Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбаттай ярилцлаа. Тэрээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүний албаа хүлээлгэж өгснөөс хойших хэвлэлийн анхны нь ярилцлага юм.
-Сайн байна уу, та. Сайхан наадав уу?
-Сайхан наадлаа. Би наадмаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Алтан-Өлгий сарьдгийн бэл, Баянгийн голын хавьд хэсэг нөхдийн хамт амарлаа. Орон зайн хязгаар арилсан орчин үед заавал төв цэнгэлдэх хүрээлэнд сууж наадам үзэхгүй, цахим холбоо мэдээллийн хэрэгслээр хаанаас ч наадмаа үзэж болдог хөгжлийн өндөр түвшинд хүрсэн байна шүү дээ. Төв аймгийн Эрдэнэ суманд Дунд баян, Зүүн баян, Дорно баян гээд гурван баян байдаг. Тэр Гурван баянгийн Дунд баянгийн голд эхнэр Цэвэлмаагийн төрсөн Цагааны өвөлжөө гэж бий. Ар талдаа Алтан-Өлгийн сарьдаг гэж 2300 метрийн өндөр сарьдагтай. Их сайхан нутаг л даа. Уг нь би жил бүр нутаг руугаа явдаг. Хазгай хүүхэн хадамсаг гэгчээр энэ жил харин Цэвэлмаагийн нутаг явж, Баянгийн голын эрэг дээр майхан татаад нөхөдтэйгөө нөгөөх мөрийтэй тоглоомоо тоглож суулаа. Чамд сонирхуулж, хөзөртэй холбоотой нэг онигоо хэлэхэд, Төв хорооны Улс төрийн товчоон дээр говийн нэг аймгийн Намын хорооны дарга мөрийтэй тоглосон хэргээр шийтгүүлэхээр иржээ. Төв хорооны том дарга асууж байна.“Муушиг гэж юу юм бэ, ямар тоглоомыг яриад байгаа юм. Бидний нөгөө нэг тойргоор тоглодог тоглоом мөн үү” гэсэн гэдэг. Тэгээд л инээд наргиан болоод юун хүн шийтгэх манатай өнгөрсөн хэрэг. Тэр үед мөрий нь нэг төгрөг байсан. Одоо бол мөрий нь 100 төгрөг шүү дээ. Тэр ханшаараа л байгаа, хамаагүй хөдөлгөж болохгүй. /Инээв/.
-Түрүүлсэн бөх, айрагдсан морьд, мэргэн харваачдын талаарх яриа тасраагүй, наадмын өнгө хуучраагүй байна. Энэ үед танд наадамтай холбоотой сайхан дурсамж хөвөрдөг болов уу?
-Наадамтай холбоотой сайхан дурсамж гэвэл, 1990 оны наадмын нээлтийг санаж байна. Ардчилсан хувьсгал ялсан, анхны Ерөнхийлөгч сонгогдсон жил. Түүнээс өмнөх наадмуудад бол дарга нар төв асарт тухлаад тэндээсээ л наадмаа нээж мэндчилгээ дэвшүүлж наадам эхэлдэг байлаа шүү дээ. Харин 1990 оны үндэсний их баяр наадмаар би шар дурдан бүстэй, цагаан дээлтэй, цагаан бүрх малгай өмссөн хүн төв асраас доош бууж цагаан эсгийн дээгүүр алхан Төв цэнгэлдэхийн голд нь байрлуулсан индэрт хүрч наадамчдадаа баяр хүргэж, ардчилсан хувсгалын ерөөл юугаа тавиад буцаж алхаад байрандаа очсон юм. Тэр үед ардчилсан хувьсгалын чинь гол лоозон үндэсний соёл уламжлалыг сэргээнэ гэж байлаа.
Тийм ч болохоор тэр үед наадамчин олон монгол өв соёл, уламжлалаа санагалзсан юм уу. Хавьд тийм зүйл үзээгүй үзэгч олон хүмүүст сонин сэтгэгдэл төрсөн юм шиг байгаа юм. Хөгшин, залуугүй баярын нулимстай олон хүн уйхаалж байсныг санаж байна.
-Та бид хоёрын ярилцлага Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг өрнөж байгаа түүхэн цаг үе дор болж байна. Та 1992 оны Үндсэн хуулийг баталж байхад Төрийн тэргүүн байсан, гар бие оролцсон хүн. Уг нь та 2000-аад онд хэвлэлд ярьж байхдаа “үндсэн хуульд өөрчлөлт оруулах онцгой шаардлагагүй” гэж ярьсан байдаг. Тэр үзэл бодол одоо өөрчлөгдсөн үү, одоогийн үйл явдалд ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?
