Уг арга хэмжээнд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дарга, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр, Ч.Амарсанаа, Д.Отгондалай болон чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт тамирчин М.Лхагвагэрэл дасгалжуулагч Б.Баттулгын хамт байлцав.
Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын тамирчдын сүүлийн үед оролцсон тэмцээн уралдаан, олимпын наадмуудын үр дүнгийн талаар танилцуулж, ирэх онд Улаанбаатар хотноо зохиогдох Зүүн Азийн залуучуудын наадмын мэдээллийг өглөө.
Ноён Самаранч Монгол Улс тус наадмыг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Би Монголд байх хоёр өдөртөө спортын салбарын ихэнх том албан тушаалтнуудтай уулзлаа. Маш ажил хэрэгч, боловсролтой хүмүүс энэ наадмын зохион байгуулалтыг хариуцаж байгааг харсан. Тиймээс монголчууд Зүүн Азийн залуучуудын наадмыг амжилттай зохион байгуулж чадна гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.
Мөн тэрбээр Парисын олимпын зохион байгуулалт өндөр түвшинд байгааг дуулгаж, урьд өмнө үзэж байгаагүй өвөрмөц олимпын наадам болно гэсэн хүлээлттэй байгааг хэлэв. Түүнчлэн “ОУОХ-ны зүгээс залуусыг спортод татан оролцуулах, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан таниулах тал дээр бодлогоо чиглүүлж байгаа. Энэ тал дээр танай ҮОХ-той хамтран ажиллахад нээлттэй байна” хэмээсэн байна. Ноён Самаранч уулзалтын дараа Олимпын музей үзэж танилцжээ.
Сонирхуулахад, Түүний аав, ОУОХ-ны долоо дахь ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч 1987 онд МҮОХ-ны урилгаар Монгол Улсад айлчлахдаа Олимпын музейн нээлтэд оролцож байжээ.