Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ПОПУЛИЗМААС ЛУЙВАР ДЭЭРЭМДЛЭГ РҮҮ

Баабар ингэж өгүүлэв

Дэлхийн II дайн Европ, Азийг үнсэн нурам болгон сүйтгэсэн боловч дайн болоогүй Хойд, Өмнөд Америк тив эндээс мөнгөн утгаараа нэлээд хожоотой гарсан юм. Энэ дундаа байлдагч орнуудыг түүхий эд, хүнсээр илүүтэй хангаж байсан Аргентин орон маш их баяжсан. Дайн дуусах үед Аргентин нь дэлхийн хамгийн баян орны нэгд тооцогдон, эдийн засагчдын тооцоолсноор Үндэсний үйлдвэрлэлээр Канадыг гүйцээд иржээ.

Дайны дөнгөж дараа Аргентиний Ерөнхийлөгчөөр хурандаа Хуан Пэрон гэгч гараад ирлээ. Тэрээр үндэсний энэ их хуримтлагдсан баялгийг шударга хуваарилах тухай номлож, гол нь энэ үзэл бодолд нь маш ихээр автсан Үйлдвэрчний эвлэлийн халуун дэмжлэгээр төрийн эрхэнд гарсан юм. Үзэсгэлэнт эхнэр нь уран гоё ярьдаг болохоор ард түмэнд ч их таалагдана, тэр л дэмжлэгээр эхнэрээ дэд Ерөнхийлөгч болгосон юм. Мадоннагийн тоглосон “Эвита” хэмээх кинонд уул хүүхний дүр тод гардаг.

Эхнэр нөхөр хоёр нийгмийн баялгийг ёстой нэг цацах шиг боллоо. Ердөө хэдхэн жилийн дотор тэр их хуримталсан баялгийг нийт ард түмэнд цацаад дуусгав. Цалинг байнга нэмнэ, шагнал урамшуулалд гар татахгүй, арван гурав дахь сарын цалин гэж анх тэнд гарчээ. Хүүхдийн, хуримын, төрсний, сурсны, өвдсөний, тэтгэврийн, ядуурсны гэх мэт үй олон тэтгэмж бодож олсноос гадна тарьсны, ургуулсны, өсгөсний, хөрөнгө оруулсны, ажил байр буй болгосны, шинэ санаа олсны гэх мэт өч төчнөөн урамшууллыг буй болгов. Ард түмэн ч Ерөнхийлөгчдөө болон эхнэрт нь талархаад ханадаггүй.

Алив сайхан юм төгсгөлтэй байдаг болохоор тавиад оны эх гэхэд Аргентины мөнгөний авдар хоосорч, улс орон дампуурлын ирмэгт ирэв. Ард түмэн хайрт удирдагчдаа дургүйцээд эхэллээ. Ингэнгүүт Пэрон энд тэндгүй ард түмний дайсан илрүүлж гарах нь тэр. Католик сүм, сөрөг хүчин, ротари клуб, нэр бүхий сэтгүүлчид… Засгаа авч үлдэхийн тулд тэрээр эгшин зуур харгис дарангуйлагч болсон, гэвч цэргийнхэн эргэлт хийж мань хүн Европ руу зугтаав.

Үүнээс хойш Аргентин өөдлөөгүй. Ядуурал, гуйранчлал, өр зээл… Ард түмэн Пэроны тостой үеийг санагалзсаар, Пэрон л эргээд ирвэл бүх юмыг янзлаад өгнө гэсэн горьдлого. Гадаадад цагаачилсан өвгөн 1973 онд эзгүй мөртөө сонгуульд ялж Ерөнхийлөгч боллоо. Ард түмэн тэгтлээ санажээ, түүнийг. Гэвч тэр настай хүн Ерөнхийлөгч болонгуутаа үхсэн, орыг нь гурав дахь эхнэр Мариа нь эзэлсэн боловч Аргентин улам ядуурав. Цэргийнхэн, эсвэл популистууд төр ээлжлэн эзэрхийлдэг үлгэр жишээ орон. Популизм хийж хүмүүсийн ядуу байдлыг өөр тийш нь татахын тулд Англитай байлдаж үзлээ, дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээн зохион байгуулж үзлээ, эхнэр нөхрийг ээлжлэн сонгож үзлээ, ингэсээр өнгөрсөн жил улс нь төлбөрийн чадваргүй болсноо зарлах шив.

Ийнхүү Латин Америкийн популизм гэсэн улс төрийн ухагдахуун буй болсон юм. Үүний сүүлийн үеийн жишээ нь Венесүэл. Ерөнхийлөгч Уго Чааваас үхэхэд энэ ард түмэн нийтээрээ уйлж унжихыг зурагтаар харсан монголчууд шүтэн биширсэн. Ард түмэндээ хайрлагдсан удирдагч гэдэг чинь ийм л байдаг юм байна, бид хэзээ нэг ийм удирдагчтай болно доо хэмээн гаслан толгой сэгсрэх олон хүн байсныг санаж байна уу? Нефтийн үнэ тэнгэрт хадахад Америк тивийн хамгийн их газрын тостой Венесүэл мөнгөндөө хахаж хаданд гаран олсноо хайр найргүй ард түмэндээ хүртээсэн учраас л тэд хайрт Ерөнхийлөгчөөсөө хойш яана даа хэмээн уйлж унжиж буй нь тэр. Чааваас их мөнгө үзүүтээ дэлхий даяар латин америк маягийн социализм байгуулна хэмээж олсон долсноо Америк тив бүү хэл алс Европын Беларуст хүртэл цацав. Ирээдүйн мөнхийн амгалан дэлхийг гардан байгуулж энх тайвны Нобелийн шагнал хүртэх санаа. Социализмын дайсан нь мэдээж АНУ учир харааж загнах битгий хэл хөрөнгө оруулагчдыг нь хөөж гаргав. Коко колаг хүртэл хорьсон гээ. Гэхдээ азтай золиг, нефтийн үнэ унаж хямрал эхлэхийн дөнгөж өмнө урьтаад үхчихсэн. Улсын сан хоосорлоо, тостой үе өнгөрч ядуурал гуйранчлал эхлэв. Мэдээж нийгмийн ухамсар дорой ийм газар Чааваас биш амьд байгаа түүний залгамжлагч л буруутаж таарна. Энд тэндгүй эсэргүүцэл, тэмцэл, жагсаал. Залгамжлагч нь ч таарсан амьтан, Пэроны нэгэн адил дарангуйлал руу хальтарч эхлэв. Барааны хомсдол үүсмэгц албаар ийм байдалд хүргэлээ хэмээн үйлдвэрлэгчдийг дарамтална, дэлгүүрийн гадаа оочир үүсмэгц зориуд ингэлээ хэмээн эзнийг нь баривчилна.АНУ-ын захиалгаар дэлгүүрийн эзэд зориудаар кассчингаа цөөлснөөс болж байна хэмээн Ерөнхийлөгч Мадуро мэдэгдлээ. Гэвч энэ нь АНУ-аас ч биш, кассчингаас ч биш, байсныгаа хамаагүй цацаж популизмдсан учир түүхий эдийн үнэ унахаар модоо барьж байгааг тайлбарлахад заавал эдийн засагч байх албагүй л дээ. Хоосорч үгүйрсэн Венесүэлд хүнсний болон эм тарианы яаралтай тусламж үзүүлэхээр Латин Америкийн 12 орны Засгийн газар шийдсэнээ сая зарлалаа.

Улсаа хоосолдог ийм хэлбэрийг улстөрийг Латин Америк маягийн популизм гэдэг бол голдуу Африкийн байгалийн баялаг бүхий орнуудад гарч буй улс төрийн бодлогыг “нигери маягийн популизм” гэнэ. Нигери бол Африкийн хамгийн том орон, нефтийн баялгаар дэлхийд дээгүүрт орно. Нигерид бэлэн мөнгө, халамж тараахаасаа илүү улс орноо хөгжүүлэх том том аварга төслүүд яригддаг. 1973 онд нефтийн үнэ гэнэт олон дахин өссөнөөр нигерчүүд дэлхийд байхгүй аварга төслүүд хэрэгжүүлэхээр боллоо. Юун түрүүн Африкийн хамгийн том хот болох нийслэл Лагосоос 600 км зайтайгаар цоо шинэ нийслэл босгохоор шийдлээ. Засгийн газар Европын бүх орнууд, ЗХУ-д цемент захиалсанд эдгээр орнууд захиалгыг нь арай гэж дийлж байв. Цемент хэрэглээгээр дэлхийд нэгд орж байсан. Эхний ээлжинд 600 км газар сүпэр зам татлаа. Шинэ гэгдэх нийслэлийнхээ шав дээр баахан барилгын суурь цутгалаа.1980 он гэхэд нефтийн үнэ тогтворжлоо. Шинэ нийслэл ч лөөлөө. Харин энэ 6-7 жилийн хооронд хоолонд орох гэсэн хэд хэдэн Засгийн газар солигдож улсаа дээрэмдээд дуусчээ. Хожим НҮБ-ын тооцоолсноор энэ богино хугацаанд хэдхэн Засгийн газар нийтдээ 100 тэрбум доллар луйвардсаныг тогтоосон.

Төрийн луйвар ард нийтийн дагах үлгэр жишээ болж хөрөнгөтэй болгоныг тонох дээрэмдэх ажиллагаа улс даяар эрчимжсэн. Газар ус, байгаль дэлхий, үндэсний эрх ашгаа хамгаалсан төрийн бус байгууллагууд компани болгоны дэргэд буй болон тэднийг дарамтлан тонож гарав. Ясыг нь цайтал дээрэмдэх тул улс орныг авч явдаг, татварыг нь бүрдүүлдэг компаниуд ээлж дараалан дампуурлаа. Нигерт асар их хөрөнгө оруулсан титан олзворлох герман компани байгаль орчин хамгаалагчдын дарамтад орж тэсэхээ болиод нэгэнт хийсэн ухсанаа дэлбэлэн газрыг нь тэгшилж яг хуучин байсан шиг нь сэргээгээд гарч одсон нь ийм олон тохиолдлын ганц нь юм.

Монголын популист улстөр түүхэн замналаар “дэвшсээр” хэд хэдэн шатыг дамжин, өдгөө тонуул дээрэм гэсэн хөгжлийнхөө дээд шатанд орж байна.Гурван үе дамжсан социализмын урт хугацаанд энэ нь “пропаганд” гэгдэх үзэл суртлын аргаар явсан. Мэдээллийн бүх сувгийг хаагаад ганц өөрийн пропагандыг зогсоо зайгүй албадан түлхэх энэ аргыг Жоорж Орвэл “тархи угаах” гэж нэрлэсэн. Америкийн империализм, Японы тагнуул, Хятадын маостууд манайхыг алчих гээд байна, дотор талд тэдний тагнуул туршуулууд дүүрчиж гэсээр баахан дайснуудыг нэрлэн айлгачихна. Тэгээд л бид диваажин болсон коммунизмд удахгүй очиж жаргаж үхнэ, 80 он гэхэд социализмын материал техникийн баазыг байгуулж дуусна, 2000 онд социализм байгуулаад дуусчихна гэж амлах нь диваажин амладаг шашинтай их төстэй. Дэлхий дээр энд тэндгүй хүмүүс турж үхэн боолчлогдон зовж байхад гагцхүү ЗХУ, Монгол хоёрт л хүмүүс нь цатгалдаад жаргалтай амьдарч буй тухай чихэнд чийр болтол янших нь яван явсаар таг хаалттай нийгмийн ухамсар дорой ард түмэнд итгэл үнэмшил болно.

Нийгэм нээлттэй болонгуут ямархуу хөгийн гуйранч амьдралтай байснаа хүмүүс нүдээр үзэж гутарлаа. Олон жил шоронд суусан хүн гэнэт гарч ирхээрээ нийгэмшиж чаддаггүй, бусдын хангалуун амьдралд атаархаж юун түрүүн дээрэмдэх, тонох, хулгайлах санаа орж ирэн бушуухан ижил түвшинд очих тэчъяадалд автдагтай адил нийгмийн үзэгдэл манайд болсон доо. Энэ тэчъяадлыг л номхтгохын тулд болов уу, “Азийн бар”, “угтуулан товчилж хөгжих”, “жижиг дунд үйлдвэр”,“дахин сэргэх Чингисийн Монгол” зэрэг үлгэрүүд цувсан байх.

Шинэ үеийн жинхэнэ популизм 2000 оноос эхтэй. “Мянганы зам” гэсэн туульсыг шинэ Засгийн газар хайлж эхэллээ. Тэр үед урт урт зам барих мөнгө ч байгаагүй, ер нь ямар учиртай зам барих гээд байгаа тухай тооцоо битгий хэл төсөөлөл ч байхгүй байлаа. Урьд нь Олон улсын санхүүгийн байгууллагын зээлээр нэгэнт баригдсан байсан Сэлэнгийн замыг зааж баахан сайрхав. Лүнгийн замыг дахин засав. Одоо хэн ч бараг явдаггүй Өгий нуурын замыг сонгуулийн суртчилгаа болгож шинээр туушиндсан байх. Үүнээс гадна Нямдоржийн, Бадамжунайгийн зуслангийн байрны яг гадаа үүдэнд нь тулж очоод зогсдог зам гүүр энэхүү “Мянганы замд” багтах юм байна. Харин эндээс “замын тэндрийнхэн” хэмээгдэх томоор иддэг анхны луйварчид төрөн бусдадаа үлгэр жишээ болох болов. Зам барихдаа өргөнөөс нь танах, зузаанаас нь хусах шинэ санаачилгууд тэгэхэд нэвтэрсэн. Өнөөгийхөөс арав дахин ядуу байсан зүдүү улсаа тонох домог ингэж эхэлсэн! Түрэгийн хөрөнгөөр барьсан Архангайн Күлтгэний хөшөө хүрэх зам бол үүний тод жишээ. Нохойн хэлнээс өргөнгүй тэр замд түрэгүүд арай илүү мөнгө өгөө байлгүй дээ. Хожим Эм Си Эс компани хил хүртэл метрийн зузаантай, олон улсын стандартад таарсан зам өөрийн хөрөнгөөр татахад улсын санхүүжилтээс хавьгүй хямд туссан гэж байгаа!?

2004 оноос зах зээлд түүхий эдийн үнэ өссөнөөр монголчууд төр засагтайгаа, ард түмэнтэйгээ тонуулчин дээрэмчин болох замынхаа эхлэлийг тавилаа. Латин Америк маягаар бэлэн мөнгө тараах аян улсын санг хоосортол арваад жил үргэлжлэв. Тараагаад байгаа мөртөө хууль тогтоогчдоос авахуулаад төрийн албаны доод шатны төлөөлөгч болох хорины дарга нарт хүртэл ямар их өгөөжөө өгсөн гэж санана? Сонгууль далимдуулж эзгүй газар хиймэл хороо хорин байгуулан амьгүй албат хэдэн мянгаар нь төрүүлэх ба дараа нь тэдэндээ тэтгэмж халамж авч гударч байлаа шүү дээ. Бэлнээр тараасан мөнгө дөрвөн тэрбум доллар буюу улсын нийт нөөцөөс давсан. Их багын ялгаа л байгаа болохоос үүнийг нийт ард түмнээрээ Латин Америк маягаар хувааж идээд жорлон руу асгасан.

Популизмын дараагийн шат болох луйвар дээрэм тонуул улс баяжихын хэрээр эрчимтэй урагшиллаа. Улс тонох арга баяжин хөгжиж хэдэн зуун хувилбартай болсон. Ямааны, сүүний, тариалангийн гэх мэт урамшуулал бол үйлдвэрлэл болон ард түмнийг харж үзээд байгаа юм биш, мөнгө зувчуулах олон аргын л нэг. Огт ашиглагдахгүй, огтоос илүүц тоног төхөөрөмж, барилга байгууламж, зам харгуй, тэр байтугай улсын болон зээлийн үйлдвэр олныг “ашиглалтад оруулсны” нийлбэр дүн хамгийн багаар бодоход зургаан тэрбум доллар. Өнөөх Нигерийн цементийн захиалга шиг л юм даа. Олон ч хүнийг цулайлгасан даа.

Араас нь энэ тонуулд ард түмэн маань хамрагдлаа. Одоо байгаа 24 мянган Төрийн бус байгууллагын адаглаад 10 мянга нь луйврын зориулалттай. Татвараас бултах, хууль бус орлого олохоос өгсүүлээд гадаад дотоодын хөрөнгө оруулагчийг дарамтлах, тонох зориулалтаар голдуу гэр бүлийн гишүүнчлэлтэйгээр энэ олон ТББ буй болсон. Иргэд төрөөс дутахгүй, тэр байтугай илүү ухаантай учир энэ тонуулаа ард түмний төлөө, эх орны тусын тулд, байгаль орчноо хамгаалах, үндэсний аюулгүй байдлаа бодох гэх мэт уриатайгаар дээрэм үйлдэнэ. Нэгд Монголын төр дэндүү сул дорой учир хуулиа мөрдүүлж чаддаггүй, нөгөө талаас өөрснөө дээрэм тонуулын инстүүц болчихсон тул хавсрагч хамаатан нь учир тонуул дээрмийн аян бүх нийтийн үйлс болов.

Олон мянган боть болох баримт факт бий. Хамгийн сүүлд болсон тонуулын эх оронч ажиллагааг харъя л даа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг бүгдийг нь хөөгөөд явуулчихсан учир дарамтлах газаргүй болоод өлсчихсөн ардууд бараг сүүлчийн хөрөнгө оруулалт Гацууртад орох гэж буй сургаар яаж дөвчигнөснийг цөмөөрөө харсан. Гацууртын алтны орд, Ноён уулын булш хоёр хоорондоо хол, хаа хамаагүй, тэр байтугай засаг захиргааны хуваариар хоёр өөр аймагт харъяалагддаг, археологичид Гацууртад хоёр жилийн өмнө судалгаа хийгээд хоосон болохыг тогтоосон гэх мэтийн албан тайлбар хоёр жил дарамтлах объектгүйгээс турж үхэх шахсан дээрэмчдийн шаардлагын өмнө хүчин мөхсдөж байв. Үүнийг дээрээс нь бусдын ордыг сүрдүүлэн булааж авах гэсэн, дараагийн сонгуульд Сэлэнгэд өрсөлдөх гэсэн, эх орноо “хайрлаж” дахин сонгогдох гэсэн гишүүд санаачлан санхүүжүүлж, доороос нь эзгүйрсэн орд руу нинжа нарыг зохион байгуулж дайралт хийхэд мэргэшсэн “эх оронч” гэгдэх хорлон сүйтгэгчид гардсан ба завсар нь төөрөлдсөн цөөнгүй хүн дэмжсэн. Нэгэнт батлагдаад мөрдөж байгаа төрийн хуулийг зөв ч буруу ч бүгдээр хүндэтгэн биелүүлэх ёс уг нь бий ч тонуулч дээрэмчин гишүүд батлагдсан хуулийг дагахгүй нулимахыг уриалан цээжээ цөмөртөл нүдэн хөдөө гадаагүй хөлсөө урсган хэсүүчилнэ.

Намуу цэцгийн хар тамхийг татсанаар үхэхгүй, тэр байтугай амны тамхинаас илүү хортой биш. Гагцхүү ийм тамхинд орсон хүн заавал цаашлан марихуана, хашиш гэж даварсаар морфин, хэроин хүртэл яван зайлшгүй үхдэг юм гэнэлээ. Гэнэн цайлган популизмаар тоглон алиалж явсан ард түмэн аяндаа улсаа хоосруулж улмаар нийтээр тонуулчин болон “хөгжиж” эх орноо дампууруулан нугасалж алж дуусдаг хуультай байх аа. Монголд өнөөдөр популизм гэсэн нэршилд таарсан юм гэвэл улстөрийн намууд, тэдний буй болгосон төр л байх шив дээ. Гардагч хувь хүмүүс, төрийн төлөөлөгчдийг “популист” гэх нь дэндүү зөөлдөнө, дэндүү өхөөрдсөн хэрэг болно. Тэд бол улаандаа гарсан дээрэмчид. Манайхан аугаа том зарчмын юм яриад унахаар л ард нь өөрийнх нь өчүүхэн муухай ашиг шунал нуугдаж байдаг. Монголд өнөөдөр бүх улс төрийн намууд популист. Бүрэлдүүлж буй хүмүүс нь популист бишээ, тэд чинь хувийн өчүүхэн шуналаа ардаа нуучихсан дэвүүд шүү дээ. Нийгмийн ухамсар мөхөс, сэтгэлгээ дорой, хариуцлага үгүй, ширингийн ёс суртахуун ноёлосон, бэлэнчлэх дуртай манай мэтийн оронд цаашлах тутам шуналаа ардаа нуусан популист царайтнуудын тоо болон амжилт улам газар аван улс орон дампууралдаа тулна, харж л байгаарай. Ямар л ард түмэн байна, түүндээ тохирсон тийм л төр байдаг. Төр нь анхдагч биш, ард түмэн нь анхдагч. Тэр дундаа ард түмний хүсэл эрмэлзлэлээр төрөө сонгон буй болгодог манайх шиг чөлөөт ардчилсан нийгэмд. Иймээс Монголын төр, улстөрийн нам, сэтгэлгээ, тогтолцоо бол манай ард түмний толины шууд тусгал мөн.

Жич: Монголын голлох популист намын нэг АН-аас зохион байгуулсан “Популизм ба улстөр” хэлэлцүүлэгт намайг урихад нь энэ өгүүллийг бэлдэж очин яриад дундаа орж байтал хурал зохион байгуулагч нь “цаг болчихлоо” гэж хөөж гаргасан учир бүрэн эхээр нь энд талбив

2015.3.8

One reply on “ПОПУЛИЗМААС ЛУЙВАР ДЭЭРЭМДЛЭГ РҮҮ”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *