“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн уншигчдын хүртээл боллоо. Өчигдөр нийтийн тээврийнхэн ажил хаясан билээ. Тэгвэл энэ тухай “Өдрийн сурвалжлага” буланд Автобус баазынхан ажил хаяж нийслэлийнхэнд хүлээлт үүсгэсэн талаар сурвалжлага бэлтгэн нийтэллээ. Уг сурвалжлагыг нэг, дөрөвдүгээр нүүрээс уншаарай.
Мөн нэгдүгээр нүүрээс тавдугаар нүүрт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн “Хүний эрхийг хөсөр хаях нь эдийн засагт ч хүндрэл учруулдаг” хэмээх ярилцлага багтсан юм. АТГ-ын талаар шүүмжилж ярих нь бүү хэл дурсах ч эрхгүй болж ч байх шиг. АТГ нь хүний эрхийг зөрчдөг талаар хүний эрхийн төлөө дуугардаг цөөн гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл юм. Тэрбээр “АТГ-ынхан улс төрийн хүрээг л шалгах ёстой. Улс төрийн хүрээнд буруу гарын мөнгө орж ирвэл гаднаас л байж таарна. Улс төрчид нэгэндээ мөнгө өгөөд гүйгээд байхгүй байх. Уг нь энэ хүрээг цэвэрхэн байлгах үүрэгтэй л байгууллага ш дээ, АТГ” хэмээн ярьжээ. Өнөөдрийн нөхцөлд АТГ газар байх нь зөв. Гэхдээ ийм байдлаар ажлаа явуулах нь буруу. Аль болох хувийн хэвшлийнхний алдааг нь хэлж зөвлөдөг зөвлөгчийн байр сууринаас ажиллах ёстой гэсэн юм. Хүний эрхийг хөсөр хаях нь эдийн засагт ч хүндрэл учруулдаг болох тухай уншаарай.
Японы мэргэжлийн сумод цахиур хагалж яваа Г.Ган-Эрдэнийн аав Д.Гантулга “Хүүгийнхээ түрүүлэхийг хараад барагтайд гаргадаггүй нулимсаа асгаруулах шиг болсон” хэмээх сонирхолтой ярилцлага өглөө. Уг ярилцлагыг нэгдүгээр нүүрээс 13 дугаарт багтаасан байна. Өмнө нь манай сонины сэтгүүлч Д.Гантулгын гэрээс сурвалжлага бэлтгэн хүргэж байсан бол энэ удаа түүний хүү мэргэжлийн сумод анх удаа түрүүлснийх нь дараа дахин уншигч тантай золгуулж байгаа юм. Сонирхуулахад, Г.Ган-Эрдэнийн аав Д.Гантулга “Хоёр аваргыг барилдах үед нэг их зүйл бодогдоогүй. Хэн хүчтэй нь давах биз дээ гэж бодоод сууж байлаа. Харин Харүмафүжи аваргыг давсан хойно сандраад эхэлсэн. Яадаг бол гээд тэрүүхэн хоромд үнэхээр их зүйл бодогддог юм билээ. Би ч яахав гүрийж байгаад барилдааныг нь үзчихсэн. Давахад нь хэр барагтайд гаргадаг нулимсаа асгарууллаа. Ээж нь хөөрхий гадаа сүүгээ өргөөд залбирч байсан. Хүү давчихлаа гэхэд нэг хэсэгтээ л гэртээ орж ирж чадахгүй болчихдог юм байна лээ. Эх хүнд юм юм л бодогдсон байх. Уйлаад л зогсоод байсан. Ер нь бүгд уйлсан даа. Би бүр хэт их хөөрчихсөн байна лээ. Эхлээд уйлаад, сүүлдээ даралт ихсээд. Эмнэлэг бараадаж байж зүгээр боллоо” хэмээн цогтоо цогиун яриа өгчээ.
Тэгвэл Улс төрийн хоёрдугаар нүүрт Сангийн сайд Ж.Эрдэнэбатын “Эдийн засгаа өөрсдөө эрүүлжүүлж чадвал “Стэнд бай” хөтөлбөр авах шаардлагагүй” хэмээх эдийн засгийн ярилцлагыг унших боломжтой. Сүүлийн үед манай эдийн засагчид хийгээд улс төрчид Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа билээ. Тэгвэл Сангийн сайд энэ талаар өөр байр суурьтай байгаа ажээ. Тэрбээр “Эрдэнэбат гэдэг хүн биеийнхээ амрыг бодсон бол хөтөлбөр авъя гээд явах байлаа. Хэрэв тэгсэн бол зээл аваад төсвийнхөө алдагдлыг ямар ч асуудалгүй санхүүжүүлээд явах боломж байна. Энэ хөтөлбөрийг авснаар төсөвт ирэх ачаалал хөнгөрөх ч гэсэн эдийн засагт тодорхой хэмжээний хатуу бодлого хэрэгжих шаардлага гардаг. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчид хамгийн ихээр сөрөг нөлөөлдөг. Хөтөлбөр хэрэгжсэнээр эдийн засаг агшиж, валютын ханшийг сул тавих шаардлага тавина. Ингэснээр гадны хөрөнгө оруулалт тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Гэхдээ үндэсний үйлдвэрлэгчид маш хүнд байдалд ордог” гэсэн юм. Энэ тухай дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы хоёрдугаар нүүрээс уншаарай.
“Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт “Сая хонины хаялга сая саяар үржинэ” хэмээх сонирхолтой, асуудал дэвшүүлсэн нийтлэл багтсан болно. Сүүлийн үед манай улс гадны орнуудад мах экспортлох боломж бүрдэж байгаа талаар өгүүлсэн ажээ. Харин Улс төрийн зургадугаар нүүрт улс төр дэх цаг үеийн мэдээлэл багтсан байна. Дэлхийн мэдээ уламжлал ёсоор есдүгээр нүүрт багтсан бол 11 дүгээр нүүрт Хүний эрхийн хуульч М.Ичинноровын ярилцлага орлоо.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