-Миний тэр үеийн үзэл бодол үндсэндээ хэвээрээ. 1992 оны Үндсэн хууль бол Монголын хөгжлийн ойрын, ирээдүйн төлөв байдлыг тодорхойлсон, ардчилсан төрийн тогтолцоог баталгаажуулсан. Эдийн засгийн хувьд зах зээлийн эдийн засгийн зарчмыг барьж, дэлхийд нээлттэй харилцаатай байх, хамгийн гол нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн. Хувийн өмч, холимог өмч, төрийн өмч зэргээр цаад гол утга нь нь зах зээлийн харилцаанд шилжихэд хувийн хэвшлийг түшиж хөгжье, иргэдээ өмчтэй болгоё, иргэний эрх, эрх чөлөөний баталгаа нь явж явж өмч, хөрөнгө юм. Өмчтэй хүн бол өөрөө өөрийнхөө амьдралыг аваад явах, зохион байгуулах эдийн засгийн суурьтай болдог. Хүний гар хардаггүй, бусдаас хамаарах хамаарал харьцангуй бага. Өөрийнхөө амьдралыг өөрөө аваад явах үндэс нь өмч байдаг. Тийм учраас иргэдээ өмчтэй болгох зарчмыг Үндсэн хуульдаа тунхаглаж өгсөн. Тэгээд нөгөө хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлооно гэсэн ийм зорилготой. Үүнийг чинь өчнөөн удаа хэлэлцсэн юм. Бага хурлаар гурав, дөрвөн удаа хэлэлцэж, их хурлаар нөгөө 430 депутат чинь 67 хоног хэлэлцсэн юм шүү дээ. 76 хоног хэлэлцсэн гээд л ярьдаг даа. Үлдсэн долоо, найм хоногт Бага хурлын тайланг хэлэлцэж барих өөр асуудлууд орсон байдаг. Энэ хугацаанд Үндсэн хуулийн 70 зүйлийг бүр зүйл нэг бүрээр нь хэлэлцэж, нөгөө олон депутатын санал бодлыг тусгахыг хичээж байлаа. Зүйл тус бүрээр хэлэлцэх нь амар байдаг. Тэгээд л нэг зүйл дээр тогтоод л нэмэхээ нэмж, хасахаа хасч батлаад явсаар хамгийн сүүлд “МЭДЭГТҮН, САХИГТУН” гэдэг хоёр үгээ тавьж аваад л баталсан хэрэг шүү дээ. Түүнээс хойш 1999 онд Үндсэн хуульд нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулаад түүнийг нь Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгож, Ерөнхийлөгч хориг тавиад хүлээж аваагүй. Тэгтэл 2000 онд яг нөгөөх жилийн өмнө хүчингүй болгосон нэмэлт, өөрчлөлтийг үг үсэг, цэг таслалын зөрүүгүйгээр тэр чигээр нь УИХ дээр дахиж оруулж ирээд баталчихсан байхгүй юу. Тэгээд л “Дордохын долоон нэмэлт” гэдэг нэршил тэндээс үүсч, тэр үеэс үндсэндээ хоёр Үндсэн хуультай болсон.
-Хоёр гэдэг нь…
-Ухаандаа 1992 оны Үндсэн хууль байна аа даа. Түүн дээр нэмэлт хийхээр шинэ хувилбар гараад ирсэн. Уг нь 1999 онд Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгочихсон. Одоо ч Үндсэн хуулийн Цэц тэр шийдвэрээ хэвээр гэж үздэг юм. Гэвч 2000 оноос хойших 19 жил 1992 оны Үндсэн хууль, 2000 онд оруулсан долоон нэмэлттэй Үндсэн хууль гээд ийм хоёр Үндсэн хуультай юм шиг явж өдийг хүрсэн.
-2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан долоон заалтын асуудал энэ удаа их л бүрхэг байгаа. Уих-ын зарим гишүүн долоон заалтаа бүрэн нэрлэж чадахгүй байх жишээтэй?
-Өнгөрсөн хугацаанд долоон заалтын тухай хангалттай шүүмжилсэн. Тэгээд авч хаядаггүй. Засгийн газар олон удаа огцроод байгаа нь долоон заалтын үр дүн юм шүү дээ. УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн болж давхар дээлтэй болоод л, өнөө гишүүд 20-уулаа байхад л хууль баталчихдаг хачин юм хийгээд хаячихсан. Тэр үед Засгийн газар 16 гишүүнтэй. УИХ дээр Засгийн газрын 16 гишүүн байхад л дээрээ дөрөв, таван хүнийг лоббидоод өөртөө элсүүлж аваад Засгийн газрын саналаар хууль батална гэсэн үг. Тэгэхээр хууль тогтоох эрх УИХ-д байна гэсэн чинь амьдрал дээр Засгийн газар, УИХ хоёр хамтарсан байдлаар хууль батлагдаад байгаа юм шиг. 150 хоног хуралдах ёстой чуулганы хурлын хоногийг 50 хоног л хуралдуулахаар болсон. Уг нь УИХ бол үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах ёстой Үндсэн хуулийн зарчимтай. Гэтэл 365 хоногоос 50 хоног л ажиллана гээд бод л доо. Тэр бүү хэл Засгийн газар огцруулах тухайҮндсэн хуульд маш тодорхой дэгийг заасан байдаг. Гэтэл Засгийн газрыг 14 удаа огцрууллаа гэж байна. Бүгд УИХ-д суудалтай намын санаачилгаар огцруулаад байсан. Үндсэн хуульд нам Засгийн газрыг огцруулах санаачилга гаргах эрх байхгүй. Засгийн газрын тогтвортой байх асуудалд Үндсэн хуулийн буруу гэж байхгүй. Харин эсрэгээрээ Үндсэн хууль зөрчиж байгаагаас үүдсэн сөрөг үр дагавар нь Засгийн газрын тогтворгүй байдал юм. Ийм ийм өөрчлөлтүүд хийсэн учраас 2000 оноос хойш Үндсэн хуулийн гажуудал гаргаад өдий хүртэл яваад байгаа юм. Тэгэхээр одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай ярьж байгаа юм бол хамгийн эхний алхам нь тэр дордуулсан долоог хүчингүй болгох хэрэгтэй. Тэгээд 1992 оны Үндсэн хуулийнхаа аль зүйл заалтыг яаж өөрчилж, юу нэмж юу хасах тухайгай ярь. Дээр би хоёр Үндсэн хууль гэж хэлсэн дээ. Одоогийн нөхцөл байдлаас харахад яг алин дээр нь нэмэлт, өөрчлөлт оруулах гээд байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй. УИХ-аас оруулсан санал дотор ч зарим нь 1992 оны хуулийн заалт дээр, зарим нь 2000 оны хуулийн заалтыг хэлж явна. Үүнийг ойлгомжтой болгох хэрэгтэй.
-Улс төрийн намын тухай асуудал УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд болон Ерөнхийлөгчийн саналд ч хөндөгдөөд байгаа. Намын асуудал дээр та ямар байр суурьтай байна?
-Үндсэн хуулийн дотор эрх баригч нам гэж нэр томьёо их өргөн хэрэглэгдэж ирлээ.Хэвлэл мэдээллийнхэн ч ингэж бичих нь их юм. Угтаа Үндсэн хуульд эрх баригч нам гэж байхгүй. Төрийн эрх бүх ард түмний мэдэлд байна гэдэг. Төрийн эрхийг ард түмэн төлөөллийнхөө байгууллагаар дамжуулж хэрэгжүүлнэ. Тэр нь УИХ. Тэгэхээр бүх ард түмний мэдэлд байх ёстой засгийн эрх чинь одоо эрх баригч намын мэдэлд орчихсон. Өөрөөр хэлбэл, Монголд засгийн эрхийг нам барьдаг болчихоод байна. Нам санаачилга гаргаад Засгийн газрыг огцруулдаг, УИХ бол тогтоол гаргаад зүгээр л түүнийг гүйцэтгэж байдаг болчихож. Өдөөгч, санаачлагч нь нам болж хувираад байна. Уг нь Үндсэн хуульд нам гэдэг үг гурван зүйлд долоон удаа байдаг юм. Ерөнхийлөгчийг сонгуульд нэр дэвшүүлэх, сонгуулиар УИХ-ын гишүүдэд нэр дэвшүүлэх эрх намуудад олгогдсон байдаг. Тэрнээс биш эрх барина гэж байхгүй. Нам олонх болохоор л эрх баригч болчихдог. 1960 оны Үндсэн хуулийн 82 дугаар зүйлд нам бол нийгмийг удирдан жолоодогч байна. Энэ заалтыг хамгийн түрүүнд хүчингүй болгож байж шинэ Үндсэн хууль руу орсон юм шүү дээ, уг нь. Тийм учраас 1992 оны Үндсэн хуульд намын ролийг маш хязгаарлагдмал оруулж өгсөн. Гэтэл явцын дунд өнгөрсөн 27, 28 жилд нам бол Үндсэн хуулийн бус аргаар асар их рольтой болсон. Чуулганы хурал хийж байгаад л “Завсарлага авлаа, намын бүлэг дээр ярьж байж шийднэ” ч гэх шиг. Байнгын хороод гээд Их хурлын өөрийнх нь аппарат байна. Байнгын хороод дээр ярина уу гэхээс намын бүлэг дээр ярих ямар шаардлага байгаа юм. Намын бүлэг яаж шийднэ түүнийг УИХ дээр баталж байдаг зүйл Үндсэн хуульд байхгүй. Энэ мэтчилэн Үндсэн хуулийг гажуудуулж зөрчиж байсанзөрчлүүд асар их байгаа юм. Үндсэн хуулиа хатуу бариад мөрдөөд явсан бол Үндсэн хуульд нэг их тийм хэрэглэж болохгүй, Монголын нийгмийн хөгжлийг саатуулаад байгаа зүйл байхгүй. Зохиомол, хиймэл, өөрсдөө Үндсэн хуулийг хэрэгжүүлэхгүй зөрччихөөд түүнийгээ Үндсэн хуулийн зөрчил юм шиг яриад байгаа нь үнэхээр буруу.
-Манай улсад сонгуулийн аль тогтолцоо тохиромжтой талаарх асуудал олон нийтийн анхааралд байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэг их өөрчлөлт ороогүй ч Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, пропорциональ системээр сонгууль явуулах санал гаргачихлаа?
-Зардлаа дийлэх юм бол УИХ-ын гишүүдийн тоо хэд ч байж болно. Гагцхүү УИХ-ын ээлжит чуулганы чуулах хугацаа, чуулганы болон байнгын хорооны хуралдааны ирц, асуудал шийдвэрлэх квот, давхар дээлийг дан болгох зэрэг заалтуудыг 1992 оны Үндсэн хуулийн дагуу сэргээн мөрдөх хэрэгтэй. Сонгуулийг холимог системээр явуулах механизмыг Сонгуулийн хуулиар зохицуулж, намын жагсаалтаар сонгогдох гишүүний хамгийн бага байх хувь хязгаарыг Үндсэн хуулиар тогтоож өгөх нь зүйтэй.
-Өмнө нь манайх холимог тогтолцоогоор сонгууль явуулсан түүх байдаг?
-1992 оны Үндсэн хуульд сонгуулийг олон намын системтэй байна. Нууц, тэгш зарчмаар сонгоно гэж заасан. Үндсэндээ цаад утга нь мажоритор системийг мөрдье, энэ бол намуудын төлөвшилд их чухал. Намууд төлөвшлөөрөө УИХ-ыг байгуулах сонгуульд тодорхой программаар өрсөлдөөд оролцог. Хэн олон суудал авсан нь гараад ирэг. Ямар ч байсан сонгогдох тойрогтой, сонгочидтой УИХ-ын гишүүдийг сонгож байя гэсэн зарчим. Пропорциональ систем гэдэг бол намаас дэвшүүлсэн нэрсийн жагсаалтаар ямар ч тойрог, сонгогч байдаггүй. Үндсэн хуульд заасан нууцаар санал хураана, тойргийн сонгогчдоороо сонгуулна гэсэн нь юу алдагдахад хүрсэн. Ингээд болохгүй байсан учраас өнгөрсөн долоон удаагийн сонгуулийн зургааг мажоритороор явуулсан. Нэг удаа намын нэрсийн жагсаалт гэдгээр хийж үзсэн. УИХ-ын 76 тойргийн 48-ыг нэг мандаттай тойргоор санал хураагаад, 28-ыг нь нэрсийн жагсаалтаар оруулж үзсэн. Тэр чинь их сонин. Тойрогтоо очиж ажиллана гэхээр УИХ-ын 28 гишүүнд тойрог байхгүй. Бараг танай аймагт очъё гэх болдог. Энэ чинь өөрөө Үндсэн хуулийн зөрчил болж харагдаад байгаа юм.
Хүмүүс бол намуудын оролцоог нь бодох хэрэгтэй гээд байдаг. Одоо 108 хүнтэй УИХ-ын 54-ийг сонгоно, 54-ийг жагсаалтаар батална ч гэх шиг юм яриад байна. Энэ бол Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй. Хэрэв үүнийг явуулъя гэж байгаа бол Үндсэн хуульдаа сонгуулийн холимог системийг хэрэглэнэ гэж биччихвэл өөр байх. Францад пропорциональ системийг хэрэглээд сонгууль явуулсан байдаг. Манайд бол засгийн эрх ард түмний мэдэлд байна гэдэг тэр зарчим хэвээрээ байх юм бол пропорциональ системээр явахаар төрийн эрх намын мэдэлд оччихно. Төрийн эрх баригч нам гэдэг жинхнээрээ пропорциональ системээр тодорно. Яагаад гэвэл намын гаргаж өгсөн жагсаалтаар сонгосон гээд гэдийчихнэ.
-Ерөнхийлөгчийн эрхийг Үндсэн хуульд хэрхэн тусгах ёстой юм бэ. Одоогийн хуулийн төсөлд бол Ерөнхийлөгчийн эрх хэтэрхий их байна, бага байна гэсэн маргаан өрнөж байна?
-Яг тийм. Хоёр янзын урсгал яваад байна. Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах гээд ч байгаа юм шиг, сүүлчийн хувилбарыг харахаар Ерөнхийлөгчийн эрхийг хамаагүй өргөтгөх гэж байгаа юм шиг. Ерөнхийлөгчийн эрхийг өргөтгөж, ҮАБЗ гэх мэтээр дамжуулаад нөлөө бүхий шийдвэр гаргах гээд байгаа юм уу гэмээр. Хэрэв ингэвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болчихож мэднэ. Засгийн эрхийг намд өгөөд Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол өнөөгийн Монгол, Монгол биш болно. Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах биш цоо шинэ Үндсэн хууль хийх хэрэг болно. Тэгэхэд энэ Монгол гээч улс юу болох вэ. Ардчилсан гэх үү, зах зээл энэ тэр нь нээлттэй, хаалттай байх асуудал яах вэ. Дэлхийн улс орон Монголд яаж хандах вэ. Өөрөөр хэлбэл, цоо шинэ Үндсэн хуультай өөр нэг Монгол Улс бий болох тухай асуудал бий болж магадгүй. Гэвч энэ бол яагаад ч байж болохгүй. Ер нь энэ асуудал дээр их болгоомжтой, оновчтой, судалгаа үндэслэлтэй, үр дагаврыг нь их нарийн бодож байж хиймээр байгаа юм. Одоогийн нөхцөл байдлыг хараад чагнаад байхаар явж, явж Үндсэн хуульд ямар ч өөрчлөлт орохгүйгээр дуусч мэднэ.
-Ерөнхийлөгчийн гаргасан саналын дагуух хэлэлцүүлэг шүүх засаглалаар өчигдөр үргэлжиллээ. Үндсэн хуульд шүүх засаглалын тухай ойлголт чухал байр суурьтай биз?
-Шүүх засаглалын хувьд би “Үндсэн хуулийн хэрэгжилт хяналт судалгаа” гэсэн ном бичсэн. Түүндээ би өөрийн хийсэн анализыг тодорхой тайлбарласан байгаа. Ер нь шүүх эрх мэдлийн тухай гарсан хуулиуд, түүний хэрэгжилт Үндсэн хуультай зөрчилдсөн юм бараг байхгүй. Шүүх засаглалыг нэг их айхтар хөдөлгөх шаардлага өнөөдөр бий юу, үгүй юү. Өнөөдөр шүүх засаглалд хамгийн ноцтой дутагдал бол авлига, хээл хахууль. Энэ чинь байгаа юм. Тэгэхээр яаж үүнийг шүүх эрх мэдлээс арилгах вэ гэдэг дээр механизм хэрэгтэй. Шүүгчид, шүүхийн бие бүрэлдэхүүний мэргэжлийн соёл, ёс зүй, ухамсраас л их хамаарна.
Б.ЭНХЗАЯА
Үргэлжлэл бий