Нийтийн тээвэрт цахим машиныг нэвтрүүлсэн. Ингэснээр иргэд 3600 төгрөгөөр карт худалдан авч түүнийгээ 500-90 000 төгрөгөөр цэнэглэж зорчиж байна. Харин нийтийн тээврээр үнэгүй зорчдог оюутнуудын картыг ирэх хичээлийн жилээс олгож эхлэх билээ. Ингэхдээ оюутнууд хоёр төрлийн картаар автобусанд зорчих юм байна. Нийтийн тээврээр үйлчлүүлэх Улаанбаатар смарт карт компанийн оюутнуудад зориулсан карт гэж бий. Үүнээс гадна давхар Төрийн банкны картыг ашиглах аж. Монголын оюутны холбооны хэвлэл мэдээллийн ажилтан М.Санчирбаатарын хэлж буйгаар оюутны карт нь бусад энгийн картнаас ялгагдах зүйлгүй гэнэ. Тиймээс оюутан гэдгийг нотлохын тулд тэдний нэр бүхий Төрийн банкны картыг давхар хэрэглүүлэхээр болжээ. Ирэх жилээс энэ хоёр картыг нэгтгэх арга хэмжээг авна хэмээн мэдээлсэн юм.
Оюутнуудын хувьд өөрийн сургуулийн оюутны холбоогоор дамжуулан энэ сарын 25-наас захиалгаа өгч хоёр картаа авна. Төрийн банкны картыг 8900 төгрөг, нийтийн тээврээр үйлчлүүлэх оюутны картыг 3600 төгрөгөөр авах юм.
Эхний ээлжинд есдүгээр сарын 1 гэхэд 63 мянган оюутанд олгох карт бэлэн болжээ. Оюутны картын давуу тал нь хаяж үрэгдүүлсэн тохиолдолд картаа хаалгах боломжтой юм.