Categories
мэдээ цаг-үе

П.Гангаамаа орчуулагчийн Монголын яруу найргийн герман хэл дээрх бүтээлийн тухайд

“Хүмүүний ертөнцийг сэтгэлийн гэгээрэлд уримуй” хэмээх уриатай “Улирал ба зохиолч” сэтгүүлийн шинэ дугаарыг Монгол Улсаас гадаад улс орнуудад суугаа Элчин сайдын яамд болон Дипломат төлөөлөгчдийн газруудад оюуны өглөг болгон хүргүүлж байх санаачилгыг Монголын Элчин сайд нарын клубын гишүүн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Галсангийн Батсүх гаргасныг тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Данзангийн Нямаа тэргүүтэн уухайлан дэмжжээ. Есөн эрдэнийн хуудас бүхий тус сэтгүүлийн Алтан хуудсыг нээхэд зохиолч Дамдинсүрэнгийн Урианхайн нэрийг Нобелийн шагналд дэвшүүлсэн тухай баяртай мэдээг монгол түмэндээ зарлан мэдэгдэж тунхаглан сонордуулжээ.Түүх уламжлалын арвин баялаг өв сантай Монголын уран зохиол ийнхүү дэлхийн соёлт түмний сонорт хэдийнээ хүрч хүн төрөлхтөний оюуны суу билгийн оргилд зиндаархах цаг эдүгээ хаяанд ирсэн ажаам. Үүний өмнө монголын нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо олон улсын хэмжээнд нэр алдраа дуурсган улмаар Монгол Улсынхаа төрийн дээд шагнал-Чингис хааны одон хүртэж бид бүхнийгээ баярлуулж байсан цаг саяхан.

Оюуны их мастерууд маань ийнхүү алдар хүндийн оргил өөд нүүр бардам давшихын зэрэгцээ Монголын уран зохиол бүхэлдээ дэлхийд гарах амаргүй бөгөөд өгсүүр замаар амжилттай урагшилж байгаагийн цаана тэдний бүтээл туурвилыг дэлхийн хүн зонд хүргэх буянт үйлсийг бүтээж явдаг дуун хөрвүүлэгч-орчуулагч нарын тухайд бид шагшин магтдаггүй юмаа гэхэд буурьтайхан ярьж, суурьтайхан дүгнэж баймаар болжээ. Монголын уран зохиолын орчуулга, судлал хэр далайцтай хөгжиж, ямаршуу түвшинд явна вэ гэсэн асуулт олон хүний оюун бодолд хадаастай явдаг байх. Орос болон хуучин социалист нөхөрлөлийн гэгдэж байсан орнуудын хэл дээр тэр үеийн төрийн бодлогын буянаар манай шилдэг зохиолчдын бүтээл туурвил орчуулагдан хэвлэгдэж тухайн ард түмний хүртээл болдог байсан үе өнгөрөөд нэлээд цаг хугацаа улирав.

“Нарлаг Монгол өнөөдөр” сэтгүүлийн эрхлэгч Г.Дэлгэрмаа 2009 онд “Утга зохиолын орчуулгын ур чадвар ба чанар” сэдвээр бичсэн нэгэн өгүүлэлдээ “Монголын утга зохиол дэлхийд хэр танигдсан бэ. Дэлхийд таниулах гол гарц нь болох орчуулга хэр хөгжиж ирэв, мөн хэр хөгжиж байна вэ” гэсэн асуулт тавиад “Эрт үеэс бичгийн эрдэмд нэвтэрхий монгол эрдэмтэн мэргэдийн хичээл зүтгэлээр нанхиад, манж, түвд, энэтхэг зэрэг голчлон Ази дахины хэлнээ, хожим орос, улмаар дам дамжин бусад “соц” орнуудын хэлнээ орчуулагдсан ихэвчлэн яруу найраг, шүлэг зохиол зонхилох цөөн хэдэн бүтээл, ном эмхэтгэлийг нэг бүрчлэн дурдаад ч түүхэн хөгжилтэй нь харьцуулахад төдийлөн урт жагсаалт гарахгүй” хэмээн харамсан тэмдэглэхийн зэрэгцээ “харин нэгэн хэсэг бүр орхигдон мартагдсан энэ асуудал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, нэг үеэ бодвол Монголын утга зохиолыг гадаад хэлнээ, ялангуяа англи хэлнээ орчуулан буулгах, хэвлэн нийтлүүлэх, түгээн сурталчлах ажил идэвхитэй өрнөж байна” гэсэн урмын санаа цухуйлгасан байдаг. Энэ санааг эшлэн бодвоос эдүгээ дэлхий дахин даяаршихын хэрээр үзэл суртлын хүлээс арилж, улс түмний хоорондын харилцааны чөлөөт орчин нэгэнт буй болсны хаялгаар англи, орос, франц, герман мэтийн Eвроп дахинаа түгээмэл хэрэглэгддэг хэлнээ Монголын зохиолчдын бүтээл мэр сэр орчуулагдаж байх шиг. Миний бие өөрийн гадарлах герман хэлнээ гарсан Монголын зохиолчдын бүтээлийг болж өгвөл олоод үзчих гэж хорхойсогч бөгөөд энэ чиглэлээр гарсан шинэ сэрэг зүйлийн сураг дуулдаж, бараа харагдваас урамшин баярлаж явдаг нэгэн.

…Нэгэн үе Монголын уран зохиолыг судлаж манай зохиолчдын бүтээлээс сорчлон орчуулж германчуудын оюуны таашаалд хүргэдэг байсан хүмүүс цагийн эрхээр цөөрсөөр. Тэдгээрийн дотроос уран зохиолын орчуулгаар тууштай ажиллаж Д.Нацагдорж, Ч.Лодойдамба, С.Эрдэнэ, Ш.Нацагдорж зэрэг нэртэй зохиолчдын бүтээлийг орчуулсан монголч эрдэмтэн Ренате Бауве гуай саяхан Д.Энхболдын “Паанан” хэмээх сайхан туужийг орчуулан хэвлүүлсэн байна билээ. Түүнчлэн зохиолч С.Жаргалсайхан бид хоёрын хамтын бүтээл “Чингис хааны нууц түүх” романы “шүүрхий” орчуулгыг бараг хийгээд дууссан гэж байсан. Одоо орчуулгаа нягтлан чамбайруулах, бас сонирхох хэвлэлийн газар хайж олоод ярьж тохиролцох мэтийн амаргүй ажлууд нь үлдчихсэн байгаа гэсэн.

Монголын зохиолчдын эвлэлийн оны шилдэг бүтээл шалгаруулдаг “Алтан өд” наадмын шагналт зохиолч Т.Бум-Эрдэнэ сэтгүүлч Х.Оюунболдтой хийсэн нэгэн ярилцлагадаа “Ер нь манай зохиолчид дэлхийд гарах боломж хэр байна. Монгол зохиолчид таны бодлоор дэлхийн дэвжээнд гарах ямар арга зам байна вэ” гэсэн асуултад “Монгол зохиолчид гадагшаа гарахын тулд миний боддог бодол бол тухайн хэл дээр нь бичдэг байх ёстой.Түүнээс биш миний бичсэнийг яахав хэн нэгэн орчуулаад явж болно л доо. Гэхдээ би өөрөө англи, франц, герман хэл дээр бичиж чадвал миний оюун санаа тэр чигээрээ очно гэсэн үг. Тэрнээс биш хувираад хувираад оччих юм бол явцгүй. Хоёрт, орчуулах явцад миний бодож сэтгэснээс өөрөөр ойлгогдоод буучихаж бас болно оо доо. Тэгвэл миний бүтээл биш болно. Тэгэхээр Монголын зохиолчид өөрсдөө гадаад хэл дээр бичиж туурвидаг болсон тэр цагт л Монголын утга зохиол дэлхийд танигдана гэж боддог” гэсэнтэй би “бараг” санал нийлнэ. “Бараг” гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл, жишээ нь одооныхноос Урианхай, Мэнд-Ооёо, соц үеийн хууччуулаас Д.Нацагдорж, Б.Явуухулан, Д.Нямсүрэн, Д.Пүрэвдорж энэ тэр гээд манай агуу зохиолчид зөвхөн Монголоороо бичдэг ч дэлхийн энтэй зохиолчид гэж үнэлэгдэг шүү дээ гэсэн санаа.

Уран зохиолын орчуулга хийнэ гэдэг ер нь мэдлэг чадвар, авьяастайгаас гадна зоригтой л хүний ажил. Аль нэг хэлийг мэддэг гээд тэр хэл рүүгээ Монголын зохиолчдын бүтээлийг ур хийц, утга санаа болон амин чанарыг нь яг дүйцэхүйц орчуулна гэдэг бол үнэхээр “боолын хөдөлмөр”, “тамын ажил” байх.Тийм ч учраас гадаад хэлийг эх хэл шигээ эзэмшиж сурах нь Монголын уран зохиолыг дэлхийд гаргах түлхүүр гэж байгаа хэрэг. Гадаад хэлийг тийм сайн эзэмшсэн хүмүүс манай залуучуудын дотор олширч байгаад би их олзуурхдаг. Саяхан надад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн, яруу найрагч Санжаажавын Оюун нэг сайхан бэлэг өгсөн юм. Тэр нь юу вэ гэвэл Дрездений их сургуулийг төгсөөд Регенсбургийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан Пүрэвдоржийн Гангаамаагийн 2018 онд хэвлүүлсэн Монголын яруу найргийн герман хэл дээрх орчуулгын бүтээл.

Зохиолч, яруу найрагч, их сэтгэгч Д.Урианхайн “Намар морио услахуй” хэмээх шүлгээр нэрлэсэн уг орчуулгын номонд Өндөр гэгээн Занабазараас авахуулаад ноён хутагт Равжаа, билгүүн номч Б.Ринчин, их Нацагдорж болон Ч.Лхамсүрэн, С.Удвал, Ш.Гаадамба, Ч.Чимид, Б.Явуухулан, Ш.Дулмаа, Д.Гомбожав, Т.Галсан, Д.Пүрэвдорж, Н.Нямдорж, Д.Мандахсан, С.Дашдооров, Р.Чойном, Н.Дагвадорж, Д.Урианхай, Ж.Лхагва, З.Дорж, Б.Лхагвасүрэн, Л.Лувсандорж, С.Оюун, Д.Нямсүрэн, Д.Баянтунгалаг, Г.Мэнд-Ооёо, З.Түмэнжаргал, О.Дашбалбар, Гүр.Нямдорж, Ж.Болд-Эрдэнэ, Ж.Батцэцэг, Д.Баттогтох, М.Уянсүх, Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир, Б.Галсансүх, Ц.Буянзаяа, Л.Өлзийтөгс, Т.Содномнамжил, Н.Гантулга нарын шүлгүүдээс гадна Ш.Гаадамбын “Элбэг дээл” өгүүллэг багтжээ. Зөвхөн нэрсийг нь харахад л сүрдмээр энэ олон яруу найрагчдын бүтээлийг герман хэлнээ буулгах гэж П.Гангаамаа оюун сэтгэлээ ихэд чилээж, олон шөнийн нойроо хугаслан хөдөлмөрлөсөн нь мэдээж. Тэрбээр гагц энэхүү түүврийг герман хэлнээ хөрвүүлээд зогсохгүй “Та нар миний эрдэнэ” нэртэй өөр нэг номондоо их эзэн Чингис хааны билиг сургаалийн дээжис, 13 дугаар зууны үеийн үйсэн дээрх бичгийн дурсгал, Лувсанданзан, Саган цэцэн, Цогт тайж, Равжаа хутагт, Гулранс, Инжинааш, хуульч Сандаг зэрэг их мэргэдийн үлдээсэн яруу найргийн дурсгалууд, Монголын шинэ үеийн 40 гаруй шилдэг яруу найрагчдын бүтээлийг багтаан герман хэлээр 2012 онд Улаанбаатар хотноо хэвлүүлсэн ажээ. Түүнчлэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, Төрийн шагналт Бавуугийн Лхагвасүрэнгийн шилдэг шүлгүүдийн түүврийг герман хэлнээ хөрвүүлж “Тэнгэрийн цоорхой” нэртэйгээр Германы Регенсбург хотноо 2014 онд хэвлүүлсэн байна.

П.Гангаамаа бусдын бүтээлийг герман хэл рүү хөрвүүлдэг төдийгүй өөрөө герман хэлээр бүтээлээ туурвидаг аж. Тэгэхээр герман хэл дээр бичиж туурвидаг бас нэг зохиолчтой болсон нь нэн баярлууштай бөгөөд бахархалтай хэрэг. Тэрээр 2012 онд ”Оосортой цагаан огторгуй” номоо Улаанбаатар хотноо, “Цагаан санаат хулгайч” хэмээх зохиолоо 2013 онд Регенсбургт тус тус герман хэлээр хэвлүүлжээ. Бас Монгол-Германы боловсрол, соёл, шинжлэх ухааны харилцааны сэдвээр Германд хийсэн судалгааныхаа үр дүнг 2013 онд бие даасан ном болгон хэвлүүлсэн юм билээ. Ийнхүү уран зохиолын орчуулга хийх, эрдэм судлалын ажилд шамдах, уран бүтээлээ герман хэл дээр туурвих зэрэг нөр их ажлынхаа хажуугаар тэрээр ХБНГУ-ын “Монгол” нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж ирсэн бөгөөд Регенсбург орчмын зохиолчдын орон нутгийн байгууллагын гишүүний хувиар ажил төрөлд нь идэвхтэй оролцохын зэрэгцээ төв Европын герман хэлтнүүдиййн хүрээнд Монголын зохиолчдын талаар болон өөрийнхөө уран бүтээлийн уншлагыг тогтмол зохион байгуулдаг байна. Ийнхүү П.Гангаамаа хэмээх энэхүү хөдөлмөрч, дайчин бүсгүй Монгол Улсаа гадаадад сурталчлах үйлсэд уухайлан зүтгэж, улмаар Монгол-Германы харилцааг хөгжүүлэх үйлсэд “ардын дипломат” ёсоор түүчээлэн оролцож явна.

Ахмад дипломат, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанжамцын Удвал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *