Categories
гадаад мэдээ

Путинтэй холбогдож чадаагүй Зеленский Оросын ард иргэдэд хандаж үг хэлжээ

Өнгөрсөн шөнө Украины ерөнхийлөгч Володимир Зеленский телевизээр ард иргэддээ хандаж мэдэгдэл хийсэн юм.

ОХУ-ын зүгээс эзлэн түрэмгийлэх өндөр магадлалтай болсон тул улс орондоо 30 хоногийн онц байдал зарлаж байгааг тэр энэ үеэр мэдэгджээ.

Эхлээд Зеленский өөрийн ард иргэдэд хандаж, болзошгүй дайны талаар анхааруулсан байна. “Украины ард түмэн, засгийн газар энх тайвныг хүсэж байна. Гэхдээ манай улс руу довтолбол эрх чөлөө, хүн ардаа хамгаалахын тулд бид хариу дайтах болно” гэж Зеленский хэлжээ.

Харин дараа нь тэр Оросын ард иргэдэд хандаж, орос хэлээр үг хэлсэн байна.

Оросын иргэд төрийн хяналттай мэдээллийг зөвхөн хүлээж авдаг тул хэлсэн үгийг нь сонсох магадлал бага болохыг тэр хүлээн зөвшөөрсөн ч “үнэнийг мэдэх ёстой” гэж хэлжээ.

“Хэтэрхий оройтохоос нь өмнө та бүхэн үнэнийг мэдэх ёстой. Тэд та нарт хэлэхдээ Украины ард түмнийг чөлөөлөх зорилготой гэж байгаа. Гэхдээ Украинчууд эрх чөлөөтэй байна. Та нарын телевизээр үздэг Украин, бодит Украин хоёр тэс өөр улсууд юм шүү” гэж тэр хэлсэн байна.

Мөн Украинд үндсэрхэг үзэл дэлгэрч, оросуудыг гадуурхдаг гэсэн шүүмжлэлийг Зеленский няцаажээ.

“Та нарт биднийг нацистууд гэж ойлгуулж байгаа. Нацизмийн эсрэг тэмцэлд 8 сая хүнээ алдсан орон яаж ийм байх юм бэ? Миний өвөө дайны турш Зөвлөлтийн армид алба хааж, тусгаар тогтносон Украин улсын хурандаа цолтой нас барсан. Ийм байхад би яаж нацист байх билээ” гэж Зеленский яриад өөрийнхөө жүүд гарал угсааг бас дурдсан байна.

“Хөршүүд үргэлж нэг нэгэндээ соёлын нөлөө үзүүлж байдаг ч энэ нь тэд нэг үндэстэн гэсэн үг биш. Бид өөр үндэстэн. Гэхдээ энэ нь дайсан болох шалтгаан биш” гэж тэр тайлбарлажээ.

Лхагва гарагт Путинтэй холбогдох гээд чадаагүй тул ийнхүү Оросын ард түмэнд шууд хандаж байгаагаа Зеленский эцэст нь мэдэгдсэн юм.

“Хэрвээ Оросын удирдлагууд бидэнтэй нэг ширээний ард суугаад яриа хэлэлцээ хийхийг хүсэхгүй байгаа бол тэд та бүхэнтэй ярилцаж магадгүй юм. Орос улс дайныг хүсэж байна гэж үү? Энэ асуултын хариуг би хүлээж байна. Хариулт ямар байх нь зөвхөн та бүхнээс шалтгаална” гэж Украины ерөнхийлөгч хэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *