Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийгдсэн зарим өөрчлөлтүүдийг Монголын оюутны холбооноос эсэргүүцэн, оюутнууд нийтийн тээврээр үнэгүй зорчих ёстой хэмээн Чингисийн талбайд гурван өдрийн турш суулт зарласан. Суулт зарласан эхний өдөр МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаярыг саатуулж, шүүхээр арга хэмжээ авсан бол хоёр дахь өдөр нь ажлын албаны дарга Б.Жигжидийг цагдаагийн хэлтэст хүргэн мөн захиргааны арга хэмжээ авсан аж.
Ингээд Иргэдийн хурлын зарим төлөөлөгч нар Оюутны нийтийн тээврийн асуудлаар зөвлөлдөх уулзалт хийж, уулзалтанд Нийслэлийн засаг даргын орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн тээврийн газрын дарга Энхбат, орлогч дарга О.Түшиг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын санхүү хариуцсан дарга Э.Ганхүү, Нийтийн тээврийн аж ахуй нэгж байгууллагууд, ТОАҮЭХ уулзаж оролцов. Тус уулзалтаар иргэд оюутнуудаас хамгийн их ирж буй гомдол буюу Автобусны эргэлт богиноссонтой холбогдуулан дамжин суултанд мөнгө төлж байгаа асуудлыг шийдвэрлэхээр арваннэгдүгээр сарын 01-ээс 30 минутын доторх дамжин суултыг үнэ төлбөргүй болгох талаар судлаж байгаа хэмээн НЗД-н орлогч Н.Гантөмөр мэдэгдлээ.