Categories
гадаад мэдээ

Путин яагаад Украинд довтлов? DNN.mn

Өнөөдөр Украины дайн эхлээд бараг гурван сар болох гэж байна. Тэгвэл В.Путин Украинд дайн эхлүүлсний маргааш өглөө нь Оросын “Эрх чөлөө радио TV”-д энэ дайны талаар мэргэжлийн хүмүүс юу гэж ярилцлага өгч байсныг youtube-ийн https://youtu.be/8gU8pgq_4Rk- Зачем Путин напал на Украину? болон энэ сарын 4-ний “Генерал-полковник Леонид Ивашов о том, кто и как принял решение о спецоперации. Что нас ждет” ярилцлагуудаас товчлон хүргэж байна.


Хөтлөгч: Оросын “Эрх чөлөө радио”-гийн шууд нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч Михаил Соколов. Өчигдөр шөнө Владимир Путин Украин руу цэргийн хүчээр довтлох шийдвэр гаргасан. Тэгвэл энэхүү үйл явдалтай холбогдуулан “Путин яагаад Украинд довтлов?” гэсэн асуултад хариулахаар өнөөдрийн манай нэвтрүүлэгт Оросын ард түмний эрх чөлөө намын орлогч дарга Андрей Зубов, улстөрч Владимир Кара-Мурза, АНУ-ын түүхч Юрий Фельштинский нар уригдан оролцож байна.

Андрей Зубов: -Миний хувьд Путины довтолгоо маш ойлгомжтой зүйл. Путин Украиныг эзлэн авч яг л лукашенкожсон Беларусь шиг гартаа оруулж ЗХУ-ын шинэ хуулбарыг бий болгох гэж зорьж байна. Өнөөдөр Украины Херсон мужид дайран орсон Оросын танкууд дээрээ Зөвлөлтийн алх, хадууртай улаан туг мандуулан явж байгаа нь зүгээр ч нэг санамсаргүй явдал огт бус. Энэ бол большевикуудын дайн гэдгийг бусдад харуулж буй хийрхэл. Путин Украины Луганск болон Донецк мужийг тусгаар улс болгосон гэж зарлахдаа “Би та нарт декоммунизац буюу коммунизмыг устгавал яадгийг харуулаад өгнө” гэж уурлаж салгалан байж хөмхийгөө зуун заналхийлсэн нь хоосон зүйл байгаагүйг харуулж буй хэрэг. Украин Зөвлөлтийн гэсэн уламжлалаас татгалзан ардчиллын замыг сонгон барууны улсуудыг чиглэсэн бодлого явуулж НАТО-д ойртох болсон нь түүний уур уцаарыг ийнхүү барж байгаа юм. Үнэндээ Путин өөрөө 2014 онд Украинаас Крымыг хүчээр эзлэн авч Донбасс мужид нь цэргүүд нь довтолсноос болж украинчууд ийм бодлого явуулахаас өөр аргагүй байдалд орсон гэдгийг тэр ойлгохгүй байна. Путин барууны улсуудтай Крымын арлыг Оросынх болгож Украиныг өөрийн нөлөөний бүсэд оруулах гэрээ хэлэлцээг удаа дараа хийх гэж оролдохдоо Байден, Макрон, Жонсон нар “Бид ардчилсан улс.

Аль ч улс өөрийн хувь заяаг өөрсдөө шийдэх эрхтэй. Бусад хүчтэй улс аль нэг сул дорой улсын асуудлыг өмнөөс нь шийдэх эрх байхгүй” гэдэг ардчилсан зарчмаас ухрахгүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Иймээс Путин та нартай эвээр яриад болохгүй юм бол хүчээр ярина хэмээн өнөө үед байж боломгүй, аймшиг, гамшиг дагуулах дайныг Украинд эхлүүлээд байна.

Владимир Кара-Мурза: -XXI зуунд тэгээд бүр төв Европт гамшигт том дайн эхэлсэн нь Владимир Путины хоёр арван жилийн засаглал биднийг юунд хүргэж буйг тодорхой харуулж буй явдал. Жорж Оруэллийн “1984” романд “Дайн бол энхтайван, эрх чөлөө бол боолчлол, мэдлэггүй байх нь аугаа хүч” гэж гардаг чинь өнөөдрийн бидний амьдралд бодитоор хэрэгжиж байна шүү дээ. Яг үүнийг л Путины улсын гэх хэвлэл мэдээллүүд баруун солгойгүй цацаж байна. Яагаад ингээд байна гэвэл манай улс түүхэндээ байнга л дотоод асуудал буюу иргэд нь барууны улсуудын ард түмнээс бүтэн шат доогуур ядуу зүдүү амьдарч ирсэн явдал нь бүр уламжлал болоод тогтчихсон. Энэ дотоод асуудлаасаа иргэдээ холдуулахын тулд Орос улс ямар нэг дайн хийдэг түүхэн уламжлалтай болчихсон. Цагаан хааны үед ч, Зөвлөлтийн үед ч ийм байсан. Өнөөдөр ч ийм л байна. XIX зууны Крымын, ХХ зууны Орос Японы, Зөвлөлт Польшийн, Зөвлөлт Финляндын, Зөвлөлт Афганы болон өнөөдрийн Украины дайн үүнийг баталж байна шүү дээ. Гэхдээ өнөөдрийн Украины дайн Оросын биш зөвхөн Путины дэглэмийн явуулж буй дайн гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй.

Юрий Фельштинский: -Бүх зүйл алган дээр байгаа юм шиг харагдаж байгаа болохоор юу болж байгаа нь маш тодорхой байна. Путин өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-нд Украины эсрэг байлдааны тусгай ажиллагаа бус бүр дэлхийн шинэ дайн эхлүүлсэн. Үүнийг би бүх хүн сонсоосой гэж хүсч байна. Энэ дайнд Орос, Украины хэдэн хүн амь үрэгдэж хэр хэмжээний хохирол учрахыг урьдчилан хэлэх ямар ч боломж байхгүй. Путинд Орост ч, Украинд ч ямар хохирол учрах нь ёстой огт хамаагүй. Путины толгойд Украиныг эзлэнгүүт Молдовыг хүчээр эзлэн эдгээр улсыг Беларусь шиг өөрийн мэдэлд оруулах адын бодол л эргэлдэж байгаа. НАТО-д элсэж амжаагүй Молдовыг хүчээр эзлэн авсны дараа тэр Балтын тэнгисийн гурван улс болон НАТО-гийн гишүүн Польш, Чех, Словак, Унгар, Румыны хилд тулж очно гэж бодож байгаа. Ингээд Путин гурван өдрийн өмнө хэлсэн түүхэн гитлерчин үгээ давтаж барууны улсуудыг буулт хийнэ хэмээн найдаж атомын бөмбөгөөр сүрдүүлнэ гэсэн зорилготой байгаа. Хэрэв Путин ингэж чадвал энэ нь Орос болон НАТО-гийн хооронд дайн эхлэх торгон мөч нь байх болно. Харин энэ дайнд хэн ялагдах нь бидэнд хэтэрхий тодорхой байна.

Мэдээж ОХУ аймшигт бас гутамшигт ялагдал хүлээнэ. Энэ дайн Путин болон Путины дэглэмийн мөхөл байх болно. Харамсалтай нь энэ дайн цус хайр найргүй урсгаж маш их хохирол дагуулах нь гарцаагүй. Иймээс Путины үүсгэсэн дайн бол түрэмгий явуулга бус зүгээр л маш том гэмт хэрэг. Чухам ийм учраас л бидний ганц зорилго бол энэ дайныг сөрөн зогсож, халдан түрэмгийллийг няцаахад нь украинчуудад бүх боломжоор, бүх талаар туслах явдал. Би энэ удаа АНУ болон НАТО-г урьдын адил хөгийн хориг тавих төдийгөөр Путины эсрэг зогсож, болж буй үйл явдлыг зурагтаар тайван хараад сууна гэж огт бодохгүй байна. Өнөөдөр хангалттай тооны түүхчид байгаа учраас бидэнд дэлхийн II дайн дахин давтагдаж байгааг бүрэн ойлгоно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарын 24 бол үнэн хэрэгтээ Гитлер Польшид довтлон орсон 1939 оны есдүгээр сарын 1-н юм. Энэ өдөр Гитлер болон Гитлерийн дэглэм мөхөх эхний өдөр байсан. Энэ удаа ч хоёрдугаар сарын 24 Путин болон Путины дэглэм мөхөх эхний өдөр болчихоод байна. Иймээс энэ бол Путины хийж буй сүүлчийн дайн юм.

ОХУ-ын бэлтгэл хурандаа генерал Леонид Ивашов: -Доод түвшинд цэргүүд яаж ч сайн байлдсан, буруу зүг дайрах шийдвэр гаргах гэх мэт Жанжин штаб нь стратегийн алдаа гаргавал бүх зүйл балардаг. Харин улсын удирдлагын хамгийн дээд түвшинд геополитикийн буруу шийдвэр гаргавал стратегийн төдийгүй дивиз, батальон, салаа, рот гээд бүх доод түвшинд байлдааны ажиллагаа баларч хүч илүү байсан ч ялж чадахгүй ялагдах болдог. Геополитикийн болон стратегийн зөв шийдвэр гаргах чадвартай генералууд ОХУ-д хангалттай байгаа. Харин өнөөгийн Оросын удирдлагын түвшинд ийм чадвартай генералууд алга байна. Үр дүнд нь өнөөдөр буюу тавдугаар сарын 4-ний байдлаар бид хамгийн чухал зүйл болох геополитикийн хувьд ялагдал хүлээгээд байна. Дэлхий нийтээр хаа сайгүй оросуудыг үзэн яддаг болчихоод байна. Ирландын дунд сургуулийн хүүхдүүд оросоор ярьсан сурагчийг зодож байгаа тухай мэдээ ирж байна.

BBC.CNN. REUTERS. NHK. UKRINFORM.TASS.Global Times.Xinhua. Yonhap-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *