Categories
мэдээ цаг-үе

П.ПҮРЭВДОРЖ: Залуу бөхөө дэмжиж байна гээд шууд бууж өгдөг тийм уламжлал монгол бөхөд хэзээ ч байгаагүй

Энэ жилийн Үндэсний их
баяр наадмын бөхийн барилдааны
тухай дуулиан шуугиан, тэр
тусмаа монгол бөх сүйрлийн
ирмэгт ирлээ гэсэн яриа
хөдөө, хотгүй амны зугаа
болоод байна. Энэ сэдвээр
Булган аймгийн хурц арслан,
нутгийн олондоо Салтаа Пүүжээ
хэмээн алдаршсан Пүрэвхүүгийн Пүрэвдоржтой ярилцлаа.

Улсын баяр наадмаас хойш
монгол бөхийн асуудлаар төвийн
томоохон хэвлэлүүдээр нэг биш удаа
бичигдлээ. Монгол үндэсний бөх
мөхөж сүйрэх гэж байна
гэдэгтэй та ер нь
санал нийлэх үү?

– Энэ тухай олон жил
ярьж мөн ч их
бичсэн, олны сэтгэлийг эмзэглүүлсэн
асуудал болоод байгаа шүү
дээ. Нэг бүрчлэн ярих
нь илүүц биз ээ.
Гуравхан сая хүрэхтэй үгүйтээ
монголчуудад өвлөгдөж ирсэн үндэсний гэх
нандигнан хамгаалж авч явах цөөхөн
юмны нэг нь эрийн
гурван наадам үндэсний бөх
юм даа гэж боддог.
Би өөрөө зодог шуудагны
захаас барилцаж явсаны хувьд үндэснийхээ
энэ сайхан соёлыг зарим
талаар алдагдаж байгаад сэтгэл эмзэглэж
явдагаа нуух юм алга.

– Яг юунд нь тэгтлээ
сэтгэл эмзэглээд байна вэ?

– Хамгийн сүүлийн жишээ энэ
зуны наадам. Бидний ид
үед нөгөө социализмын үед
чинь наадамчин олон ард түмнээ
л баясгах гэж
явсанаас биш бай шагнал,
нэр төр, ашгийн төлөө
даанч барилдаж явсангүй ээ. Хамгийн дээд
бай шагнал нь халуун
сав, хавтастай толь, хурдан даага
л байлаа.  Гэтэл өнөөдөр ингэж
барилдвал ийм сая төгрөг,
тэгж барилдвал төчнөөн сая төгрөг
гээд л бөхчүүд үнэндээ
мөнгөнд, бөхийн бай шагналд  дөрлүүлчихжээ.
Дээр нь өнөөгийн бөхчүүдийг
харахад барилдах гэж дан хэрүүл,
бүр байчихаад зодоон цохиондоо тулах
болж. Улаан цайм уначихаад
байгаа мөртлөө дахин барилдах
гэж зүтгээд л, барьц
сонгуулах цагаа хүлээгээд мөн
ч их заваарч
байна. Ийм жудаггүй зүйлүүд
газар авч үндэснийхээ нэгэн
сайхан соёлыг уландаа гишгэж
байгаад л эмзэглэж явах
юм.

Таныг ид барилдаж байх
үед огт мэтгэлцдэггүй, маргаантай
барилдаан болдоггүй байсан гэж үү?

– Бид барилдаад уналаа гэхэд маргалдаж
байсангүй, дахиад наадам байхгүй
юм биш дээ гээд
л тахимаа өгчихдөг,
шударга байж дээ.

– Энэ жилийн наадмын талаар…

–  Наадмын бөхийн
барилдаан үнэндээ инээдтэй жүжиг
боллоо шүү дээ. Телевизээр
ч харлаа. Цэнгэлдэхэд  барилдаан
үзээд ирсэн хүмүүс ч
том багагүй л ярьж
байна. Төр хишиг буянаа
хайрлаж бөхөө дээдэлдэг ард
түмнээ хүндэтгэж хоёр сайхан залууд
баярын өмнө Дархан аварга
цол хайрлалаа. Гэтэл тэд улсын
Их баяр наадам, наадамчин
олныхоо нүдэн дээр ямар
гээч жүжиг тавиад байв
даа. Аварга Сүхбатаар монгол
бөх дутахгүй, ер нь хэнээр
ч дутахгүй шүү
дээ. Ганц хүнээр дутна
гэж юу байх вэ.
Цаашдаа хэчнээн ч Сүхбат
гарч ирж болно. Тэр
бол дэндүү биеэ тоосон,
надаас өөр хүн байхгүй
гэсэн оморхол юм уу
даа. Зүүн,  баруун
жигүүрээ булаацалдаж  нэгнийгээ
хэл амаар доромжлон дайрч
давшлаад л. Хэдхэн жилийн
өмнө зодог тайллаа хэмээн
наадамчин олныхоо өмнө сөгдөн
учирлаж уйлж унжаад  байсан биш билүү.
Гэтэл нэг гарч ирж
барилдаад л,  Дархан
аварга нэгнийгээ амлаад л, тэгснээ
тахим юугаа өгсөнөө орон
нутагт очиж сум, аймгийн
наадамд барилдаад л даанч нэг
овлигогүй, Дархан аваргаас гарамгүй
авир ааш гаргах юм.
Энэ бол үнэхээр л
тусгүй зан авир л
даа.

 – Барьц сонгодог
болсон шинэ дүрмийн талаарх
Таны бодол?

– Энэ бол маш буруу
юм даа. Ийм дүрэм
ерөөсөө байгаагүй. Барьц сонголгүйгээр цаг
минутанд хавчигдалгүйгээр ач тач үзэлцдэг
монгол үндэсний бөхийн өөрийнх нь
нэг онцлог юм уу
даа. Халаад, сэгсрээд, гуд
татан сээрэн дунгуйдах, давхар
хамах энэ тэр сайхан
мэхүүд харагдахаа  больж.
Цаг минут хүлээж байгаад
аз таарвал өөрт ашигтай
гарцаагүй унагах барьц сонгон
давдаг л болж. Ингээд
байхаар барилдаан огт гарахгүй ээ.

Бүтэн дөрөв, таван цаг
нэгнээ түшээд зогсчихдог байсан
утгагүй барилдааныг өөрчилж цаг минут
зааж өгсөн нь харин
зөв юм биш үү?

–  Би дээр
хэллээ шүү дээ. Монгол
бөхийн онцлог гээд байгаа
юмны нэг нь л
дээ. Бяр хүч нь
тэнцсэн хоёр бөхийн нэгэнд
нь тэгж давуу байдал
үзүүлэн барьц сонгуулсанаас их
удах юм бол хоёуланг
нь барилдаанаас хасаж болно. Хуучны
бичлэгээс харахад 60-70-аад оны бөхчүүд
үнэнхүү хүчийг үзэн шударга
барилддаг байж. Гэтэл өнөөгийн
барилдаанууд,  тэр
тусмаа улсын баяр наадмын
хуурамч барилдааныг  үзэхэд
дур гутаж байна.  

Улсын өндөр цолтой бөхчүүд
аймаг, сумын наадамд барилдаад
даанч дээ гэж халаглахаар
тахимаа өгч байх нь
энэ зун олон харагдлаа.
Ер нь бөхчүүдийн ёс
суртахуун яагаад ингэтлээ доошоо
орчихов?

 –  Бөхийн
хорхойтнууд бөхөд дуртай болгон
энийг чинь харин дэндүү
сайн мэднэ дээ. Бөхчүүд
ёс жудагаа гээж нөгөө
л мөнгөнд толгойгоо
дөрлүүлсэний бодитой жишээнүүд энэ
зуны аймаг, сумын ойн
наадмуудад тодоос тод харагдлаа.
Сумын начинд улсын харцага,
арслан, заанууд тахимаа өгөн
бууж өгч байхад телевизийн
бөх тайлбарлагч “энэ бол монгол
бөхөд уламжлагдан ирсэн ёс жудаг,
ахмад бөхчүүд нь залуу
бөхөө дэмжиж байгаа хэлбэр”
гэж нүүр улайтал худал
ярьж байгааг сонсоход  даанч ичмээр. Монгол
үндэсний бөхөд тийм ёс
жудаг гэж хэзээ ч
байгаагүй, байх ч ёсгүй  юм.
Энэ бол нөгөө л
өнгө мөнгөтэй холбоотой асуудал. Ард түмэн, үзэгчид
гэж маш том шүүгчид
байна шүү дээ. Тэднийг
яагаад ингэж улаан цайм
доромжилж байна вэ? Бөхчүүд
үзэгчдээ хүндлэхгүй бол өргөн олон
наадамчид тэднийг ойшоохоо байж,
ганцхан  Монголын
гэгдэх үндэсний баяр цэнгэл сүйрч
мөхөх нь ойлгомжтой шүү
дээ. Аймгийн начин цолны
найраа  15 сая
төгрөгт хүрсэн дуулдсан. Тэгэхээр
заан, арслан цаашлаад улсын
баяр наадмын цолны найраа,
авч өгөх мөнгө нь  ямар
хэмжээнд хүрчихээд байгаа нь хэнд
ч ойлгомжтой. Энэ
байдлыг засаж залруулмаар цаг
нь болсон санагдах юм.
Монголын үндэсний бөхийн төлөө элэг
сэтгэлтэй бүхэн эрхбиш нэгийг
хийх байлгүй дээ.

– Монголчууд
бөхчүүдээ үнэн сэтгэлээрээ дэмжин
дээдлэн хүндэтгэж шагнал, хандив өглөгийг
дээдийг тэдэнд барих юм.
Харин тэд үзэгч олноо
үл хүндлээд байх шиг..
.

– Наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн бөхчүүдэд нутаг орон, пүүс
компаниуд хэдэн өрөө байр,
хэдэн саяын унаа тэрэг
бэлэглэх нь хэвийн үзэгдэл
болжээ. Харин бөхчүүд энэ
их хайр хүндлэлийг даах
л хэрэгтэй болов
уу. Даруу л байх
хэрэгтэй юм. Хэдий чинээ
өндөр цол авна, төдийчинээ
даруу байх ёстой гэж
боддог. 

– Та ингэхэд аль нутгийн
хүн бэ? Хэдэн оноос
барилдаж эхэлсэн бэ? 

– Булган аймгийнх. 1962 оноос барилдаж эхэлсэн.
Амжилт гаргадаггүй. Тэгсэн мөртлөө тасралтгүй
барилдаад л байсан. Тэгж
явсаар 1979 онд аймгийн арслан
цол хүртсэн. Тэр үед тойргийн
барилдаанаар их шүүлтүүрээр гарч
ирдэг байсан. Сум сумаас
хоёр хүн гэх мэтээр
шатарчилж барилддаг байсан. 1971 онд аймгийн начин
болсон, 1980-1981 онд арслан цолоо
хамгаалаад 1989 онд аймгийнхаа наадамд
дахин түрүүлсэн.

– Таныг яагаад Салтаа Пүрэвдорж
гэх болсон юм бэ?
Таны дархан мэхтэй чинь
холбоотой юу?

– Салтаа Пүүжээ гэж нутгийн
зон олны хайрласан нэр.
Хав дөрвөлжин барьцнаас элэг бүсдэж татаад
салтайдаж хаядаг мэхийг би
голлон хийдэг байсан. Хүмүүс
ярьдаг байсан л даа.
Ганц гараараа дээш өргөөд биедээ
хүргэхгүй хаячихлаа гэж. Үнэн хэрэгтээ
ганц гараараа биш л дээ.
Нөгөө бөхийг элэг бүсдээд,
хөл дээрээ хагас жингээ
өгөөд маш богино хугацаанд
өргөж хаядаг юм.

– Ямар амжилт гаргаж байв?

– Бидний залуу үед борви
бохис хийхгүй хөдөлмөрлөж байж
амьдарлаа залгуулдаг байсан. Ажилдаа дарагдаад
л. Маргааш наадам гэхэд
л урд өдөр
нь бүртгүүлэх жишээтэй. Тэрнээс биш бэлтгэл
сургуулилт энэ тэр ч
миний хувьд байсангүй дээ.
Гэхдээ би таван аймгаас
шалгарсан бүсийн тэмцээнд хоёр
удаа түрүүлж, Бүх ард түмний
VII спартакиадад шалгарч барилдаж байлаа.

– Улсын наадмаар энэ л сайн
барилдах болов уу гэж
гэж харж байсан бөх
байв уу?

– Улсын заан Санжаадамбыг л
их дэмждэг юм. Дэлхийн
Геннисийн номонд бичигдсэн 6000 бөхийн
барилдаан, Монгол туургатны хэд
хэдэн барилдаанд түрүүлсэн тэр эрэмбээрээ энэ
сайхан залууг улсын их
баяр наадмаар өнгөлөөсэй гэж бодож явдаг
даа. Санаанд хүрэхгүй л
байна. Барилдаан нь ерөөсөө замбараагүй,
өөрөө өөртөө хий гаргаад,
эсрэг бөхдөө ашиглуулаад байх
юм. Уг нь хэнийг
ч хаяхаар арал
чацтай сайхан бөх л
дөө. Пүрэвсайхан байна. Сайн барилдаж
байгаа залуу бөх. Хэмжээнээсээ
илүү гартал барилдаж байгаа
санагддаг. Арал чац багахан
мөртлөө сайхан барилдаанууд гаргаж
байна. За тэгээд яриад
байвал үзэгч олноо шагшуулсан
Соронзонболд, Энхбат, Өсөхбаяр гээд  сайхан
залуучууд олон гарч ирж
байна. Бөхийн удам сайтай
Булган нутгаас ч олон
сайн бөх цаашдаа төрөх
байхаа. Дээхэн үед халх
дөрвөн аймаг, шавь таван
аймгаас бүрдсэн том наадамд
16 бөх шигшиж үлдэхэд 15 нь
Булган нутгаас,  ганцхан
бөх нь гадны хүн
байсан гэдэг. Бөхийн ийм
л удам угшилтай
сайхан нутаг даа Булган
минь.

– Та тэгээд нутаг орондоо
л ажиллаж амьдарч
ирэв үү? Гэр бүлийнхээ
талаар танилцуулаач.

– Бид удмаараа л малчин хүмүүс.  Ах
нь дөрвөн настайдаа эцэг,
эхээсээ өнчирч цэргийн алба
хаагаад жолооч, худалдааны явуулын
агент насаараа хийсэн дээ. Миний
эхнэр  Лхагвасүрэн
багш мэргэжилтэй, насаараа боловсролын байгууллагад  хүүхдүүдтэй
ажиллаад тэтгэвэртээ суусан. Таван сайхан
хүүхдээ хүний зэрэгт хүргэлээ.
Орон нутагтаа малынхаа буянд сайхан л
аж төрж байна даа.

Д.ГҮНБИЛЭГ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *