Categories
мэдээ нийгэм

“Оюутан мобилити” хөтөлбөрийг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурав

“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д туссан мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг биелүүлэх зорилгоор “Судалгаанд суурилсан их сургуулийн үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газар баталсан. Хөтөлбөрийн нэг хэсэг болох “Оюутан мобилити” буюу Монголын их дээд сургуулиуд кредит харилцан зөвшөөрөх санаачилгыг эхлүүлэхээр болж, гэрээнд гарын үсэг зурлаа. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Ариунболд, “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн захирал, профессор Ч.Ганзориг, Монгол, Германы хамтарсан технологийн их сургуулийн захирал, доктор Н.Дорждэрэм нар дээрх арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

“Оюутан мобилити” тогтолцоо хэрэгжсэнээр оюутан залуус өөрийн хүссэн мэргэжил, чиглэлээр хэрхэн, хэзээ, яаж суралцаж үр дүнд хүрэх хариуцлагатай сонголт хийх эрх чөлөөг нь олгох юм байна. Ийнхүү сургууль хооронд гэрээ байгуулснаар оюутнууд өөрийн сурч боловсрох чиглэлээ сонгох бүрэн боломж нээгдэх юм. Энэхүү үйл ажиллагааг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа цаашид дэмжин ажиллахаа илэрхийлж, бусад их дээд сургуулиудыг “Оюутан мобилити” тогтолцоонд хамтран ажиллахыг уриалжээ.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Ариунболд “Боловсролын байгууллагын эцсийн гол зорилго бол чанартай боловсролоор дамжуулан сайн мэргэжилтнийг бэлтгэх байдаг. Бидний баталж буй хөтөлбөрөөр дамжуулан их, дээд сургуулиудын оюутнууд зөвхөн өөрийн сургууль дээрээ хичээлээ үзэж, кредитээ цуглуулаад явдаг байсан бол өнөөдрөөс эхлэн гэрээнд гарын үсэг зурсан сургуулиуд кредитээ харилцан зөвшөөрснөөр, оюутнууд өөрсдөө хамгийн чанартай гэж үзэж буй сургалтын хөтөлбөрийг, сургууль хамаарахгүй сонгон хичээлээ үзэх боломж бүрдэж байна” гэлээ.
Харин “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзориг “Дэлхийн ихэнх улсуудад “Академик мобилити” гэх хөтөлбөр хэрэгждэг. Үүний нэг нь оюутны шилжилт хөдөлгөөнийг дэмждэг “Студент мобилити” хөтөлбөр юм. Эдгээр хөтөлбөрт мөн багш солилцооны хөтөлбөр багтдаг. Монгол Улсын дээд боловсролын салбарт багш нарын хүрэлцээ дутмаг байгаа гэж хэлж болно. Тийм учраас сайн багш нарын нөөц боломжийг их дээд сургуулиудын салбар дунд ашиглах боломж үүсэж байна” гэж мэдээлсэн юм.

"Оюутан мобилити" хөтөлбөрийг эхлүүлэхээр боллоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *