Categories
мэдээ нийгэм

“Оюутолгойн гүний уурхайн 3000 гаруй ажилтныг коронавирусийн шинжилгээнд хамруулна” гэв

Оюутолгой компанийн нэг ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн. Мөн нэг иргэн халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол илрээд байгаа.

Иймд Өмнөговь аймагт тус уурхайн ажилчдыг шинжилгээнд хамруулах болон тандалт судалгааны ажил эхлээд байгаа билээ. Энэ талаарх мэдээллийг тус аймгийн Эрүүл мэндийн газраас өглөө.

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Бямбажав “Коронавирусийн халдварын голомтот бүс нутгаас хөдөө орон нутаг руу халдвар зөөвөрлөгдөж эхэлсэн. Энэ дагуу манай аймгагт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байна. Тодруулбал, “Оюутолгой” компанид коронавирусээр өвчилсөн иргэний ойрын хавьтал ирсэн тул шинжилгээ авч Улаанбаатар хот руу ХӨСҮТ-д сорьцыг хүргүүлсэн. Шинжилгээний хариугаар халдвар авсан нь батлагдсан. Үүнтэй холбоотойгоор орон нутаг болон Оюутолгой компанид тандалт судалгааны ажил хийж эхлээд байна. Ялангуяа, тус компанид ээлж солигдож ирсэн ажилчдыг халдвартай иргэний хавьтал эсэхийг тодорхойлж, гэрийн тусгаарлалтад ажиглаж, шинжилгээ авч байна.

2021 он гарсаар Өмнөговь аймгийн хэмжээнд 18550 хүнд коронавирусийн шинжилгээ хийсэн. Үүнээс 1831 нь Оюутолгой компанийн ажилтан байна. 

Эдгээр иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй. Харин сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 704 хүнийг шинжилгээнд хамруулсан. Мөн “Оюутолгой” батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 334 хүнийг тусаарласан. Эдгээр иргэнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй байна. Халдвар авсан байж болзошгүй иргэн тус компанийн гүний уурхайд ажилладаг бөгөөд тухайн иргэнээс гадна 3000 гаруй иргэн ажилладаг юм билээ. Иймд нэн тэргүүнд шинжилгээнд хамруулах шаардлагатай иргэдийг тандан судалж байна. Аймгийн хэмжээнд өдөрт 1200 сорьцод шинжилгээ хийх хүчин чадалтай лаборатори бий” гэв.

“Оюутолгой” компанийн ажилчдыг энэ сарын 18, 19-нд шинжилгээнд хамруулах юм байна. Харин халдвар авсан нь батлагдсан иргэн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал дунд зэрэг байгаа талаар Өмнөговь аймгийн онцгой комиссоос мэдээлсэн билээ. Түүнчлэн тус уурхайд коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа буурах биг хандлагатай байгаа бөгөөд Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх ачаа тээвэрт БНХАУ-ын тал хязгаарлалт тогтоогоод байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *