Categories
мэдээ нийгэм

П.Баттөр: Нийслэлийн хороо бүрээс иргэдийг хамруулж мод тарих, ургуулах арга ухааны сургагч багшаар бэлтгэнэ || DNN.mn

Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” 32 сая төгрөгийн шагналын сантай

Ногоон хот, иргэний оролцоо зөвлөгөөн өнөөдөр болж байна. Тодруулбал, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг нийслэлд зохион байгуулах ажлын хүрээнд төр, хувийн хэвшил, шинжлэх ухаан, олон улсын байгууллага болон иргэдийн 200 гаруй төлөөлөл тус зөвлөгөөнд оролцсон юм. Энэхүү санаачилгын хүрээнд 2030 он хүртэл нийслэлийн хэмжээнд 120 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн гэдгийг салбарын төлөөлөл онцлов. Зөвлөгөөний үеэр дурдсан тоон мэдээллийг танилцуулъя.

Улаанбаатар хотын нийт газар нутгийн 4.1 буюу 116 мянган га талбайг ойн сан бүхий газар эзэлж байна.
Ойжуулах, нөхөн сэргээх ажлын хүрээнд ой модоор бүрхэгдээгүй 17 мянган га талбайн 135 га газрыг 20.7 сая мод тарина гэж судлаачид тооцож байгаа.

Нийслэлийн байгаль орчны газраас гаргасан тоо баримтаас үзвэл, Улаанбаатар хотын хэмжээнд ой мод үржүүлгийн чиглэлээр 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагууд өнөөдрийн байдлаар 4.6 сая тарьц суулгацын нөөц байна гэсэн тооцоо бий.

Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр “Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн хоёр жилд 100 орчим га талбайд 135 мянган ширхэг мод тарьж суулгасан байгаа юм. Энэхүү нөөц боломж хөрөнгө оруулалтынхаа хэмжээг 100 дахин нэмэгдүүлснээр 17 мянган га талбайг 2030 онд бүрэн ойжуулах тооцоо гарч байна. Өөрөөр хэлбэл, одоогийн хүн хүчний нөөц, хөрөнгө оруулалтынхаа түвшнийг хамгийн багадаа 100 дахин нэмэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа гэсэн үг” хэмээн мэдээлэв. Мөн тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үндэсний хорооноос мод тарих технологи, ургуулах арга ухааныг заах сургагч багш хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд нийслэл хотын хороо бүрээс иргэдийг оролцуулж сургагч багш бэлтгэхээр төлөвлөж байгаа” гэсэн юм.

Ташрамд дурдахад, Одоогийн байдлаар Улаанбаатар хотын нэг иргэнд таван метр квадрат ногоон байгууламж оногдож байна. Харин олон улсын дундаж үзүүлэлт нь есөн метр квадрат байдаг. Бид 2030 он хүртэл 120 сая мод тарьсны дараа нийслэлийн нэг иргэнд 15 метр квадрат буюу дэлхийн дунджаас нэг дахин их ногоон байгууламж оногдоно гэсэн тооцоо бий гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *