Барууны орнууд Оросын нефтэд үнийн дээд хязгаар тогтоосны эсрэг хариу арга хэмжээ авах зарлигт Путин гарын үсэг зурлаа. Түүний зарлигаар үнийн дээд хязгаарыг шууд болон шууд бусаар даган мөрдөж байгаа бүх улс орон, компаниудад Оросын нефтийг борлуулахгүй байхаар шийдвэрлэжээ.
Энэ сарын эхээр “Их 7”-гийн бүлгийн орнууд болон Европын Холбоо, Австрали улсууд Оросын экспортын газрын тосонд нэг баррель нь 60 ам.доллар байх үнийн дээд хязгаарыг тогтоох зөвшилцөлд хүрсэн нь энэ сарын 5-наас хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн. Энэ шийдвэр нефтийн борлуулалтын үнэ баррель нь 60 ам.долларыг давбал Оросын нефтийн тээвэрлэлтэд даатгал, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийг хориглоно гэж заасан юм.. Харин барууны энэ хоригт нэгдсэн орнуудад оросын нефтийг нийлүүлэхгүй байх Путины шийдвэр ирэх оны 2-р сарын 1-нээс 7-р сарын 1-нийг хүртэл таван сарын хугацаатай үргэлжлэх аж. Гэхдээ энэ хугацаанд хоригт хамрагдсан зарим улсуудад нийлүүлэлтийн “Тусгай зөвшөөрөл” өгч болно гэж Путины зарлигт тусгажээ.