Categories
мэдээ цаг-үе

Практик буудлагын спорт хүнийг сэтгэлзүйн хувьд хүчирхэг, энэрэнгүй болгодог

Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2017” тэмцээнийн үеэр

Монголын практик буудлагын холбооны төв клубийн сургалтын талбайгаас сурвалжлага бэлтгэлээ. Монгол Улсад галт зэвсгээр спорт, сургалтын үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй хоёр холбоо байдгийн нэг нь Монголын практик буудлагын холбоо нөгөөх нь Монголын буудлага спортын холбоо юм байна. Галт зэвсэгтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг гэхээр мэдээж аюулгүй байдал, дэг журам талаасаа маш өндөр хараа хяналттай байх нь тодорхой.

Монголчуудын хувьд галт зэвсэгтэй эрт үеэс харьцаж ирсэн ард түмэн. Амьдрал ахуйдаа, дайн байлдааны үед галт зэвсэг, тэсрэх бодис зэрэгтэй харьцаж ирсэн түүхтэй. Зарим түүхэн сурвалжуудыг сөхөхөд монгол айл өрх цахиур буунаас эхлүүлээд 1-3 ширхэг буутай байдаг байж. Хотыг нь эргээд байдаг хээрийн амьтныг үргээхээс эхлүүлээд цэрэгт мордох хүүдээ зэвсгийг нь зэхдэг байсан байна. Харин энэ уламжлал нийгмийн өөрчлөлт, улс төрийн янз бүрийн байдал, гадна дотны элдэв ил далд бодлогоор олон жил тасарч, нэгэн үе энгийн иргэдийн гар дээр буу гэдэг хэрэгсэл огт байхгүй болж байжээ. Үүнээс улбаалаад монголчуудын дунд буу гэдэг зүйлийг аймшгийн эд, ер нь болдоггүй зэвсэг гэдэг айдас зүрхэнд нь гүн хадаж “Хоосон буу хорин жилд нэг дуугардаг” гэдэг хэлц ч хүртэл гарсан. Гэртээ ганц буутай, тэрийгээ хадгалдаг айл байлаа гэхэд тийшээ ойртох нь бүү хэл зүглэж зүрхэлдэггүй. Үнэндээ монголчууд бид галт зэвсэг гэдэг зүйлтэй иймэрхүү л байдлаар холоос дөлж харьцсаар олон арван жилийг ардаа үдчихээд байна. Ямар учраас, хаанахын бодлогоор монголчууд зүгээр л нэг галт зэвсэг гэдэг техникээс зүрхээ амаараа гартал айдаг болчихсон нь өрөвдөлтэй.Гэтэл дэлхий нийтээрээ галт зэвсгийг хүлээн зөвшөөрч, түүнийг өдөр тутмын хэрэглээ, эзэмших ёстой ур чадварын нэг хэмээн үзээд удаж байна.

Олон улсын практик буудлагын холбоо 1976 онд Олон улсын буудлагын спортын хуралдаанаар албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөнөөр анх байгуулагдсан бөгөөд одоогоор дэлхийн 100 гаруй улс эгнээнд нь нэгдээд байгаа юм байна. Төв нь Канадын Онтарио хотод байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Монголын практик буудлагын холбоо 2010 онд байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулаад долоон жил болжээ. Ерөнхийлөгчөөр нь Д.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн даргаар нь М.Баярсайхан нар ажилладаг юм байна. Практик буудлага нь галт зэвсэг ашиглан богино хугацаанд өгөгдсөн дасгалыг түргэн гүйцэтгэх буудлагын спортын нэг төрөл. Тийм ч учраас практик буудлагын спортын уриа нь “Хурд, хүч, цэц”. Өөрөөр хэлбэл практик буудлагын спорт нь хурд, хүч, цэц гэсэн гурван хүчин зүйлийг тэнцвэртэйгээр ашиглахыг сургадаг аж.

Практик буудлагын спортын үндсэн зорилгуудын нэг нь галт зэвсэгтэй аюулгүй, зөв харьцах ур чадварыг түгээхэд оршино. Энэ спортоор хичээллэснээр санамсар болгоомжгүй үйлдлээс сум алдаж амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлж сурна. Түүнчлэн эл спорт нь хагас зууны турш дэлхийн олон оронд хөгжихдөө санамсаргүй алдаа эндэгдлийн нэг ч тохиолдол гаргаагүй нь дэг журам, аюулгүй байдалд хамгийн сайн сургадаг хатуу чанд спортын төрөл гэдгээ тодорхой илтгэдэг гэдгийг Д.Наранбаатар ерөнхийлөгч хэлсэн юм.

Тус холбооны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр холбооныхоо тухай товч танилцуулсны дараа практик буудлагын төрөл, галт зэвсгийн ангилал, практик буудлагын үед буудагч хэрхэн биеэ бэлдэх, ямар хэрэгсэл өмсч зүүх, ямар дүрмийг чанд биелүүлэх зэргийг нэгд нэгэнгүй тайлбарлалаа. Буудагч галт зэвсэгтэй харьцахын өмнө дараах дөрвөн зүйлийг маш сайн ойлгож мөрдөх ёстой юм байна. Нэгдүгээрт, галт зэвсгийг ямагт, ямар ч үед цэнэгтэй байгаа хэмээн бодож харьцана. Хоёрдугаарт, буудахыг хүсээгүй зүгт буюу байнаас өөр зүгт буугаа хэзээ ч чиглүүлэхгүй. Гуравдугаарт, байны наадах цаадах болоод эргэн тойрныг маш сайн шалгах. Дөрөвдүгээрт, буудахаас бусад тохиолдолд гох дээр хуруу хүргэхгүй. Энэ дөрвөн зарчмыг баримталж чадвал дээр дурдсан “Хоосон буу хорин жилд нэг дуугардаг” гэдэг зүйл огт гарахгүй, тийм боломж үгүй гэдгийг тэд онцолсон юм.

Зүв зүгээр байсан буу гэнэт л нэг өдөр өөрөө дуугарна гэдэг шинжлэх ухаан болоод эрүүл ухаанаар бодоход байж боломгүй зүйл. Энэ бол өнөө л монголчуудын маань бусдад буруугаа тохдог буруу хандлага, сэтгэлзүйтэй холбоотой аж. Хөдөө гадаа, анд явж байгаад буу алдсанаас болоод хүн бэртэж гэмтэх, бүр амиа алдах явдал их байдаг. Ийм хэрэг гараагүй аймаг, сум, нутаг гэж бараг байдаггүй. Ер нь буу алдана гэж юу байдаг вэ гэж Д.Наранбаатар ерөнхийлөгчөөс тодруулбал “Дээр хэлсэн дөрвөн үндсэн зарчмыг биелүүлээгүйгээс л үүдэлтэй.

Буудахыг хүсээгүй зүгт буугаа чиглүүлээд үүрэх буюу тээвэрлэдэг. Хоёрдугаарт, цэнэгтэй мэт бодож харьцаагүйгээс болсон байдаг. Ямар ч тохиолдолд гохонд гар хүрч байж гал алддаг. Энэ зарчмуудыг мөрдөөгүйгээс л буу алдсанаас үүдэлтэй элдэв зүйл болдог” гэлээ. Зэвсэг үйлдвэрлэгчид галт зэвсэг үйлдвэрлэчихээд түүнийгээ 1.5 метрийн өндрөөс янз бүрийн байрлалаас мянган удаа унагаж үзнэ. Ингэж унагахад гал алдахгүй байвал техникийн хувьд тэнцлээ гэж үздэг юм байна. Тэгтэл манайхан ярихдаа “Буу алдаад”, “Буу гэнэт өөрөө буудчихлаа” гэж ярьдаг. Анчдын хувьд ийм зүйл ярьж буу алдаад машиныхаа дээврийг цоолчихлоо гэх нь олонтаа. МПБХ-нд бүртгэлтэй 150 гаруй гишүүн байдгаас идэвхитэй 50 гаруй тамирчин байдаг юм байна. Монголын практик буудлагын холбоо 2012 оноос эхэлж олон улсын тэмцээнийг жил бүр зохиож ирсэн ч сүүлийн хоёр жил тасалдахад хүрээд байгаа аж. Энэ нь спорт буудлагын үйл ажиллагаа явуулдаг холбоодын хувьд сум импортлоход хүндрэл учирдаг. Холбогдох хууль, дүрэм нь бүрэн дүүрэн хэрэгждэггүй болохоор 14 хоногийн дотор л бэлэн болчих зөвшөөрөл бичиг баримт нь сунжирсаар хоёр жилийн нүүр үздэгтэй холбоотой.

Манайхан сумыг спорт, ан, байлдааных гэж ангилаад байдаг. Гэтэл хүчин чадлын хувьд бүгд адилхан л сум. Д.Наранбаатар ерөнхийлөгч энэ мэтээр практик буудлагын талаар болон монголчуудад нийтлэг байдаг галт зэвсгийн талаарх ташаа ойлголтын тухай тайлбарлалаа.

Спорт галт зэвсэг гаргаж ирээд танилцуулаад надад өглөө. Улаан өнгийн оруулгатай, томхон бууг гартаа барьж үзвэл нэлээд хүнд. Нэг кг жинтэй гэнэ. Тэгтэл Д.Наранбаатар ерөнхийлөгч “Энэ бол спортын галт зэвсэг. Та сая мөрдөх ёстой дөрвөн дүрмээс хэдийг нь зөрчсөнөө хэлэхгүй юу” гэлээ. Гэтэл би гар бууг авангуутаа гохон дээр нь хуруугаа хүргээд бууны амыг холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга руу нь чиглүүлчихсэн байлаа. Дайзыг нь авчихсан хоосон байсан учраас дотроо сумгүй л гэж бодсоноо хэлбэл “Галт зэвсгийг ямагт цэнэгтэй байгаа хэмээн бодох ёстой” гэдгийг санууллаа. Хүүхдүүд багаасаа л тоглоомон гар буугаар тоглохдоо гохон дээр нь хуруугаа хүргээстэй байдаг. Яг л тэр зуршлаар жинхэнэ гар бууны гохон дээр хуруугаа хүргэчихсэн нь практик буудлагын спортын хамгийн том зарчмын нэгийг зөрччихсөн хэрэг боллоо.

Ан хийдэг, анд хорхойтой гэгддэг хүмүүс Практик буудлагын холбоонд элсээд үйл ажиллагаанд нь оролцоод сургалтад нь хамрагдаж галт зэвсэгтэй холбоотой зөв дадалтай, тодорхой хэмжээний мэдлэгтэй болоод ирэхээрээ анд явах сонирхолгүй болчихдог гэнэ. Практик буудлагын спортоор хичээллэхэд мэдээж галт зэвсэгтэй харьцдаг болохоор маш өндөр хариуцлага шаардахын зэрэгцээ гүйж харайх зэргээр биеийн хурдтай хөдөлгөөн давхар хийдэг учир сэтгэлзүйн хувьд өөрийгөө таньж эхэлнэ. Галт зэвсэгтэй харьцаж, олон сум гаргасны дараа хүн гэдэг амьтан ямар өндөр ур чадвар, хурдтай болохоо мэдэрч эхэлдэг гэнэ. Ингэж энэ спортоор хичээллэснээр хүн өөрийгөө, өөрийнхөө дотоод ертөнцийг шинээр нээдэг юм байна. Үүнийг эдний холбооныхон сэтгэлзүйн хувьд гэгээрч байна гэж үздэг аж. Өнөө анд яваад амьтны амь таслаад байсан хүн өөрийнхөө дотоод сэтгэлийг таньж, өөрийгөө өөрөөр мэдэрч эхэлнэ. Учир нь ангаас илүү таашаал, хурд, хүч, цэцийн гайхамшгийг энэ спорт өгдөг аж.

Улс орнуудын хувьд төрийн бодлогоороо иргэдийнхээ хэдэн хувийг галт зэвсэгтэй байлгах вэ гэдэг нь харилцан адилгүй. Харин манай улсын хувьд иргэдийн төдөн хувь нь галт зэвсэгтэй байна гэсэн баримт бичиг байдаггүй. Монголд нийтдээ 50-иад мянган галт зэвсэг эзэмшигч байдаг гэхээр энэ нь нийт хүн амын 1.6 хувь гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын 100 хүн тутмын 1-2 хүн нь л галт зэвсэгтэй байна гэж үзэж болно. Гэтэл АНУ-ын нийт хүн амын 89 хувь буюу бараг 90 хувь нь галт зэвсэг эзэмшдэг. Харин энэ хувь Швейцарь, Финландад 30-50 байх жишээтэй. Израйль, Швейцарийн хувьд энэ тал дээр их онцлогтой. Ялангуяа Израйлийн хувьд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй цэргийн алба хаадаг. Иргэн-цэрэг гэх статус байдаг учир энэ хувь өндөр. Монгол Улсын хувьд 13 дугаар зууны үед иргэн-цэрэг гэсэн ойлголт ч байсан болохоор энэ нь шинэ зүйл биш. Энэ талаар Монголын практик буудлагын холбооны тэргүүнээс тодруулбал иймэрхүү зүйлийг манай холбооны үйл ажиллагаатай ерөөсөө холбож ойлгож болохгүй. Энэ бол спорт. Спорт гэдэг талаас нь хүлээн авах нь зүйтэй гэдгийг хэлээд “Ямар ч спорт хүнийг хөгжүүлж, бие, сэтгэхүйн талаас эрүүл саруул байхад чиглэгддэг. Практик буудлагын холбоо ч энэ үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэтэл энэ талаас нь харахгүйгээр эсрэгээр нь ойлгох гээд байдаг тал байдаг учир аль болох спорт талаас нь хүлээн авах хэрэгтэй” гэсэн юм. Ингээд сургалтын талбай руу нь очлоо. Эднийх сургалтдаа гар буу, карбин, урт буу буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар дробинк (shot­gun) ашигладаг юм байна. Холбооны гишүүдийн дунд эмэгтэйчүүд бий гэнэ. Насны хувьд ч янз бүр. Энэ спортын талаар дэлгэрэнгүй мэдээллийг холбооных нь www.ipsc.mn вэб хуудсаас үзэж болно. Эдний холбоонд элсч байгаа хүмүүс шууд л спортын галт зэвсгийг аваад байгаа буудаад буудаад явчих юм шиг сэтгэгдэлтэй орж ирдэг гэнэ. Гэтэл үнэндээ тэднийг харахаар хөдөөний мотоцикль унадаг малчин эсхүл хотод дулааны улиралд мотоцикль унадаг хүн орж ирээд “Би “Дакар ралли”-д уралдъя. Намайг тэр тэмцээнд оруулаад өг” гэж байгаатай адил сонсогддог гэнэ. Анд явдаг, өмнө нь галт зэвсэгтэй хичнээн ч жил харьцсан бай ямар ч хүн орж ирээд цагаан толгойн “А” үсэгнээс эхэлж байгаа мэт бууг хоёр гараараа хэрхэн барьж, яаж зогсох, биеэ ямар байрлалд байлгах, яаж харах зэргийг нэг бүрчлэн сурах ёстой юм байна. Тэр дагуу надад спорт гар буу бариулаад зогсолт зэргийг сайн зааварлаад бай руу буугаа яаж чиглүүлж, гохоо хэзээ хэрхэн яаж дарахыг олон дахин давтууллаа. Нэг хөдөлгөөнийг гурван мянгаас дээш удаа давтаж байж сая зуршил болгодог юм байна. Зориулалтын чихэвч, нүдний шил, саравчтай малгай, хувцас хэрэглэл зэргийг өмсөх ёстой. Бууны гохонд гал нээх үед л хуруугаа хүргэх ёстой. Бусад үед хэзээ ч, яасан ч гохон тус газар хуруугаа хүргэж болохгүй. Үүнийг холбооны тэргүүн дахин дахин сануулж байлаа. Практик буудлагаар хичээллэсэн хүн галт зэвсэг хэмээх хүчирхэг техникийг эзэмшсэнээр өөртөө итгэлтэй болж сэтгэлзүйн хувьд өндөр түвшинд очдог бөгөөд тэр хэрээр эргэн тойрныхоо хүн, амьтад, байгалийг хайрлах, энэрэх сэтгэлтэй болж, өөрөөсөө сул дорой нэгнийг өрөвдөж хайрладаг энэрэнгүй сэтгэлтэн болдог юм байна.

Манайд энэ спорт сүүлийн үед сайн хөгжиж байгаа ч гаднаас сум оруулж ирэх асуудал тун хүнд байгаа юм байна. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй манай шилдэг буудагчдын хувьд сумны хомсдолтой байдаг. Тэд долоо хоногт 60-80 ширхэг сумаар бэлтгэл хийдэг бол гадны буудагчид долоо хоногт 1500-7000 сум бууддаг. МПБХ болон МБСХ-ны 400 гаруй тамирчны жилд бууддаг сум гадны орны нэг тамирчны жилийн хэрэгцээтэй тэнцэж байна. Ийм учраас сум импортлох тал дээр төр засгийн зүгээс анхаарал хандуулах хэрэгтэй байгааг Практик холбооныхон хүссэн юм. Эдний холбооны тамирчид одоогоор тив, дэлхийн томоохон тэмцээнд цэцээ сориогүй ч бүс нутгийн зарим тэмцээнд өрсөлддөг юм байна.

Гадны орнуудын хувь галт зэвсэг эзэмшихийг тусгай соёл хэмээн үздэг. Машин бол техник. Галт зэвсэг ч техник. Машиныг тусгай сургалт, дамжаанд сууж жолоочийн үнэмлэх авснаар жолоодох эрхтэй болдог бол галт зэвсгийг ч тийм маягаар мэдэж судалж эзэмшвэл хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *