Categories
мэдээ нийгэм

Профессор Кэй Минг Ченгтэй дээд боловсролын шинэчлэлийн талаар санал солилцлоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Хонконгийн их сургуулийн Боловсролын сургуулийн Боловсролын бодлогын нэгжийн захирал, Профессор Кэй Минг Чэнг хүлээн авч уулзлаа.

БСШУСЯ-ны захиалгаар Хонконгийн их сургуулийн Боловсролын факультетын багш нар “Заахуй, суралцахуй болон үнэлгээ” сэдэвт тав хоногийн сургалтыг хөдөө орон нутгийн их, дээд сургуулийн 58 багшид явуулсан юм.

Уулзалтын эхэнд БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг, Дээд боловсролын шинэчлэлийн үйл ажиллагааг олон улсын чиг хандлагатай нийцүүлэх бидний зорилтын хүрээнд Монголын нөхцөл байдалд тохирсон арга туршлагыг нутагшуулах, заахуй суралцахуйг дэлхийн жишгээр, сонирхолтой хэлбэрээр явуулж үр дүнтэй болгох, ажил олгогчийн хүсэн хүлээж буй төгсөгчийг сургуулиас гаргахад та бүхний сургалт хувь нэмрээ оруулж буйд талархаж байна гэлээ.

Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд 2014 оноос эхлэн БНХАУ-ын Хонконгийн их сургуулиас зохион байгуулдаг “Дээд боловсролын маргааш” сэдэвт зуны сургалт болон Азийн их дээд сургуулийн зөвлөгөөнд Монголын дээд боловсролын салбарын 80 орчим багш, удирдах ажилтан, эрдэмтэн судлаачид хамрагдсан байна. Энэ удаа сургалтыг Монголд зохион байгуулж, Монголын нөхцөл байдалд тохирсон арга туршлагыг нутагшуулах, дэлхийн боловсролын чиг хандлагыг сургуулийн багш өөрийн хичээл сургалтад хэрхэн буулгах, сургалтаа үр дүнтэй болгох зэрэгт ахиц дэвшил гаргахад чиглэснээрээ онцлог юм.

Профессор, ноён Кэй Минг Ченг дээд боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ тогтолцоо, дээд боловсролын байгууллагууд, суралцах үйл ажиллагааны хэв маягт гурвууланд нь анхаарах хэрэгтэй талаар саналаа хуваалцлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *