Categories
мэдээ спорт

“Оюутны алтан намар 2014” спорт аяллын тэмцээний шилдэгүүд тодорлоо

Нийслэлийн Ардчилсан нам, Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбоо, Монголын адал явдалт спорт аяллын холбоо хамтран “Оюутны алтан намар 2014” спорт аяллын тэмцээнийг энэ сарын 19-21-нд Гачууртад амжилттай зохион байгууллаа.

Арав дахь жилдээ зохион байгуулж буй энэ тэмцээнд Өмнөговь, Дархан-Уул аймаг болон нийслэлийн арав гаруй их, дээд сургуулийн 21 багийн 130 орчим оюутан оролцсон юм. Багууд газрын зураг, нуувч илрүүлэх, уулын оргил эзлэх, бартаа туулах, сэлүүрт завиар уралдах, сагсан бөмбөг гэсэн спортын зургаан төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорьсон. Мөн Гэрийн даалгавар-“Ардчиллыг хэн сайн мэдэх вэ” гэсэн чөлөөт сэдвээр баг тус бүр чөлөөт үзүүлбэр бэлтгэж өрсөлдсөн юм. Ингээд долоон төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр Мон Алтиус биеийн тамирын дээд сургуулийн “Тэсрэлт” баг нэгдүгээр байр, МУБИС-ийн “Зевс” баг хоёрдугаар байр,  Мон Алтиус биеийн тамирын дээд сургуулийн “Хурд”, ШУТИС-ийн “Жигүүр” баг гуравдугаар байр эзэлсэн бол ҮБТДС-ийн “Тод магнай”, “Эрчис” баг тусгай байрт шалгарлаа. Харин “Шилдэг аялагч”-аар “Уран байгаль” багийн А.Буян-Орших, “Тэмүүлэл” багийн Э.Сайхансэтгэл, “Зүг чиг” багийн С.Магнайбаяр, “Ренжерс-2” багийн Н.Оргил нар шалгарсан бол “Шилдэг дасгалжуулагч”-ийн шагналыг ХААИС-ийн багш Ж.Пүрэвсүрэн, Сутай дээд сургуулийн багш О.Оюутанбаатар нар хүртэв.

Монголын адал явдалт спорт аяллын холбооны ерөнхийлөгч Б.Жияандорж “Оюутан залуусыг эрүүл мэнд, бие бялдарын өв тэгш хүмүүжилтэй, эх орон газар нутгаа хайрлан хамгаалдаг, өөртөө итгэлтэй өөдрөг тэмүүлэлтэй иргэд болгон төлөвшүүлэх, амьдрах ухаанд сургах, спорт явган аяллыг шилдэг баг тамирчдыг шалгаруулах, залуучуудын нөхөрлөл, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор  энэ тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээнийг Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойг угтан зохион байгуулж буйгаараа онцлог. Өнгөрсөн жилийн тэмцээнд хот, хөдөөгийн 30 гаруй баг оролцсон. Энэ жил оролцох багуудын тоо харьцангуй цөөрсөн байна. Цаашид тэмцээнд оролцогчдынхоо хүрээг тэлэхэд анхаарч ажиллах болно” хэмээн ярьсан юм. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *