Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оюутнуудыг ЭМД-аар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулна DNN.mn

Оюутан залуусыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулан, эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох зорилгоор “Эерэг хандлага-эрүүл оюутан” уриан дор оюутны эрүүл мэндийг дэмжих 2 сарын аяныг зохион байгуулахаар өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Уг аяныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЭМЯ, БШУЯ, ЭМДЕГ, ГБХЗХГ, БЕГ, НЭМҮТ, СЭМҮТ, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын оюутны холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Энэ хүрээнд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт болон оюутан залууст нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж, эрхзүйн орчинг боловсронгуй болгох, эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох, сургалт сурталчилгаа зохион байгуулах, оюутан залуусын эрүүл мэндийн даатгал төлөлтийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулна.
Харин оюутнууд ЭМД-аараа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзүүлэгт орохын тулд ЭМД-ын шимтгэлээ төлсөн байх учиртай.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд Монгол Улсын иргэн бүр 19 нас хүрсэн өдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалд албан журмаар хамрагдах үүрэгтэй. Үүнд их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчид ч мөн эрүүл мэндийн даатгалаа өөрөө хариуцан төлөх иргэнд багтдаг.
Ингэхдээ тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиас доошгүй төлбөрийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлнө.
Оюутан залуус энэ онд сарын 4200, жилийн 50400 төгрөгийг төлнө. Төлөлтөө И-баримт гар утасны аппликейшнээр дамжуулан төлбөл 15-30 минутын дотор шууд баталгааждаг. Мөн шимтгэлээ баталгаажсан эсэхийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-монголиа болон ЭМДЕГ-ын emd.gov.mn вэб сайтаас РД-аа оруулан шалгах бүрэн боломжтой.
Оюутнууд ийнхүү ЭМД-аа төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагуудаас 16 төрлийн багц тусламж, үйлчилгээг 70-100 хувь хөнгөлүүлнэ. Мөн Урьдчилан сэргийлэх, эрт үзлэг оношилгоо, шинжилгээнд хамрагдахаас гадна ЭМД-аас үнийн дүнг нь зайлшгүй хөнгөлөх шаардлагатай 600 гаруй эмийг 30-70 хөнгөлттэй үнээр авах олон боломжууд бий гэж ЭМДЕГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *