Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Орхоноос допинг илэрсэн асуудалд Чөлөөт бөхийн холбоо, Олимпийн хороо, Допингийн эсрэг үндэсний төв хариуцлага хүлээх ёстой

Өнгөрсөн жилийн өдийд гавьяат тамирчин П.Орхоны нэр алдар мандаж, амтай болгон түүнийг шагшин магтаж байлаа. 2017 оны наймдугаар сарын 21-26-нд Франц улсад зохиогдсон “Парис 2017” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд тэрээр аваргалж дэлхийд данстай бөх гэдгээ нотолсон. П.Орхон түүнээс өмнө Иван Ярыганы нэрэмжит тэмцээний үеэр дэлхийн домогт бөх Каори Ичог ялж, 13 жилийн турш ганц ч ялагдаагүй байсан түүхэн амжилтыг нь зогсоож бөхийн ертөнцөд шуугиан дэгдээснийг спорт сонирхогчид мартаагүй. Гэтэл өнгөрсөн сард Индонез улсад зохиогдсон Азийн наадамд П.Орхон барилдаж алтан медаль хүртсэн ч хэдхэн хоногийн дараа түүний сорьцоос допингийн жагсаалтад багтсан станозолол гэх бодис илэрсэн нь хэл ам дагуулсан. Улмаар түүний медалийг хураах шийдвэрийг Азийн олимпийн зөвлөлөөс гаргаж алтан медалийг нь хүчингүйд тооцсон. Манай улс нэг алтан медалиа хураалгаснаар багийн амжилт тодорхой хувиар ухарч байгаа юм. Нөгөө талдаа манай улсын шилдэг тамирчнаас допинг илэрсэн гэдэг нь олон улсад Монголын нэр хүндийг унагасан үйл явдал боллоо. П.Орхоны хувьд “Допинг хэрэглээгүй, намайг хүмүүс хорлосон байна” гэсэн нь энэхүү шуугианыг олон талтай хэрүүл болгочихоод байгаа. Түүнийг хэн хорлосон гэж? Эсвэл өөрөө хэрэглэчихээд бусад руу буруугаа чихэж байна уу гэх асуулт хөвөрсөөр. Гэтэл энэ асуудалд Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын Үндэсний Олимпийн хороо, Допингийн эсрэг үндэсний төв гэх байгууллагууд ямар ч албан ёсны тайлбар хийгээгүй байна. П.Орхоноос илэрсэн станозолол гэх бодис нь допинг дотроо хамгийн хүчтэйд тооцогддог. Уг бодис тэмцээний урд өдөр, эсвэл өглөө нь уухад шээснээс илрэх боломжгүй гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж “4-5 удаагийн давтамжтайгаар уусан тохиолдолд сорьцоос илрэх магадлалтай” гэдэг нь бас л нэг хар төрүүлэх шалтгаан болоод байгаа.

Монголын спортод нэг гажуудал харагддаг. Мундаг мандаж явсан тамирчныг алдартай, нэр төртэй явахад анхны багш, спортод оруулсан багш, унаган багш, нутгийн багш, шигшээ багийн багш гээд өч төчнөөн багш дагалдаж, өөртөө хамааралтай болгох гэж зүтгэдэг. Тэгээд тухайн тамирчинд ямар нэг алдаа дутагдал илэрвэл тамирчнаа булаацалдаж байсан өнөө багш нар нь нүүр буруулж зугтдаг жишээ олон бий. Учир нь тамирчин тив, дэлхий, олимпийн дэвжээнд амжилт гаргавал шагнал, урамшууллын тодорхой хувь нь багшид нь очдог. Багш нь тамирчныхаа шагналын тодорхой хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгийг улсаас хүртдэг. Харин үүний эсрэг талд тамирчин нь алдаа гаргавал, сорьцоос нь допинг илэрвэл, тамирчин ёс зүйн алдаа гаргавал түүнийг хариуцаж ирсэн, хариуцаж байгаа багш, дасгалжуулагч өмнөөс ч юм уу, хамт хариуцлага хүлээдэг тогтолцоо гэж байдаггүй.

Одоо бол П.Орхон өөрөө допинг уусан, тэрийг нь багш нар, дасгалжуулагчид, шигшээгийн дасгалжуулагчид нь огт хараагүй, мэдээгүй л гэж өөрсдийгөө цэвэр авч гарахыг хичээж, энэ асуудлыг аль болох сөхөхгүйг, олон нийтийн хараанаас гаргахыг хичээж байгаа нь ойлгомжтой. Монголын чөлөөт бөхийн холбооны хувьд сорьцоос нь допинг илэрсэн ганц тамирчин нь П.Орхон биш. Сүүлийн жишээ гэвэл 2017 онд Туркменстанд болсон Азийн танхимын спортын чөлөөт бөхийн төрөлд өрсөлдсөн дөрвөн тамирчнаас станозолол илэрсэн байдаг. Үүний талаар тус холбооныхон огт мэдээлээгүй. П.Орхоны дуулиантай зэрэгцээд л саяхнаас дуулдаж эхэлсэн юм.

П.Орхоны сорьцоос допинг илэрсэн нь зөвхөн тамирчны буруу биш. Мэргэжлийн тамирчин, шигшээ багийн шилдэг тамирчны хувьд юу идэж уух, ямар хувцас өмсч зүүх нь хүртэл нарийн хяналт дор байдаг. Биоритм, биологийн цаг, сэтгэл зүй гээд тухайн тамирчны бүхий л нөөц бололцоог шигшээ багийн дасгалжуулагчид нь удирдаж, бүхнийг зааж зааварладаг. Тамирчны хувьд дасгалжуулагчдынхаа үгээс зөрөх нь хориотой. Ингэхээр П.Орхоноос допинг илэрсэн асуудалд Монголын чөлөөт бөхийн холбоо, Улсын шигшээ багийн албаныхан ч давхар хариуцлага хүлээх ёстой юм. Учир нь аливаа тамирчин спорт клуб, нийгэмлэгийн тамирчин байж байгаад амжилтаараа тэргүүлээд шигшээ баг руу ороод ирэхээр тэр хүний бүхий л зүйл нь улсынх болоод явчихдаг. Илүү их ачаалал хүлээж авч шигшээ багийн багш, дасгалжуулагчдын хараан дор ирдэг. Хэрвээ шигшээ багийнхан өндөр хараа хяналт тавиад байхад П.Орхон нууцаар допинг хэрэглэсэн бол тамирчны буруу гэх сэн. Эсвэл П.Орхонд хэн нэгэн зориудаар допинг өгсөн бол хараа хяналт тавиагүй шигшээ багийн албаны хүмүүсийн буруу болж таарч байгаа юм. Тамирчныхаа гавьяа, шагнал урамшууллыг хуваалцах гэж тал талаас нь зүтгэдэг багш , дасгалжуулагчид нь допингийн асуудалд ч хариуцлага хүлээх ёстой гэдэг нь харагдана. Учир нь П.Орхоны хувьд олон улс, тив, дэлхийн олон тэмцээнд амжилт гаргаж медалийн тавцанд зогссон гавьяатай.

Тамирчинд олгох мөнгөн шагнал ийм байдаг юм байна

Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолд “Олон улсын Олимпийн хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам” гэж бий. Уг журмаар тамирчинд олгох мөнгөн шагналыг тодорхой тусгажээ.

П.Орхоны авчирсан алтан медалиудаас ДАШТ-ээс авсан алтан медалийг онцолъё л доо. Түүний авсан дэлхийн аваргын медалийг мялааж улсаас 40 сая төгрөг өгч. Харин дасгалжуулагчид нь 20 саяыг олгосон гэсэн үг. Тэгэхээр түүний авчирсан медалийн мөнгөн урамшууллын 50 хувьтай тэнцэхүйц хэмжээний төгрөгийг хэн хэн хувааж авсан нь сонирхолтой. Шигшээ багийн багш нар, клубийн анхны багш нар гэж хүмүүс бий. Гэхдээ тамирчид холбоотойгоо гэрээ хийхдээ багш нартаа урамшууллын мөнгөн шагналыг хэд хэдэн хувиар хувааж өгөхийг нарийн заасан байдаг. Ингэхээр чөлөөт бөхийн холбоо П.Орхонтой хийсэн гэрээг ил болгож түүний шагналаас хувь хүртэж ирсэн багш нарыг зарлаж, допинг хэрэглэсэн асуудалтай холбогдуулж давхар хариуцлага үүрүүлэх ёстой. П.Орхоныг Азийн наадамд бэлтгэхэд гаргасан бүхий л зардлыг улсад эргэн төлүүлэх ч гарц байж болно.

Засгийн газрын уг тогтоолын 3.1-д “Дасгалжуулагчид медаль хүртсэн тамирчинд олгох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно” гэж заасан байгаа юм. Мөн “Тамирчинтай нэгээс дээш дасгалжуулагч ажилласан тохиолдолд мөнгөн шагналыг хувь тохирсон гэрээний дагуу дасгалжуулагчид хувааж авна” гэж тодорхой заажээ. Дасгалжуулагчдыг тамирчных нь амжилтаас хамаарч хэрхэн урамшуулахыг ийнхүү тодорхой заасны зэрэгцээ 5.7-д “Тамирчин допинг хэрэглэсэн нь тогтоогдож медалиа хураалгасан тохиолдолд мөнгөн шагнал, урамшууллыг олгохгүй бөгөөд олгосны дараа илэрвэл мөнгөн шагнал, урамшууллыг нөхөн төлүүлнэ” гэж хатуу заажээ. Ингэхээр тамирчнаас допинг илэрсэн гээд өмнөх шигээ эс тоож боломгүй юм. Цаашид дахин ийм асуудал үүсгэвэл зөвхөн тамирчны л буруу олж дасгалжуулагч, шигшээ багийн хүмүүс нь зүгээр өнгөрдөг байдлыг арилгах цаг болсон. Мөн үүн дээр Монголын Үндэсний Олимпийн хороо болон Допингийн эсрэг үндэсний төв ч хариуцлага хүлээх ёстой.

Нэг удаа хэрэглээд гардаггүй гэх станозолол гэх бодисыг багаар бодоход 4-5 удаагийн давтамжтайгаар хэрэглэсэн тохиолдолд шээсээр гадагшилдаг гэдэг. Допингийн эсрэг үндэсний төв гэх байгууллага П.Орхоноос допинг илэрч байхад, илрэхээс өмнө ямар ажил хийж байсан бэ гэдгээ одоо олон нийтэд зарлах ёстой.

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа буудлагын спортын армийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртчихээд байхад нь хүзүүн дээрээ наалт наасан гэдэг шалтгаанаар медалиа хураалгасан. Олон олимп, ДАШТ-д оролцсон манай шилдэг тамирчин яагаад тэр жижиг асуудал ийм том гай дагуулахыг мэдэхгүй байсан юм бол. Жилд допингийн эсрэг үйл ажиллагаа явуулна гэж улсаас мөнгө төсөвлүүлдэг гэх Допингийн эсрэг үндэсний төв тамирчдын дунд суртал ухуулга хангалттай хийдэггүй гэдэг нь үүгээр харагдаж байгаа юм.

Допингийн эсрэг үндэсний төв нэг төслөөс л 200 сая төгрөг авдаг юм байна. Өөр ямар эх үүсвэрээс яаж допингийн эсрэг ажиллана гэж хэлээд хичнээн төгрөг авдаг нь тодорхойгүй

Допингийн эсрэг төв нь монгол тамирчны эрүүл мэндийг хамгаалах, тамирчдад допингийн эсрэг үйл ажиллагааны талаар боловсрол олгох, цэвэр, шударга тамирчдынхаа нэр хүндийг олон улсын тавцанд хамгаалах, Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх зорилготой гэж өөрийнхөө албан ёсны хуудаст мэдээлжээ. Гэтэл уг байгууллага зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө хангалттай ажиллахгүй байна. Азийн наадамд тамирчнаас нь станозолол гэх допинг илэрчихээд байхад уг байгууллагыг ажлаа сайн хийж байна гэж хэлэх үндэслэл алга. “Допингийн эсрэг үндэсний байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл нь ЮНЕСКО-гийн Спорт дахь допингийн хэрэглээг бууруулах сангийн дэмжлэгтэйгээр манай улсад гурав дахь удаагаа хэрэгжиж байгаа аж. Төслийн зорилго нь тамирчны эрүүл мэнд, нэр төрийг хамгаалах, цэвэр шударга спортыг бий болгоход допинг хэрэглэсэн тамирчныг шийтгэх бус хэрэглэхээс нь өмнө мэдээллээр хангах, мэдлэг эзэмшүүлэх, сургалт сурталчилгааны үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэхэд оршино гэсэн байх юм. Гэтэл бодит байдал дээр манай тамирчид, тэр дундаа онцгой анхаарал, халамжийн дор байдаг улсын шигшээ багийн шилдэг тамирчнаас допинг илэрнэ гэдэг байж боломгүй асуудал. Нэг тамирчны ард шигшээ баг, Допингийн эсрэг үндэсний төв, Монголын Үндэсний Олимпийн хороо гээд олон байгууллага, албан тушаалтан байгаа.

Манай улс “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенци”-д 2007 онд нэгдэн орсон байдаг. Гэтэл 2007 оноос эхэлж тамирчдаас тэр дундаа бөхчүүдээс допинг хамгийн ихээр илэрдэг болж, сүүлдээ ирэх олимпийн найдвар, олимпийн аварга болох магадлал хамгийн өндөр гэгдэж байсан тамирчнаас допинг илэрч байна. Энэ бол спортын хувьд том гарз. Нэг тамирчныг өдий зэрэгтэй болгож гаргаж ирэхийн тулд хичнээн хүний цаг, хөдөлмөр орж, цалин, урамшуулал, тэмцээний бэлтгэл, хувцас, амин дэм, тэмцээний онгоц унааны зардалд татвар төлөгчдийн хэдэн зуун сая төгрөг зарцуулагдсаныг хэлэхэд хэцүү шүү дээ. Сорьцоос нь допинг илэрлээ гээд тухайн тамирчин хүний спортын замналд цэг тавиад өнгөрөөд байж болохгүй. Үүнд холбогдох спортын байгууллагууд нь бас хариуцлага үүрдэг байх хэрэгтэй. П.Орхоноос допинг илэрсэн асуудалд Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын Үндэсний Олимпийн хороо, Допингийн эсрэг үндэсний төв зэрэг байгууллага хариуцлага хүлээх ёстой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *