Дэлхий нийтэд тархсан “ковид-19” цар тахалтай холбогдуулан Монгол Улс хагас өндөржүүлсэн бэлэн байдалд өнгөрөгч хоёрдугаар сараас шилжсэн билээ. Улмаар, Төрийн ордонд ч энэ дүрмийг хэрэгжүүлж, сэтгүүлчдийг Төрийн ордны үүдний танхимаас цааш нэвтрүүлэхгүй хэмээн хөл хорио тогтоосон бөгөөд энэ хөл хорио өчигдөр гаргасан УОК-ын шийдвэрээр бол ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжлэх нь тодорхой болов.
Сэтгүүлчид улстөрчдийг чуулганы танхимаас гарч ирсэн даруйд анхаарал татсан сэдэв, хариуцлага шаардсан асуудлаар ярилцлага, тодруулга авч чадахгүйд хүрч, улстөрчид нь харин тусгайлан бэлтгэсэн индэр дээр үүдний танхим руу гарч ирж ярилцлага өгөх, эсвэл өөрийнхөө хүссэн хэвлэлийг нэр өгч дуудах зэргээр ялгаварлаж эхэлсэн юм. УИХ-ын сонгуулийн өмнөхөн эхэлсэн энэхүү хөл хорио өнгөрөгч хаврын чуулганы турш үргэлжилж, өдгөө ч ээлжит бус хуралдаж байгаа цаг үед үргэлжилсээр байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн улстөрчдийн захиалсан хөгжмийг олон нийтэд түгээх байдлаар хагас жил гаруйн хугацаанд ажиллав. Гэвч нэр бүхий гишүүд энэ байдлыг цаашаа үргэлжлүүлэх ёстой, хэвлэл мэдээлэлд эмх замбараа тогтсон сайн жишиг боллоо гэх мэтээр ярьж эхэлсэн учраас Төрийн ордноос мэдээлэл бэлтгэн хүргэдэг сэтгүүлчид өнөөдөр нэгдэн эсэргүүцлийн акц зохион байгуулжээ.
Сэтгүүлчдийг нэг булан, нэг өрөөнд хашсан атлаа өөрсдөө чуулгандаа ямар ч маскгүй сууж, нэгнийхээ өрөөгөөр хэсэж, тэнүүлчилж байгаа учраас олон нийтийн мэдэх эрхийг хангах, сэтгүүлчид өөрсдийн хүссэн сэдэв, гаргах өнцгөөр мэдээллээ бэлтгэх орон зайг хангаж өгөхийг тэд хүсэж, микрофон, энгэрийн зүүлт, диктафон зэргээ газраар эгнүүлэн тавьж эсэргүүцлээ илэрхийлжээ. Хэрвээ УИХ-ын Тамгын газар асуудлыг нааштай хүлээн авч шийдэхгүй бол долоо хоногийн хугацаанд улс төрийн ямар ч мэдээллийг хүргэхгүй байх зэргээр дараагийн акц зохион байгуулна гэлээ.