Categories
мэдээ улс-төр

Р.Амаржаргал: Би намынхаа яв гэсэн тойрог руу очоод ямар ч байсан нэг суудал аваад л ирдэг

Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарлаж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-АН-аас хэдэн хүн Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн бэ?

-Өнөөдөр Лу.Болд гишүүн бид хоёр бүртгүүлсэн. 13 цаг 40 минут хүртэл нэлээн хэдэн хүн нэмэгдэх байх гэж бодож байна.

Татвар нэмж байгаа асуудлыг та юу гэж бодож байна вэ?

-Би бол буруу гэж бодож байна. Цагаа олоогүй шийдвэр. Эдийн засаг ийм хүнд байгаа үед үйлдвэрлэлээ дэмжсэн, тэлсэн бодлого явуулах ёстой байдаг. Гэтэл эд нар маань эдийн засгийг хумисан алхамууд хийгээд байгаа нь харамсалтай байна.

-Таныг УИХ-ын гишүүн болохдоо дорвитой ажил хийгээгүй гэдэг. Яагаад тойргоо их сольдог юм бэ?

-Надад тойрог солих асуудал байдаггүй. Эцсийн эцэст явсаар байгаад Р.Амаржаргалыг л хамгийн хүнд хэцүү, болохгүй бүтэхгүй байгаа газар руугаа л явуулдаг. Яв гэсэн газар нь очоод ямар ч байсан нэг суудал намдаа аваад ирдэг л байсан. УИХ-ын гишүүн анх болоход дөрвөн жил юу ч хийж амждаггүй. Тал тал тийшээгээ үсчсээр байгаад таардаг.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулгын талаар та юу харж байна вэ?

-Зөвлөлдөх санал асуулга бол зүгээр л зөвлөлдөх л гэсэн утгатай. Түүнээс биш шийдвэр гаргах түвшний асуудал биш гэж харж байгаа. 1200 хүн яавч Үндсэн хуулийг өөрчилж чадахгүй. Олон жил яригдаж байгаа том том асуудлууд байгаа. Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бол ард түмнээрээ санал асуулгаар нэлээд нухацтай ярилцаж шийдэх ёстой гэж бодож байна.

-Таныг бие даасан тоглолт хийгээд байна уу гэж хүмүүс хардаг?

-Би элдэв луйвар, нам дамжсан бүлэглэлд харъяалагддаггүй. Олигархуудын гар хөл болдоггүй. Тэр маань л тэгж харагдуулдаг байж магадгүй.

-ОУВС-гийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Бид асуудлаа төлөвлөж, хэрэгжүүлэхийн оронд яарч сандарсан байдлаар арга хэмжээ авчихаад араас нь нөхөөс юм шиг зүүлт хийх гэж байгаа юм шиг элдэв янзын юмнууд яваад тохиролцоонд хүрч чадахгүй байна гэдэг бол харамсалтай юм. ОУВС-тай манай улс ажиллаж байсан үүх түүх хангалттай байгаа. Урьд нь тохирох юмаа тохироод явж болдог байсан. Энэ удаа дутуу дулимаг бодсон учраас иймэрхүү байдалтай болчихов уу л гэж дүгнэж байна.

Ерөнхийлөгч УИХ-р шийдэгдэж байгаа зарим асуудал дээр хориг тавихгүй байна гэж яриад байна. Та Ерөнхийлөгчид дэвшиж байгаа хүний хувьд юу гэж бодож байна?

Ерөнхийлөгч УИХ, Ерөнхий сайдын ажилд хутгалдаад ороод байх нь зохимжгүй. Гэхдээ үндэсний эрх ашиг шаардаж байгаа үед томоор үүрэг хариуцлага хүлээж байгаа хүн бол хэлэх цагт нь хэлэх л ёстой гэж бодож байна.

За ингээд дуусгая. Өдий өндөр болцгоогоорой.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *