Хуучны хийц донж нь хараа булаасан эртний байшингууд орчин цагийн шил толь болсон өндөр барилгуудтай уусан зохицсон Торонто хотын нэр уугуул иргэдийн хэлээр бол “хурал чуулганы газар” гэсэн утгатай аж. Одоогоос ерэн жилийн өмнө, биднийг Налайхын уурхайгаа ажиллуулаад арван жил л болж байхад энд дэлхийн өнцөг булан бүрээс уул уурхайн хөрөнгө оруулагчид чуулж эхэлсэн гэхээр энэ улсын уул уурхайн түүх хэр баялгийг багцаалдчихаж болно. Улс орнууд, компаниудын павильон өнгө алагласан, хөл ихтэй үзэсгэлэнгийн танхимд таарсан “Эрдэнэ ресурс девелопмент“-ийн Бизнес хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч А.Билгүүн “Хоёр жилийн дараа нүүр нүүрээ харж уулзаж байгаа гэхэд цөөхөн хүн иржээ. Өдийд үүнээс ч их хүн бужигнаж байдаг юм. Тахлын дараа дэлхийн нөхцөл таатай биш болохоор арга ч үгүй л дээ” гэсэн үг унагав. Цэнхэр гарагийн уул уурхайнхан тахлын дараах шинэ дэлхийтэй нүүр тулахаас аргагүйд хүрснийг PDAC-ийн хөндсөн сэдэв бүхэн мэдрүүлж байна.
Чуулганы хоёр дахь өдөр “Зэс хамгийн том ногоон металл” гэсэн сэдэвтэй салбар хуралдааныг сонирхлоо. “Рио тинто”-гийн спонсорлосон энэ хуралдааны сонирхол татсан илтгэлийг “Айвенхоу майнз” компанийн Нөөцийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Жорж Гилгрист тавьсан юм. Конгод өрнөж буй зэсийн цогцолборын аварга бүтээн байгуулалт хөрөнгө оруулагчдын анхааралд аль хэдийнэ орчихоод буй. Жорж Гилгристийн чуулганы индрээс хэлсэн “Ногоон хувьсгалын чухал металл бол зэс. Зэс олборлох нь чухал уу, дэлхийгээрээ очих гэж зорьж яваа хувьсгалын энд хүрэхээр хэмжээнд олборлох нь чухал уу гэдэг асуултын өмнө бид ирчихсэн. Манай компани зэсээ зөв аргаар, ногоон шийдлээр олборлохыг зорьж байна. Товчхондоо бид ногоон металл үйлдвэрлэнэ. Конгогийн Засгийн газрын дэмжлэг маш сайн байгааг зориуд онцолъё. Саяхан гэхэд л Засгийн газрын гишүүд нь манай төслийг сонирхоод явсан. Тэд нэг л зүйлийг хэлсэн. Та нар төслийн хөгжүүлэлтдээ л анхаар, бид тултал нь дэмжинэ гэж хэлээд явцгаасан” гэсэн үг манайх шиг том төслүүдээ гацаахыг урьтал болгодог улсад нэгийг бодуулж хоёрыг сануулахаар мессэж санагдав.
Камао Какулагаараа дэлхийн зэс үйлдвэрлэгчдийн гуравт эрэмбэлэгдэх амбицтай яваа Конгогийн шинэ Засгийн газар 2019 онд бүрджээ. Конгогийн засгийн хувьд энэ нь сүүлийн жаран жилийн анхны тайван шилжилт байж. Конгод хэрэгжиж буй зэсийн цогцолбор төсөл таван ил уурхай, хоёр гүний уурхайтай, эхлээд олсон Камао аж. Хайгуул нь анх 1998 онд эхэлж байж.
“Айвенхоу майнз”-ийн залуухан захирлын “эрдсээ байгальд халгүй, ногоон аргаар олборлоно” гэсэн үгийг анхаарлынхаа гадна орхиж болохгүй цаг ирсэн нь хөрөнгө оруулагчдын байр сууриудаас ч тод харагдаж байв. PDAC-т илтгэл тавьсан “Энержи ресурс”-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл гэхэд л хүлэмжийн хийг 52 хувиар буулгаснаа сонирхуулж байсан юм. Жорж Гилгрист “Конгогийн зэсийн цогцолбор уурхайд ажиллах машинууд цэвэр эрчим хүчээр явна” гэсэн мэдээг хөрөнгө оруулагчдад сонирхуулав. Усан цахилгаан станц барихаа ч дуулгасан. Өнгөрсөн жил 106 мянган тонн зэс үйлдвэрлэсэн бол өнөө жил 290-340 мянган тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөчихөж. Ирэх оны хоёрдугаар улиралд гэхэд 450 мянган тонныг олборлохоор зорьж яваа гэнэ. Одоогоор төслөө тэлж өргөжүүлэх гуравдугаар шатандаа орчихсон юм байна.
“Вүүд Маккензи”-гийн судалгаагаар дэлхий даяар 240 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байж зэсийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангана гэсэн дүгнэлт гарчээ. “Айвенхоу майнз”-ийн хувьд өнөө жил 25 сая ам.долларыг хайгуулд зарцуулахаар төлөвлөжээ. Цаашдаа жил ирэх бүр хайгуул, олборлолтоо нэмсээр явах нь. “Айвенхоу майнз” компанийн Нөөцийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Жорж Гилгрист “Бид эхлээд хөрснөөс шинжилгээ аваад дараа нь өрмөө 800 метрийн зайтай тавиад явсан. Нийтдээ 600 км өрөмдлөг хийсэн. Манайх бол дэлхийн хэмжээний орд. Олборлолтоо өнгөрсөн жил эхэллээ. Уурхай ажиллах явцад зэсийн агуулга нь маш их гэдэг нь тодорхой болсоор байсан шүү. Өрөмдөх явцад метр доошлох тусам агуулга нь өндөрссөөр байсан” гэж сонирхуулав. Дашрамд сонирхуулахад, энэ төслийн 39.6 хувийг “Айвенхоу майнз”, 20 хувийг Конго улсын Засгийн газар, 0.8 хувийг “Crystal river global” эзэмшдэг. “Айвенхоу майнз”-тай хамтран хөрөнгө оруулагч нь Хятадын Zijin компани. Zijin Айвенхоу майнз-тай адил энэ төслийн 39.6 хувийг эзэмшдэг юм. Дэлхийн олон улсад уул уурхайн том төслүүдэд хөрөнгө оруулдаг, манай улсад гэхэд л зэс, алтны Хармагтай ордод хөрөнгө оруулаад эхэлсэн Zijin “Рио тинто”-гоос их хэмжээний зэс үйлдвэрлэдэг гэж PDAC-т оролцсон хөрөнгө оруулагчид онцолж байлаа. Дэлхийн хамгийн хурдан өсч хөгжиж яваа зэсийн цогцолбор уурхайтай Конго улсын хувьд 2024 оны сүүл гэхэд зэс хайлуулах үйлдвэртэй болно гэсэн мэдээг “Айвенхоу майнз” компаниас өгсөн юм. Конго улсын Камао Какула 2024 оны эцэс гэхэд дэлхийн зэсийн гурав дахь том уурхай болох нь.
Али Хажи: Монголоос лити экспортолж эхэлнэ гэдэгтээ эргэлзэхгүй байна
Монголд литийн хайгуулын төсөл хэрэгжүүлж буй “ION energy” компанийн гүйцэтгэх захирал Али Хажигаас зарим зүйлийг тодрууллаа.
-Та Монголын хөрөнгө оруулалтын орчинг хэр гэж дүгнэх вэ?
-Арваад жил Монголд ажиллаж байна. Өмнө нь хүндрэлтэй асуудал, сорилтууд өчнөөн тулгарсан ч миний хувьд Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайн гэж хэлнэ. Оюу толгойн хөрөнгө оруулагч Рио тинто Монголын Засгийн газартай ойлголцолд хүрсэн нь хөрөнгө оруулагчдад эерэг мессэж болсон. Тэр утгаар нь би хөрөнгө оруулалтын орчин сайжирсан гээд байгаа юм.
-Лити эрэлттэй металлын нэг болчихлоо. Литийн хайгуул хийх боломж бололцоо Монголд хэр байна?
-Лититэй холбоотой зах зээл маш хурдтай өсч байна. Цэвэр эрчим хүч гэдэг утгаараа дэлхий даяар литийн эрэлт огцом өсч, хөрөнгө оруулалт нь ч хурдтай өсч байгаа. Монголын тухайд хайгуулын орчин таатай биш байсан ч эерэгээр өөрчлөгдөнө гэсэн итгэл төрөөд эхэлчихсэн. Литийн үнэ 80 мянган ам.доллараар үнэлэгдэж байгаа. Литийн зах зээлд олон тоглогч орж ирэх хэрээр ханш нь тодорхой хэмжээнд буурах нь ойлгомжтой. Гэхдээ үнэ цэнэ, ханш нь өндөр хэвээр байх нь бас тодорхой. Манай Баавгай уул, Ургах нар төслийн хувьд амжилттай хэрэгжих ирээдүй бий. Хайгуулынхаа эхэн шатанд яваа ч олон улсад лити экспортлох боломж өндөр гэж харж байна.
-PDAC-т хөрөнгө оруулалт татах зорилготой ирсэн үү?
-Үгүй. Бидэнд хөрөнгө оруулах мөнгө хангалттай бий. Монголд хөрөнгө оруулах боломж, орон зай их байна шүү гэсэн мессэжийг хөрөнгө оруулагчдад өгөх зорилготой оролцож байна. Мэдээж компанийнхаа хэрэгжүүлж байгаа төслийг дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагчдад танилцуулах, сурталчлах зорилго ч бий.
-Танай хайгуулын төсөлд монгол ажилчдын оролцоо хэр байгаа вэ?
-Манайх зуун хувь монгол ажилтантай хайгуулын компани. Бидний хувьд Хүннү голд, Степ голд гээд яривал группийнхээ хэмжээнд Монголд багагүй хэмжээний хөрөнгө оруулсан. Цаашдаа ч Монгол дахь хөрөнгө оруулалтаа тэлэх сонирхол бий.