Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Цагаан: Ерөнхийлөгчийн тамгын газар бөх эрэмбэлдэг газар биш

Сүүлийн үед дархан аварга А.Сүхбат, Г.Өсөх­баяр нарын хэн нь баяр наадмын үндэсний бөхийн барилдааны зүүний магнайд гарах вэ гэдэг асуудал олон хүнийг талцуулаад авсан. Талцуулах болсон хүнээр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагааныг нэрлээд байгаа. Түүнээс дараахь тодруулгыг авлаа.

-Монгол хүн бүр наадмыг хүсэн хүлээдэг. Гэтэл хоёр дархан аваргын хэн нь зүүний магнайд гарах нь наадмын өмнөх чухал сэдэв болж байна. Таны нэр ч олонтаа сонсогдох боллоо. Ерөнхийлөгчийн Тамгын газар бөхийн эрэмбийг тогтоодоггүй гэж ярьж байна. Энэ талаар тайлбар авах гэсэн юм?

-Улсын наадам бол Монгол түмний эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдлийн их баяр, төрийн арга хэмжээ гэдгийг мартаж болохгүй. Дэлхий дахин ч Монгол наадмыг андахгүй сайн мэддэг болсон байна. Бразилийн Карнавал үзнэ гэдэг шиг Монгол наадам үзэхээр ирдэг хүмүүс олширч байгаа нь сайн хэрэг. Эрийн гурван наадам бол манай ард түмний түүх, соёлын их өвийг тээгчид. Тийм учраас бид зөв, соёлтой сайхан наадах учиртай. Миний нэр гараад байгаа тухайд гэвэл А.Сүхбат аваргын гаргасан өргөдөлтэй холбоотойгоор наадмын комиссын хурал дээр яригдсан асуудлаас улбаатай юм шиг байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн жил Р.Гончигдорж нарын УИХ-ын гишүүдийн санаачилсан шинэ хуулийн дагуу Дархан аваргын болзол хангасан хоёр аваргад цол олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргах шаардлагатай болсон. Зарлиг гаргахдаа дархан аваргын болзол хангасан цаг хугацааг нь харгалзсан. Дархан аваргын болзлыг 2000 онд ес, 2001 онд арав, 2004 ес давж түрүүлсэн А.Сүхбат аваргад 8 тоот үнэмлэхийг, 2002, 2003, 2005, 2009 онд тус тус ес давж түрүүлсэн Г.Өсөхбаяр аваргад 9 тоот үнэмлэхийг олгосон тухай хэлсэн. Ерөн­хийлөгчийн Тамгын газар бөхчүүдийг эрэмбэлдэг газар биш. Бөхчүүдээ ямар байдлаар яаж эрэмблэхээ бөх мэддэг хүмүүс нь мэднэ биз. Наадмаа сайн, шударга, хууль номын дагуу зохион байгуулахын төлөө Шадар сайдаар ахлуулсан комисс хичээн ажиллаж байна. Бөхийн холбоо гэдэг эзэн биегүй нэрийн дор хүмүүсийг талцуулж, маргалдуулахын оронд бөхчүүдийн эрүүл мэнд, амь насанд хор хөнөөлтэй эм тариа, допинг хэрэглэхийн эсрэг тэмцмээр байгаа юм.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *