Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Мягмаржаргал: 17-25 насныхан бүлэг найз нөхөдтэйгөө байхдаа гэмт хэрэг үйлдэх магадлал түгээмэл байдаг

Автомашинаар хүн мөргөж, хэргийн газраас зугтсан бичлэг цахим орчинд цацагдсанаар иргэдийн шүүмжлэлтэй тулгараад байгаа. Дорнод аймгийн Хэрлэн сумын долдугаар багийн нутаг дэвсгэр, 52А байрны урд долдугаар сарын 21-ний 03:00 цаг орчимд 19 настай эрэгтэй Д “Harrier” маркийн автомашинаар 18 настай эрэгтэй С-ийг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулсан байдаг. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор Сэтгэл зүй, Сэтгэц хэмжил зүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл зүйч П.Мягмаржаргалтай ярилцлаа.


e-Машинаар нэгнийгээ санаатайгаар дайрч, амь насанд нь халдаж буй бичлэг цахим орчинд хэдхэн хоногийн өмнө цацагдсан байдаг. Дээрх хэргийг үйлдсэн гэх этгээд нь 19 настай, хохирогч нь 18 настай гэх мэдээлэл бий. Тухайн залуугийн энэхүү ёс зүйгүй үйлдлийг сэтгэл зүйн хувьд хэрхэн тайлбарлах вэ, магадгүй өс хонзонгийн сэдэл байж болох юм?

-Таны хэлсэнчлэн хүний амь насанд санаатайгаар халдсан энэхүү үйлдэл нь өс хонзонгийн сэдэлтэй байж болно. Түүнчлэн бүлэглэлийн чанартай танхайн үйлдэл байж магадгүй гэсэн таамаг байна. Цахим орчинд тавигдсан бичлэгээс харахад тухайн хэрэг гардаг шөнө залуус олноороо цуглаж, улмаар маргалдаж байсан. Ингэж бүлэглээд ирэхээр танхайрах, нэгнийгээ дээрэлхэх, бусдын эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэл өсдөг. Ямар нэгэн өс хонзон, хардалт сэрдэлт зэрэг олон шалтгаантай ч, тэнд цөөн хүн байсан бол ийм үйлдэл хийхгүй байж болох юм. Ерөөс бүлэг найз нөхөдтэйгөө хамт байхдаа гэмт хэрэг үйлдэх магадлал 17-25 насныханд илүү түгээмэл байдаг гэдгийг тогтоосон 2000 оны эхэн үеийн судалгаа бий. Энэ насныхан өөрийн хүчтэй сэтгэл хөдлөлд зохистой хариу үйлдэл үзүүлэх чадвар сул байдаг. Өөрөөр хэлбэл, аливаа зүйлийн урт хугацааны үр дагаврыг тооцож хариу үйлдэл үзүүлэх чадвар бүрэн хөгжөөгүй учраас сэтгэл хөдлөл мэдрэмжээ үйлдэл болгохдоо найз нөхдийнхөө нөлөөнд орох эрсдэлтэй байна гэсэн үг. Залуус нэгнийгээ “Чи чадна” гэж зоригжуулах, “Тэрэнд дээрэлхүүлдэг хэн юм бэ” гэж уруу татах гэх мэтчилэн найз нөхдийнхөө нөлөөнд амархан автдаг. Хэдийгээр хуулийн хүрээнд 18, 19 насыг насанд хүрсэн хэмээн үздэг ч, сэтгэл зүйн хөгжлийнх нь талаас өсвөр наснаас насанд хүрэх шилжилтийн үе хэмээдэг. Энэ насныхан харьцангуй бие дааж, насанд хүрэгч ямар үүрэг хариуцлагатай байдаг вэ гэдэгт анхлан оролцож эхэлдэг гэсэн үг.

-Дөнгөж 19 настай хүүхэд ийм айхавтар үйлдэл хийхийг харахад манай нийгэм, тэр дундаа залуусын сэтгэл зүйд томоохон асуудал байгаа мэт. Сүүлийн үед яг залууст чиглэсэн сэтгэл зүйн судалгаа манай улсад хийгдсэн болов уу?

-Яагаад 18-19 настай хүүхдүүд ийм харгис үйлдэл гаргах болов, гол асуудал манай нийгэмд байна уу, эсвэл хувь хүнд байна уу гэж та бүхэн бодож магадгүй. Ер нь түрэмгийлэл, гэмт хэргийн шинжтэй хүнлэг бус үйлдэл хувь хүн гэхээс илүү, нийгмийн орчноос ихээхэн шалтгаалдаг. Үүнийг харуулсан хэд хэдэн судалгаа ч бий. Энд Стэнфордын шоронгийн туршилт судалгааг дурдъя. Энэ туршилтад хамруулахаар энгийн хүмүүсийг санамсаргүй байдлаар хоёр бүлэг болгон хуваасан байгаа юм. Тодруулбал, нэг хэсгийг нь гэмт хэрэгтэн, нөгөө хэсгийг нь шоронгийн хуяг болгож хэсэг хугацаанд байлгахад өөрт нь эрх мэдэл олгогдсон шоронгийн хуягуудаас муу муухай зан авир гарч эхэлж байгаа юм л даа. Хэдийгээр хоригдлуудын дүрд тоглож байгаа хүмүүс ямар ч гэм хийгээгүй гэдгийг мэдсэн ч, шоронгийн хуяг байх эрх мэдэл олгогдоход тэдгээр хүмүүсээс сөрөг зан авир ажиглагдсан гэсэн үг. Үүнээс улбаалан, үнэхээр туршилтад орсон хүмүүс нь муухай байв уу, эсвэл хүрээлэн буй орчин нь муухай байв уу гэдэг асуулт үүсч байгаа юм. Улмаар тухайн орчин нь тэнд байгаа хүмүүсийг муу муухай авир зантай болгож байсан хэмээн дүгнэсэн. Тиймээс тухайн хүүхдүүдийн ойр орчных нь нөлөөлөл аливаа асуудлыг ингээд л шийдчихэж болдог юм байна гэдэг үлгэр дуурайлыг харуулсан байж болох. Түүнчлэн макро орчин ч хүний зан авирт нөлөөлдөг. Манай нийгэмд хүн хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээхгүй өнгөрөөд яваад байж болдог юм байна гэдэг жишээ хангалттай байгаа. Тэр маань эргээд залуу үеийнхэнд ингэж муу муухайгаар нөлөөлөх эрсдэлтэй. Хамгийн гол нь хүний хөгжил орчин тойрноо ажиглаж сурахаас шалтгаалдаг. Нийгэмд ийм сөрөг жишээ байгаа цагт залуус маань асуудалд энэ жишгээр хандах эрсдэл бий. Энэ бичлэгээс нэгдүгээрт, сэтгэл хөдлөлийн оюун ухаанаас гадна эцэг эх, ах нарын үлгэр дуурайл ямар байна гэдэг нь харагдаад байна. Санамсаргүй ч биш, албаар очиж хүнийг машинаар дайрч чадна гэдэг чинь ийм үйлдлийн дараа хариуцлага хүлээлгүй өнгөрчихөж болдог юм байна гэсэн бодол.

-Тэгвэл ёс суртахуунтай иргэдийг бий болгохын тулд нийгмээрээ зөв үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй гэсэн үг үү?

-Ёс зүйн хөгжлийн үе шатлал хэмээх Коллберг сэтгэл зүйчийн онол байдаг. Энэхүү онолын дагуу хүн гурван шатлалаар хөгждөг хэмээн тайлбарладаг. Үүний хамгийн эхэнд, хүн болгон өөр өөр бодолтой, ямар үйлдэл хийвэл зөв, буруу гэх мэтчилэн суурь ойлголтыг эцэг эхээсээ энэ үед мэдэж авдаг гэсэн үг. Хоёр дахь шатандаа буюу өсвөр насанд ороод ирэхээр “Би сайн хүн гэж харагдаж, үнэлэгдэх ёстой юм байна. Тэгэхийн тулд харилцаандаа тодорхой хэмжээгээр ийм байр суурьтай байх ёстой, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй юм байна” гэх мэт ойлголт нь хөгждөг. Улмаар миний хамаарагддаг, харьяалагддаг бүлэг ийм дүрэм журамтай байдаг юм байна. Ингэвэл би хэрэгт холбогдоно гэх мэтчилэн хөгжлүүд хоёр дахь шатанд явагддаг. Зарим тохиолдолд насанд хүрсэн ч гуравдугаар шат руу орж хөгжөөгүй хүмүүс цөөнгүй байдаг л даа. Ялангуяа, 20-иод насны эхэн үед хөгжлийнхөө хоёр дахь шатандаа явдаг гэсэн үг. Энэ үед тухайн бүлэгт яаж хүлээн зөвшөөрөгдөх үү, миний байр суурь юу билээ гэдэгтээ л илүү анхаарна. Гурав дахь үе шат руу орчихвол заримдаа “Миний нийгмийн орчинд хүлээн зөвшөөрөгддөг зарим зүйл яг нарийн бодоод үзвэл, тийм ч зөв биш. Тэгэхээр би ийм нөхцөлд шийдвэрээ өөрчлөх хэрэгтэй” гэж илүү бие даасан хэм хэмжээг өөртөө суулгаж өгөх чадвартай болно.

Энэ чадвар бүрэн суугаагүй тохиолдолд өөрийн харьяалагдаж байгаа бүлэгт хүлээн зөвшөөрүүлэхийн тулд, лидер гэдгээ харуулах үүднээс асуудалд ханддаг. Улмаар болчимгүй үйлдэлд хүрэх эрсдэлтэй. Мэдээж энэхүү хөгжил хүн болгонд харилцан адилгүй, ялгаатай. Чухамдаа гэр бүлийн орчин, хамгийн ойр нийгэмшиж байгаа хүрээлэл, цаашлаад нийгмийн макро орчин ямар байгаа зэргээс шалтгаалж хөгжил явагдана.

-Ер нь 18-19 насанд хүний сэтгэл зүй ямар онцлогтой байдаг юм бол. Магадгүй энэ насанд сэтгэл хөөрлөөр асуудалд хандах, улмаар буруу үйлдэл гаргах эрсдэлтэй юү?

-Ийм тохиолдол цөөнгүй байдаг л даа. Өөрийнхөө үйлдлийн үр дагаврыг нарийн бодож тооцоолохгүй байх тохиолдол өндөр гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжийг таньж мэдэх, бусдын сэтгэл зүйг ойлгох, улмаар харилцаандаа менежмэнт хийх зэрэг чадваруудаас сэтгэл хөдлөлийн оюун ухаан EQ бүрдэж байгаа. Үүнийг хүүхдэд бага балчираас нь сайтар суулгаж өгч байж л ирээдүйд асуудал үүсэхээс сэргийлнэ.

-Найз нөхөд, гэр бүл гэх мэтчилэн бүлгийн харилцаанд зөрчил үүсэхэд бид хэрхэн шийдвэрлэх ёстой вэ. Эрэгтэй хүүхдүүдийн хувьд асуудлыг харилцаж ярилцаж шийдэхээс илүү зодоон нүдээнээр шийдэх хандлага ажиглагддаг. Энэ нь маргааныг илүү хурцадмал хэлбэрт оруулах болов уу?

-Эрэгтэй хүүхдийг эрэгтэй хүн шиг болгож өсгөнө гэдэг маань яг юуг хэлээд байна вэ. Аливаа асуудлыг түрэмгийллээр шийддэг байснаар илүү эрэгтэйлэг гэж хүлээн зөвшөөрөгдөхөд тусалдаг юм уу, үгүй юм уу гэх асуулт гарч ирнэ. Ялангуяа, Монголын нийгэмд хүйсийнхээ дагуу нийгэмших нь түгээмэл байдаг шүү дээ. Улмаар хангалттай эрэгтэйлэг байна гэдгээ батлахын тулд аливааг түрэмгийллээр шийдвэрлэх, асуудлыг булчингаар шийддэг байх ч гэдэг юм уу. Ингэх шаардлагагүй гэдгийг эрэгтэй хүүхэд өсгөж байгаа эцэг эх, багш нар хэлж анхааруулах нь чухал байна. Ер нь нийтээрээ нийгмээрээ энэ тал дээр анхаарах цаг нь болчихсон харагдаж гэдгийг дээрх энэ үйл явдлаас харж болно. Ерөнхийдөө асуудал шийдвэрлэх аргыг хүүхдүүд нийгмийнхээ хүрээллээс суралцдаг. Тиймээс хүүхэд өсгөхдөө ярилцаж асуудлаа шийдэж сургах л ёстой. Хамгийн түрүүнд гэр бүлийн орчинд асуудлаа шийдэхдээ эцэг эхчүүд нэг нэгнээсээ уучлалт гуйгаад, яагаад уучлалт гуйж буй шалтгааныг хүүхдийнхээ дэргэд тайлбарлах нь чухал. Ингэхгүйгээр нэг мэдэхэд хэрэлддэг, цаашлаад зодоон цохиондоо хүртэл явдаг.

Тэгчихээд дараа нь хүүхдүүдийнхээ өмнө эвлэрдэггүй, юу ч болоогүй юм шиг. Хүмүүс нэг нэгэндээ түрэмгийлэл, цаашилбал хүчирхийллийг гаргачихаад зүгээр цаашдаа амьдрал зүв зүгээр мэт яваад байж болдог юм байна гэдгийг хүүхдүүддээ харуулаад байвал хүүхдүүд асуудлыг тэгж л шийддэг юм байна гэх ойлголттой болж. Өсвөр насандаа гэмт хэргийн чанартай халдлагаас болоод бүлэглэн танхайрахаас ч гэдэг юм уу, ийм байдлаас үүдэн амь насаа алдаж буй залуусыг харахаар гол төлөв эрэгтэй хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр жендерийнх нь норм талаас нь ч бид сайтар бодолцож үр хүүхдээ өсгөх шаардлага үүсээд байна.

П.Сайнжаргал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *