Манай замын хөдөлгөөнд буруу болон зөв талдаа жолооны хүрдтэй машинууд оролцдог. Уг нь Монголд замын хөдөлгөөний дүрэм, журам нь зөв талынхад зориулагдсан. Гэрлэн дохио нь хүртэл шүү. Бид баруун талдаа жолоотой машинаар жолооны дамжаанд дадлагажчихаад төгсөнгүүт буруу талдаа жолоотой машин барьдаг. Энэ гажуудлаас үүдээд шинэ жолооч нар шилэн дээрээ “Уучлаарай би шинэ жолооч” гэж цаас наагаад хөдөлгөөнд оролцож байх вэ дээ. Машиныг жолооны хүрдээр ялгаварлахгүйгээр ингэж хослуулах нь асар их сөрөг талтай.
Анх автомашины жолоочийн суудал, жолооны хүрдийг голд нь байрлуулдаг байсан гэдэг. Явцын дунд эсрэг талын хөдөлгөөнөөс сэрэмжлүүлэх үүднээс жолоочийн суудлыг замын тэнхлэгт буюу хөдөлгөөний эсрэг урсгал талд аль болох ойр байрлуулж эхэлсэн байдаг бол зарим үйлдвэрлэгчид замын хажуугийн барилга байгууламж, хайс хашлага, хажуугийн шуудуу гэх мэт саадаас сэрэмжлэх үүднээс эсрэг талд нь жолоочийн суудлыг байрлуулах болж. Энэ үеэс л зөрчил эхэлж, зөв болон буруу талдаа жолооны хүрдтэй машинууд мөргөлдөж эхэлсэн гэж үздэг. Ихэнх улс орнууд жолооны хүрд нь зөв талдаа байдаг машин унахыг ард иргэддээ зөвлөж, зарим нь хууль дүрмээрээ зохицуулаад явж байна.
Австралид зүүн гар талдаа жолооны хүрдтэй автомашин оруулж ирэх бол түүнийгээ баруун гар талдаа жолооны хүрдтэй болгон хувиргах шаардлагатай болно. Шинэ Зеландад зүүн гар талдаа жолооны хүрдтэй автомашиныг хувиараа оруулж ирэн орон нутагтаа унахыг зөвшөөрдөг боловч түүнийгээ худалдахад хүрвэл баруун гар талдаа жолооны хүрдтэй болгож байж худалдах ёстой гэдэг шаардлага тавьдаг.
Яагаад улс орнууд зөв талдаа жолооны хүрдтэй машинаар хөдөлгөөнд оролцохыг шаардаад байдаг нь олон шалтгаантай. Орон зайн баримжаа жолооны хүрднээс их хамаардаг нь судалгаанаас ажиглагджээ. Буруу талдаа жолооны хүрдтэй машинтай явж байхад гүйцэж түрүүлэх үйлдэл хийх түвэгтэй, эрсдэл дагуулдаг. Мөн баруун, зүүн талдаа жолооны хүрдтэй машинуудын гэрлийн тохиргоо нь өөр өөр байдгаас шөнийн цагаар осол гарах үндсэн нөхцөлүүдийн нэг болдог аж. Энэ мэтичлэнгээр зөв, буруу талдаа жолооны хүрдтэй машинуудыг нэг зам дээр хөдөлгөөнд оролцуулах нь харшилдах зүйл олонтой санж. Орос, Перу, Африк, Гана зэрэг орнуудад буруу талдаа жолооны хүрдтэй автомашин ашиглахыг хориглосон бөгөөд хэрэв Японоос машин оруулж ирэхээр бол жолооны хүрдийг ньзүүн гар талдаа жолооны хүрдтэй болгон өөрчилдөг жишиг байна.
Манайх шиг ингэж хоёуланг нь хослуулсныхаа горыг амсч авто ослоор олон хүнээ алдсан улс орнууд буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглож үзсэн ч нэмэр болоогүй жишээ олон байх юм. Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг тас хориглоно гэхээр Япон Улсаас ямар ч машин авчрахгүй болно гэсэнтэй агаар нэг. Гэтэл энэ нь манай нөхцөл, бидний амьдралд нийцэхгүй. Нийт авто машины 56 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй гэсэн судалгаа гарч байлаа. “Приус” маркийн машины эрэлт илт нэмэгдсэнээс энэ хувь сүүлийн үед өссөн талаар албаны хүмүүс ярилаа.
Монголын нөхцөлд япон машин шиг тохиромжтой, байгалийн шалгарлыг даван туулдаг нь техник алга гэдгийг бүгдээрээ мэддэг. Японы аль 1995, 1997 онд үйлдвэрлэсэн машинууд өнгө үзэмж нь муудаагүй, яндангаас нь хар утаа саагихгүй замын хөдөлгөөнд оролцож явна. Манайх шиг замын сүлжээ муу, хөдөө орон нутгийн зам харгуй нь тааруу оронд япон машин шиг давхиж, туулдаг өөр юу байгаа юм. Салон нь бөх, мотор сайтай, битүүмж өндөртэй гээд давуу тал нь их ээ.
Хэдий баруун гарын дүрэмтэй ч Японоос машин оруулж ирсээр л байна, манайхан. Төр засгийн машинуудаас эхлүүлээд хөдөөний малчин хүртэл японы тэрэг жийж байна шүү дээ. Ингэхээр Японд үйлдвэрлэсэн машин гэдэг бол манай хэрэглэгчдийн мөнхийн сонголт байж болох юм. Энэ талаас нь харвал энэ харилцаа цаашид ч явсаар л байх нь. Сая Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурсан нь үүнийг бүр ч бататгаад өгчихлөө. Уг хэлэлцээрээс харахад Японоос машин оруулж ирэхэд оноосоо хамаарч 2000-8000 ам.доллараар хямдарч болохоор зүйл харагдаж байна. Ер нь хоёр орны худалдаанд нэлээд уян хатан байдал илрэх нь тодорхой гэдгийг эдийн засагчид дүгнэж байгаа юм.
Чанартай эд хямдарвал авах нь зүйтэй гэдгийг тэнэг хүн ч ойлгоод наймаалцах гэнэ. Яг энэ үед нь бид жолооны хүрдний асуудлыг нь нааштай шийдүүлчих боломж байна. Япон улс мэдээж бүтээгдэхүүнийх нь эрэлт ихсэхэд баярлана. Бид ч хэрэглэгч нь учир “Та бүхэн машинуудынхаа жолооны хүрдийг зөв болгоод өгнө үү” гэсэн хүсэлт тавихад болохгүй зүйл үгүй юм. Зарчимч, ажилч зантай япон хүмүүс үүнийг ойлгоод жолооны хүрдийг солихоос татгалзахгүй. Дэлхийд жолооны хүрд солих үйлчилгээгээрээ тэргүүлдэг Филиппин, Чили, Саудын Арави зэрэг хэдэн улс байгаагийн нэг нь Япон. Тус улсын жолооны хүрд солих үйлчилгээ үзүүлдэг төвүүд хамгийн их ачаалалтай, захиалга ихтэй байдаг гэдэг шүү. Манай улс Японоос машин импортолдог орнуудын жагсаалтын дээгүүрт ордог. Байнгын үнэнч харилцагчийнхаа хүсэлтийг үндэслээд жолооны хүрдийг зөв болгоод өгчихнө гэдэгт нэг их эргэлзэхгүй юм. Тэглээ ч тус улсын машин үйлдвэрлэгчид харилцагчдынхаа хүсэлтэд нийцүүлэн жолооны хүрдийг нь солиод илгээчихдэгявдал түгээмэл юм билээ.
Бид цаашид Япон машиныг өмнөхөөсөө харьцангуй бага үнээр худалдан авах болж байгаа юм чинь түүндээ жолооны хүрдээ солих үйлчилгээний хөлсөө тооцуулчихаж болно. Дунджаар 1000 гаруй ам.доллар зарцуулагддаг бөгөөд ямар ч машины жолооны хүрдийг түвэггүй сольчихдог гэж байгаа юм. Германы “Mercedes Benz”, “BMW”, Америкийн “Хаммер”-ийн жолооны хүрдийг хоёрхон хоногийн дотор солиод өгчихдөг гэхээр шуурхай л сонсогдоно.
Ийм боломж гарц байхад бид заавал зөв жолооны хүрдтэй гээд Солонгосын машиныг албан шахалтаар барихын оронд өөрсдийн таашаалд нийцсэн, чанартай машинаа жолооны хүрдийг нь солиулаад уначих арга байна. Жолооны хүрдний асуудлыг иймэрхүү аргаар зохицуулж болж байна шүү, та минь ээ. Ийм саналаа нэгтгээд Японы Засгийн газарт, тус улсын машин үйлдвэрлэгчид хүргүүлбэл цаашаа гэхгүй л болов уу. Бүгдээрээ, “Приус”-ээ зөв талдаа жолооны хүрдтэй болгуулаад унацгаая л даа.
Д.ГАНСАРУУЛ