Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан их, дээд сургуулийн оюутнуудын нийтийн тээврийн смарт картыг шинээр олгох болон сунгах асуудлаар нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Улаанбаатар смарт карт” компаниас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг “2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн оюутнуудад нийтийн тээврийн хөнгөлөлтийн карт авах оюутнуудын хүсэлтийг сургууль тус бүр дээр энэ сарын 26-30-ны хооронд хүлээн авч байна. Сургуулиуд наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 5-ны хооронд карт шинээр болон сунгуулах хүсэлтийг нийслэлийн Боловсролын газарт ирүүлэх ёстой. Есдүгээр сарын 6-наас эхлээд ажлын 3-10 хоногт багтаан сургуулийн хүүхдүүдийн тооноос хамаарч олголтыг хийж эхэлнэ” гэв.
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг “Манай газраас мэргэжлийн боловсрол сургалтын төв, политехник коллежийн оюутан залууст автобусны хөнгөлөлтийн карт олгодог. Энэ хичээлийн жилд 14194 оюутанд карт олгохоор төлөвлөж байна. Оюутан залуучууддаа хандаж хэлэхэд “Сонор плаза” төвийн таван давхарт байрлах цагийн ажлын биржээр дамжуулан картыг олгоно” хэмээв.