. Тавдугаар цахилгаан станцыг ярьж байгаад чимээгүй болчихлоо. Эрчим хүчний асуудал бол маш чухал. Энийгээ шийдэж чадвал маш олон зүйл, тэртусмаа эдийн засгийн асуудал томоор шийдэгдэнэ.

-Цахилгаанаас өөр чухал асуудал юу байна?

-Нефтийн асуудал маш чухал. Цахилгаан, нефтийн асуудлыг шийдэхэд маш олон эерэг үр дүн гарна. Цахилгаан их байх тусам эдийн засаг эрчимжинэ. Нөгөө талаас түлшний асуудлыг шийдэж чадвал нөгөө доллар гэдэг юмны эрэлт багасна. Энэ хэрээр эдийн засаг тэлнэ.

-Энэтхэгийн нэг тэрбум долларын зээлээр нефть боловсруулах үйлдвэр барина гэсэн яриа байгаа.

-Харин тийм яриа байгаа. Зориглоод хийчих л хэрэгтэй байхгүй юу. Сүүлийн үед бас дуу нь сулраад байгаа юм болов уу гэж хараад байна. Мөнгө нь шийдэгдсэн тохиолдолд шууд эхлэх хэрэгтэй. Дүлэгнээд, удах тусам хэрэгжих нь удааширна.

-Монголд МАНэрх барихаар либерал эдийн засагч нар чимээгүй болчихдог. Оросод бол байнга л үглэж суудаг гэсэн яриа байна.

-Үгүй л дээ. Манай эдийн засагч нар сонгуулийн дараа нэг хэсэг дуугүй болдог нь үнэн. Учир нь шинэ Засгийн газар ямар бодлого зарлахыг харна. Хэрэгжилт нь ямар байхыг хүлээнэ. Энэ утгаараа яаран дүгнэлт хийхгүй, эдийн засгийн бодлогыг харна гэж л хүлээдэг. Засгийн газрыг ямар нэгэн бодлого хэрэгжүүлээгүй байхад юуг нь шүүмжлэх вэ дээ. Одооноос эдийн засагчид тодорхой хэмжээний эдийн засгийн бодлогыг дүгнэх боломжтой болж байна. Эдийн засагчид тодорхой хугацаа өнгөрөөд зарласан бодлого, түүний хэрэгжилтийн үр дүнг харж байж дуугарна. Түүнээс зарласан бодлогыг сонсоод шууд буруу, зөв гээд байх зохимжгүй. Үр дүнг харж байж л үгээ хэлнэ. Манай эдийн засагчид ийм л зарчим барьдаг байх. Хоёрдугаарт нь эдийн засагчдын ярьсан юм нь эрэлттэй байх ёстой. Нийгэм өөрөө эдийн засагчийн үгийг сонсдог, хүлээлттэй байх ёстой. Тэр эрэлт нь байхгүй бол юу ч хэлээд хэрэггүй. Зүгээр л популизм маягаар Засгийн газрыг шүүмжлээд байх нь үр дүнгүй. Өөрөөр хэлбэл ярихын тулд яриад байж болохгүй л дээ.

-Заримдаа эдийн засагч нар нэг зүйлийг хоёр янзаар тайлбарлаад иргэдийг төөрүүлээд байх юм?

-Харин тийм. Эдийн засагч нар нэг хэлээр ярих хэрэгтэй байгаа юм. Жишээлбэл инфляцийн тухай би нэг юм яриад байдаг. Харин өөр нэг нөхөр бас инфляцийн тухай ярьж байгаа байж шал өөр зүйл яриад байдаг. Энэ нь энгийн иргэдэд их төвөгтэй байдаг. Тэгэхээр нэг хэлний түвшинд очсон хүмүүс л ярих хэрэгтэй байгаа юм.

-Эдийн засагчдын ярьж байгаа зүйлийг үнэн эсэхийг яаж мэдэх вэ?

-Ярьж байгаа зүйл нь ямар судалгаанд тулгуурласан, ямар зорилгоор ярьж байгаа зэргийг анзаарах хэрэгтэй. Зүгээр улс төрийн оноо авах, зарим нэг асуудал дээр эрх ашгаа шингээх зорилгоор ярьж байгаа бол нэг хэрэг. Харин том зургаа хараад, статистикийн тоогоо уншиж ойлгоод ярьж байгаа бол өөр хэрэг. Миний хувьд хараад байхад зарим мэдээлэл хэт цээжний пангаар, таван төгрөгний юм аваад арван төгрөгөөр зарснаа эдийн засаг гэж ойлгоод хамаагүй юм яриад байх шиг харагддаг. Хамгийн гол нь судалгаа нь зөв хийгдсэн, түүнийгээ боловсруулж байж ярих хэрэгтэй. Тийм хэмжээнд ярьж байгааг нь сонсох хэрэгтэй байх.

-Та яагаад ойрд чимээгүй байна?

-Би сая яриа хийлээ. Дуу сайн сонсогдоогүй юу. Миний нэг барьдаг зарчим байдаг. Диалектик хөдөлгөөнийг харж байж дүгнэнэ. Өнөөдөр болоод байгаа үйл явдлууд ямар учир шалтгаанаас үүдэлтэй байна. Хэзээ, хаанаас эхэлсэн байна. Эл нөхцөл байдал үүсэхэд юу нөлөөлөв гэх зэргийг харж, судлах хэрэгтэй. Үйл явдлын уялдаа нь хаана байна. Гэх мэтээр олон зүйлийг судалж байж дуугардаг. Тэр утгаараа хаа ч явсан, энд тэнд лекц уншиж явахдаа ч энэ л зарчмыг баримталдаг. Эдийн засгийн түүхийг их хардаг. Энэ үйл явдал маань ямар юм байснаа ямар болж хувирав гэдгийг л илүү хардаг.

-Яг юу болоод манай эдийн засаг ийм түвшинд хүрэв, сайн гэж үзэх үү, муу гэж үзэх үү?

-Дахиад олон хүчин зүйлийн хамаарлыг авч үзэх хэрэгтэй. 1990-ээд онд анх арилжааны банкууд яаж байгуулагдаж байсан гээд түүх эхэлнэ. Аж ахуйн нэгж өөрөө банк байгуулчихаад өөртөө зээл өгсөөр байгаад банкаа дампууруулж байсан түүх байдаг. 1990 оноос хойш 20 шахам банк дампуурсан. Хичнээн олон банкны удирдах ажилтан хэрэг түвэгт оров. Гэхдээ энэ түүх зүгээр л болоод өнгөрсөн юм биш. Маш их сургамж үлдээсэн. Өнөөдөр арилжааны банкууд шал өөр үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл банкныхаа зарчмаар ажиллаж байна.

-Яг өнөөдөр та Ерөнхий сайд байсан бол юу хийх байсан бэ?

-Шууд хэлж мэдэхгүй байна. Хэрвээ гэж яривал олон юм ярьж болно. Нэгэнт чамд итгэл хүлээлгэсэн бол хариуцсан ажлаа чин сэтгэлээсээ сайн хийх хэрэгтэй. Хоёрдугаарт нь хоёргүй сэтгэлээр шударгаар зүтгэх хэрэгтэй. Гуравдугаарт гол цэгээ тодорхой мэдэж байх хэрэгтэй. Тэр цэг дээрээ өнөөдөр анхаарал хандуулах ёстой. Тэр цэг нь өнөөдөр биш маргааш, магадгүй хэдэн жилийн дараа ч илэрч болно. Тэр утгаараа бол өнөөдөр санхүүгийн зах зээлээ барьж авах байсан. Өмчийн эрхийн тухай асуудлыг бас шийдэх хэрэгтэй.

-Өмчийн эрх гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Өнөөдөр хүн өмчтэй болж байна. Харамсалтай нь ямар ч хамгаалалт алга. Өмчтэй хүмүүсийг нийгэм элдвээр хэлж өмчтэй байснаас өмчгүй байсан нь дээр ч юм шиг нөхцөл байдал үүсээд байгаа юм. Өмч өөрөө айдас болж хувирсан. Хөрөнгө, мөнгөтэй хүмүүсийг нийгэм үзэн ядах сэтгэлгээтэй болж байна. Энэ ажиллагааг санаатайгаар зохион байгуулаад байгаа юм шиг харагдаад байгаа юм. Дээр нь өмч, хөрөнгөтэй хүмүүсийг жаахан амжилтанд хүрээд ирэхээр булааж авдаг механизм үүсчихсэн. Жижиг, дунд бизнесийг томчууд нь дээрэлхэж, дээрэмддэг үзэгдэл бий болсон. Жаахан юм хийгээд, бүтээгээд байгаа иргэдээ дарамталдаг болсон. Тэгсэн хэрнээ улс орноо хөгжүүлнэ. Сайхан болгоно. Эдийн засгаа тэлнэ гэх маягийн юм яриад суугаад байгаа байхгүй юу. Картель, монополь үүсээд байна.

-Яаж хүний өмчийг хамгаалах вэ?

-Хуулиар олж авсан өмчинд хэн ч халдах эрхгүй байх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Хэн нэгэн төрийн албан хаагч, тэр тусмаа хуулийнхан хүний өмчид халдахыг хуулиар хориглоно. Хэн ч байсан “Нөхөр минь чи хүний өмчид халдаж байна шүү” гэж хэлдэг байх ёстой. Мөн хүний бизнесийг хорих, саад хийх, булаах зэрэг үйлдлүүдийг хуулиар хориглох хэрэгтэй болчихоод байна. Тэгэхгүй томчууд жижгүүдээ дардаг тогтолцоо бий болчихсон.

-Хэрэгжүүлэхийн тулд ямар хууль гаргах шаардлагатай вэ?

-Нөхцөл бүрдүүлэхэд хамгийн чухал хууль нь хэлцлийн тухай хууль байдаг юм.

-Энэ хуулиар юуг зохицуулах вэ?

-Энэ хуулиар аливаа гэрээ хэлцлийг баталгаажуулна. Хоёр иргэн хоорондоо ямар нэгэн гэрээ хийсэн бол тэр нь хуулиар баталгаажаад, хамгаалагдаад явна.

-Одоо ийм хууль байдаггүй юм уу?

-Иргэний хуулинд хэдэн заалт байгаа. Өөр биеэ даасан хууль бол байхгүй. Миний яриад байгаа хуулиар бол хоёр хүн хоорондоо хуулийн хүрээнд ямар нэгэн гэрээ, хэлцэл хийсэн бол түүний дундуур хэн ч оролцох эрх байхгүй. Тэр хэлцэл шууд хуулиар хамгаалагдана. Гэрээ байгуулчихаад хүн хуураад алга болдог юм гардаг. Энэ тохиолдолд л төр оролцох ёстой. Хууль, шүүхийн байгууллагууд дуудаж авчраад “Нөхөр минь чи гэрээ байгуулсан байна. Үүнийг хуульчлан биелүүл” гэж шаардана. Бусад тохиолдолд хэн ч оролцох эрх байхгүй. Тийм орчин бүрдүүлж байж шинэ бизнесменүүд, шинэ бизнес хөгжинө. Ингэж байж л бидний яриад байдаг дундаж давхарга, эдийн засгийн өсөлт бий болно. Одоогийн байдал цааш үргэлжилбэл баян хоосны ялгаа л нэмэгдээд байна.

-Улсын үйлдвэрийн газрууд 20 гаруй их наяд төгрөгийн өмчтэй гэдэг. Төрд энэ их хөрөнгө байх шаардлагатай юу?

-Би бол хувьцаат компаниудын хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргах хэрэгтэй гэж үздэг. Ер нь бол шаардлагагүй өмчийг хувьчлах ёстой.

-Таван толгойн хувьцааг яах ёстой вэ?

-Таван толгойгоос гадна Эрдэнэтийн хувьцаа ч гэж байгаа. Эдгээрийг эргэлтэд л оруулах хэрэгтэй. Би эдгээр хувьцааг нийтэд өгөх нь зүйтэй гэж үздэг.

-Эрдэнэтийн 49 хувийг яаж шийдэх ёстой вэ?

-Миний бодлоор Эрдэнэтийн асуудал бол сонгуульд зориулсан шоу болж хувирсан. 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ашигласан. Хэрэв хэлцлийн хууль байсан бол өнөөдөр байдал шал өөр байх байсан.

-УИХ-ын тогтоол зөв үү?

-Буруу. Тухайн хэлцэл буруу, зөвийг арбитр л шийднэ. Түүнээс УИХ нь шүүх шиг өмчийн харьяаллын шийдвэр гаргаж болохгүй. Одоо шүүхийн шийдвэр буруу гэдгийг нотлоод байгаа сураг дуулдсан.

-Хэрвээ арбитр Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан гэрээ зөв байна гэчихвэл асуудал шийдэгдэнэ гэсэн үг?

-Тийм.

-Оюу толгойгоос дорвитой гадны хөрөнгө оруулалт алга. Яаж хөрөнгө оруулалтыг татах вэ?

-Оюу толгой тойрсон хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа л даа. Ялангуяа уул уурхайд сонирхож орж байгаа хөрөнгө оруулалт бий. Харин бусад салбарт бол бага байна. Гэхдээ хөрөнгө оруулалтыг зөвхөн биет хөрөнгөөр төсөөлж болохгүй. Засгийн газрын бондууд ихээр зарагдаж байгаа. Үүнийг хөрөнгө оруулалт гэж тооцох ёстой. Чингис, Самурай гэдэг ч бил үү дээ. Тэр бондуудыг гадныхан худалдаж аваад байна гэдэг чинь гадны хөрөнгө оруулалт байхгүй юу.

-Хэлцлийн хууль хөрөнгө оруулах таатай нөхцөл болж чадах уу?

-Яг зөв. Хэлцлийн хуультай бол хөрөнгө оруулагч бүр баталгаатай, итгэлтэй орж ирнэ. Тэд нар чинь ямар ч тохиолдолд хөрөнгө булаагаад авчихгүй юм байна, ямар нэгэн этгээд залилах боломжгүй юм байна гэдгийг гэртээ сууж байгаад л харчихна. Маш том итгэл төрнө. Монгол хүн ч ялгаагүй миний өмч баталгаатай болсон. Цаашид бизнес хийхэд хэн ч дарамтлахгүй юм байна гэдгээ ойлгож авна. Бизнес хийх сэдэл төрнө. Хэлцлийн хууль бол эдийн засгийн маш таатай орчин бүрдүүлнэ.

-Та АН-ын дотоод зөрчил туйлдаа хүрсэн хүнд үед Ерөнхий сайд байсан. Өнөөдрийн МАН-ын байдлыг хэрхэн дүгнэх вэ?

-Яахав дээ. Тухайн үед АН-ын гаргасан алдааг МАН давтаж байна. Шинэ үзэгдэл биш л дээ. Яг тэр үеийн алдааг давтаж байгаа нь л гайхал төрүүлээд байгаа юм.

-Та Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын оронд байсан бол юу хийх байсан бэ?

-Өнөөгийн Ерөнхий сайдтай харьцуулахад надад бол арай амар нөхцөл байсан.

-Яагаад?

-Нэгдүгээрт би отгон Ерөнхий сайд. Ерөнхийдөө тэр үед сонгуульд ялахгүй гэдэг нь мэдрэгдэж байсан. Тийм тохиолдолд улс төрийн ашиг хонжоо хайх, элдэв популизм хийх шаардлага байгаагүй. Бодитой юмнуудаа барьж аваад хийгээд явсан.

Х.Баттөгс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *