Categories
мэдээ нийгэм

“ОЮУТАН ЦЭРЭГ” сургалтын нээлт боллоо

“Оюутан цэрэг” хөтөлбөр 2014-2016 онд амжилттай хэрэгжиж, 2017 оноос “Цэргийн албаны тухай хууль”-ийн дагуу дөрөв дэх жилдээ хэрэгжихэд бэлэн боллоо. Өнөөдөр тус сургалтын нээлт Нийслэлийн Иргэний танхимд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон Нийслэлийн цэргийн штаб, холбогдох албаныхан, оюутан цэргүүд оролцлоо.

Энэ жилийн “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт орон нутагт хэрэгжихээрээ онцлог юм. Орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу энэ хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжинэ. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна.

Хөтөлбөрийн дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшиж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Өнгөрсөн жилүүдийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт 2400 орчим оюутан хамрагдаж, эх орныхоо өмнө эр цэргийн тангараг өргөсөн. Оюутнуудын хувийн сахилга хариуцлага дээшилж, найз нөхдөө манлайлсан сайн оюутан болж төлөвшихийн зэрэгцээ анги хамт олны эв нэгдэл, сургалтын чанарт эерэгээр нөлөөлж байна. Цэргийн алба, цэргийн эрдэм гэдэг хүнд асар их зүйлийг өгдөг. Наад зах нь цаг ягштал баримтлахыг суралцана. Та бүхэнд амжилт хүсье.” гэлээ.

“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан 2017 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн бүртгэж, журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулж, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *