Дэлхийн хүн ам бараг долоон (6,816,500,000) тэрбум болж байна. Тэдний 30-40 сая нь нүүдэлчин. Ертөнцийн ам бүлийн иймхэн хэсэг нь л хээрийн салхинд явна гэсэн үг. Хүн төрөлхтөн мал дагасан амьдралаас салах үзэгдэл идэвхжсээр дэлхийн II дайны дараагаас улам эрчимжсэн баримттай. Бас шинэ цагийн зарим түүх судлаачид социализмын үед ЗХУ нүүдлийн мал аж ахуй, үүгээр тэтгэгдсэн амьдралыг бодлогоор дэмжиж ирсэн гэх нь бий. Тэдний тайлбар энгийн ойлгомжтой. Дагуул улсуудынх нь эдийн засгийн гол тулгуур мал аж ахуй байх нь том улсад олон ач холбогдолтой байдаг гэх. Хүмүүс нь мал дагаж мал шигээ болж, бас байгалийн нөлөөнд бүрэн автагдмал, хаашаа ч эргүүлэхэд хамхуул мэт байх учраас байнга бөөрөндөө дагаж явна гэж үздэг гэнэ. Энэ жишээнд Киргизийг нэрлэсэн байгаа юм. Байр сууриа олохгүй хэдэн жилээр өнхөрч яваа эсгий малгайтнууд шүү дээ.
Нээрээ ч энэ нь үнэнтэй шиг. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Төрийн Думын орлогч В.Жириновский хуучин стан орнуудынхаа сэтгүүлчдийг цуглуулж, аанай л эх адаггүй чалчихдаа Монголын тухай хавчуулснаас нь энэ бүхэн нэг талаас батлагдаж байгаа юм. Тэрбээр киргизүүдийг оршин тогтнох чадваргүй улс гээд хэдэн жилийн дараа хуучин стануудын хамт Оростой нэгдэх биз гэсэн байна. Түүнээс гадна Алс Дорнодод Монгол, Солонгосыг ч нэгтгэх боломжтой тухай ярьжээ. Хэзээнээс хамжааргагүй, хяналтгүйгээрээ алдартай тэрбээр “Саяхан Монголд малынх нь тэн хагас хиарлаа. Монгол Оросын бүрэлдэхүүнд байсан бол бүгдийг нь худалдаж аваад нөөцөлчих байсан. Мал нь үхэж, хэдэн сая монгол мөнгөгүй, малгүй хоцорлоо. Байгалийн гамшиг үйлдвэрлэлийнх нь гол салбар болсон мал аж ахуйг нь сөхрүүллээ. Жижиг орон шүү дээ. Хоёр сая хүнд нь 30 сая мал оногддог. Энд агуу орон байхад тэд бүгдээрээ салаад явцгаасан” гэхчлэн буржээ. Уг ярианаас харахад дэлхий тэр чигээрээ аж үйлдвэржих чиглэлээр явж байхад Монгол нүүдлийн мал аж ахуйтайгаа үлдсэн социализмын үеийн учиг бүүр түүр тодрох шиг. В.Жириновскийн хадууралд үнэний хувь байна аа. Монголд олон мал хиарч малчид хоосон үлдсэн гэдэг худлаа биш. Монголын хэдэн мянган жилийн уламжлалт мал ахуйн үргэлжлэх зам энэ цаг үед нэгэн эрс эргэлт дээр ирлээ. Үүнийг байгаль дэлхий цаанаасаа зохицуулж өгөв. Чадалтай нь цаашилж, чадалгүй нь замдаа үлдэх ёстой. Тэр ч утгаараа өнгөрсөн өвлийн зуднаар шинэ өвсний гэгээ харах чадалгүй нь мажийж, малчин нэр зүүгээд явж чадахгүй нь хотоо харлууллаа. Үүнийг байгалийн шалгарал гэхээс өөр юу гэх вэ. Уг нь ийм шалгарал олонтаа давтагдаж ирсэн. Чингэвч дориухан салхинаар хийсчих эдийн засгийн тулгууртай байлгах ах нарын сонирхол нөлөөлж байсан биз, дараахан үеэс нь мал төрийн өмч гэсэн хөөрлийн сэтгэлгээ ч нөлөөлсөн биз, хоосон хоцорсон хүмүүстээ хэд гурван мал өгч дэнжигнүүлсээр өнөөг хүрсэн юм. Харин одоо тэгж хэн хэндээ гай болох хэрэггүй. Нэгэнт хотоо харлуулаад хоосон хоцорсон малчинд хэн нэгэн татвар төлөгчийн халааснаас 50 мал авч өгч хуурах ч шаардлагагүй. Өвсөө хадаад, хэдэн толгой малаа аваад үлдэж чадаагүй тэр нөхөр дараагийн зуднаар бас л адилхан сууж байна. Угаасаа өөр амьжиргаа байхгүй юм чинь түүнийгээ алж идчихээд л өлсч эхэлнэ. Тэгэхийн оронд зуднаар хоосорсон тэр хүмүүс хот хүрээндээ орж ирж амьдрал хайвал арай горьдлоготой сонголт. Хөдөөгийнхөн гэдэс дотор иддэггүй, толгой шийрээ хаяад нүүдэг цамаан хүмүүс. Тэнд хөдөө хөхөрч болоод ч байгаа юм шиг, болохгүй ч байгаа юм шиг амьдрахын оронд олны хөлийн газар ирж гутал загнаад, оймс ширээд олсноо борлуулаад амьдарвал хэн хэндээ шударга явдал болж таарна. Ажил нь өргөжөөд тодроод гараад ирэхийг ч үгүйсгэхгүй. Нөгөө талаас үйлдвэржиж чаддаггүй Монголд үйлдвэрлэлийн эхний бааз суурь ч болно. Тэднийг бодлогоор дэмжиж, ажлаа хийгээд амьдралаа аваад явах боломжийг нь төр олгох ёстой юм. Салхи харж, мал дагасан амьдрал нь өөрсдийнх нь арван хуруу хэрхэн хөдлөхөөс шалтгаалж урагшлах болохоор илүү утга учиртай амьдрал угтана.
Харин хахир өвлийн хайрууг давж, хэд гурван малаа үлдээж чадсан, шалгарсан малчдыг өөрөөр харж үзэх хэрэгтэй. Тэд бол жинхэнэ малчид гэдгээ баталсан. “Хотоо харлуулсан би яанаа” гээд уйлж байгаа улсууд, “Тэжээл өвсөө сайтар бэлдсэний хүчинд байгалийн хөтүүг ажралгүй давлаа” гэж байгаа хоёр өөр фронтыг цас шуурга нэгийг нь тойрч, нөгөөг нь дайрч өнгөрөөгүй л байлгүй. Тиймээс шинэ цагийн бизнесмэн, авьяаслаг мэдрэмжтэй малчдыг хүндэтгэх нь зүй. Малыг жинхэнэ аж ахуй гэсэн утгаар нь хөгжүүлж чадаж байгаа тэд дэргэдээ ажилчид буюу малчидтай, хэд хэдэн машинтай, түүхий эдээ боловсруулах техниктэй, борлуулах нүх сүвтэй. Ерөөсөө манайхны ярьсаар ирсэн фермерийн аж ахуйг өөрсдийнхөө бор зүрхээр байгуулж чадсан учраас өөрөөр хандах хэрэгтэй гэж байгаа юм. Айл болгоныг малжуулна гэсэн коммуны үеийн хүслээ орхиод малаар бизнес хийж, хөрөнгө босгож, ажлын байр гарган үр хүүхдээ хүмүүжүүлж байгаа жинхэнэ малчдаа дэмжих нь зайлшгүй хэрэг билээ. Энэ нь хотоо харлуулаад шинэ амьдралаа эхлэх гэж байгаа хүмүүсийг бодлогоор дэмжих явдалтай эн тэнцүү байх нь шударга ёсонд нийцнэ. Хэрэг дээрээ эд бол баатрууд шүү.
Байгаль шалгаад үлдээгээд өглөө. Харин түүний мэргэн шийдвэрийг дэмжээд хэн нь хаана амьдрахыг нь заагаад, дэмнээд өгөөсэй билээ. Байгалийн мэргэн шийдвэрийг дэмжье.