Categories
мэдээ цаг-үе

“Оюуны ундраа” цогцолбор сургуулийн сурагчид тусгаар тогтнолоо магтан дуулав

Өчигдөр Сүхбаатарын талбай дээр “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 3333 сурагч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг уншив. Тус ажиллагааг зохион байгуулсан “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн захирал С.Нэргүйдаваа шүлэгт зориулсан цомоо Нийслэлийн боловсролын газрын дэд дарга Ц.Отгончимэгт гардууллаа. Энэ талаар тус ажиллагааг зохион байгуулагчидтай ярилцав.


БГД-ийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл: БҮХ АНГИЙН СУРАГЧДАД 16 БАДАГ ШҮЛЭГ ЦЭЭЖЛҮҮЛНЭ ГЭДЭГ ҮНЭХЭЭР ТОМ АЖИЛ

-Дүүрэг энэ арга хэмжээнд хэрхэн оролцож байна?

-Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагийн мөрийн хөтөлбөрт “Хүүхдэд ээлтэй Баянгол дүүрэг” гэдэг дэд хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн захирал С.Нэргүйдаваа энэ ажлыг санаачилсан. Энэ сургууль хоёр удаа тэргүүний сургууль өргөмжлөл хүртсэн. Энэ өргөмжлөлийг хүртэхэд сурлага, хүмүүжлээс эхлээд олон шалгуурыг нийслэлээс тавьдаг. Дүүргийн хувьд өөр олон ажил зохион байгуулж байна. Жишээлбэл, “Эх орон 36”, “Эх орон 16”, “Эх орон 8” гэсэн хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэ нь өсвөр насны хүүхдүүдэд эх оронч сэтгэлгээ суулгах, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох зорилготой.

-Ямар хэлбэрээр энэ хөтөлбөр хэрэгжих вэ?

-Цэрэг, эх оронч хэлбэрээр. Бид 0164 дүгээр цэргийн ангитай хамтарч ажиллаж байгаа. Цэргийн ангид багаар, командаар ажиллаж сурах замаар өсвөр үеийнхэнд орчин цагийн эх оронч, өв тэгш бие бялдрын хүмүүжил олгохыг зорьж байна.

-Сурагчид үндэсний хувцсаар маш сайхан гоёсон байна. Үндэсний хувцасны өдөртэй болсон гэсэн.

-Монголын уламжлалт үндэсний баяр Цагаан сарын дараахь долоо хоногийн дөрвөн өдөр нийслэлийн сурагчид үндэсний хувцсаараа гоёдог уламжлал тогтсон.

-Энэ ажиллагаа цаашид үргэлжлэх үү?

-С.Нэргүйдаваа захирал маш гоё шилжин явах цом хийлгэсэн. Энэ цомоо Нийслэлийн боловсролын газрын дэд даргад гардуулж өгсөн. Цом нийслэлийн бүх сургууль болон аймгуудаар дамжин бүх сурагчид “Тусгаар тогтнол би чамайг тунхаглана” шүлгийг уншина.

-Багагүй зардал гарсан байх даа?

-Зорилго нь сайхан болохоор эцэг, эх нь ихээр дэмжиж байгаа юм. Хувцас бол хүүхдүүдэд байдаг гоёо учраас нэмэлт зардал биш. Харин бүх ангийн сурагчдад 16 бадаг шүлэг цээжлүүлнэ гэдэг нь үнэхээр том ажил шүү.

“Оюуны ундраа” цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан А.Өнөрмаа: ЗӨв ажлыг хийхэд эцэг, эхЧҮҮд санхҮҮ дээр гар татдаггҮй

-Яагаад энэ шүлгийг унших арга хэмжээ зохион байгуулав?

-Манай “Оюуны ундраа” сургууль цогцолбор сургууль болсны 20 жилийн ой болж байна. Ой тэмдэглэх ажлын хүрээнд 20 томоохон ажил хийнэ. Эхний ажил нь Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогнол” шүлгийг унших ажиллагаа.

-Монголд анх удаа ийм олон сурагч шүлэг унших нь сонирхолтой байна. ийм том агуулгатай шүлэг унших нь ямар ач холбогдолтой вэ?

-Олон талын ач холбогдолтой. Сонголт хийхдээ бид маш их зөвлөлдсөн. А үсгээ ч үзээгүй нэгдүгээр ангийн хүүхдүүд энэ том шүлгийг цээжиллээ шүү дээ. Бага ангийн сурагчид утга учир, үзэл санааг ойлгохоосоо илүүтэй, оюун санаа нь илүү хөгжиж байна. Хэл яриа эмх цэгцтэй болж, дарааллыг зөв олж байна. Анги хамт олны дунд хэн хамгийн сайн унших уралдаан зарлаж, өрсөлдөж байна. Хамт олны дунд эвсэг уур амьсгал бий болж байна.

Ахлах, дунд ангийнханд эх оронч үзэл санаа, аав, ээжийгээ хайрлах үзэл, ер нь эх орноо бүхэлд нь хайрлах үзэл санаа төлөвшиж байна. Энэ шүлэг өөрөө агуу их үзэл санаа. Нэгдүгээр ангийн хүүхэд 16 бадаг шүлэг цээжилнэ гэдэг бол асар том үр дүн.

-Энэ том ажлыг зохион байгуулахад хэр ажиллагаа оров?

-Бид зөвхөн дангаараа зохион байгуулаагүй. Боловсролын яам, нийслэл, дүүрэг, суургуулийн захирлууд маш их дэмжлэг үзүүлсэн. Энэ ажил есдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Бас Архангай аймгийн удирдлага бидний санаачилгыг хүлээн авч манай цомыг аймагтаа аялуулахаа мэдэгдсэн. Бэлтгэл ажлаа хангаж байгаа гэсэн.

-Яагаад зөвхөн архангай аймаг хүлээж авах ёстой вэ?

-А-гаар эхэлсэн аймгаас эхэлж байгаа юм. Бүх аймгаар цом аялна. Дараа нь нийслэлийн дүүргүүдээр аялна. Дараа жилийн хавар Архангай аймгийн 1206 шилдэг сурагч шүлэг уншина.

-1206 гэдэг тоо ямар учиртай вэ?

-Их Монгол Улс байгуулагдсан оныг бэлгэдсэн. Архангайн шилдэг сурагчид энэ талбай дээр ирж шүлэг уншина. Өнөөдрийн үйл ажиллагааг харсан хүүхдүүд өнөөдрөөс эхлээд шилдэг сурагч болохын тулд бэлдэж эхлэх байх. Энэ нь бас дотоодын аялал, жуулчлал, сурагч солилцооны хөтөлбөр болно.

Хөдөөгийн сурагчид Сүхбаатарын талбай дээр шүлэг уншаад зогсохгүй, нийслэл, эх орныхоо түүх, соёлын өвтэй танилцах нь маш их хүмүүжил, мэдлэгийн ач холбогдолтой.

-Цом нэлээд бэлгэдэл агуулсан харагдаж байна.

-Цом маань дөрвөн хүчтэнтэй, түмэн наст хээгээр битүү бүрсэн, оройд нь шонхор шувуу суусан, нэг талдаа Чингис хааны хөрөг, нөгөө талдаа манай сургуулийн бэлгэ тэмдэгтэй. Энэ шүлгийг бүгд мэддэг боловч бүтнээр мэддэг томчуул ховор юм байна. Харин энэ удаад хүхдүүддээ цээжлүүлэх гэж маш олон эцэг, эх шүлгийг бүтнээр нь цээжилсэн гэж байна.

-30 гаруй автобус, цагдаагийн хамгаалалт, нийт эцэг, эхчүүд оролцсон нүсэр арга хэмжээнд багагүй зардал гарсан байх даа?

-Бид энэ төслөө эцэг, эхчүүдэд танилцуулсан. Эцэг, эхчүүд өөрсдөө маш их талархалтайгаар хүлээж авсан. Тийм учраас санхүүжилтийн асуудлыг эцэг, эхчүүд өөрсдөө л шийдсэн. Аль болох бага зардал гаргасан байх. Жишээлбэл, олон гоё малгай өмссөн сурагчид байгаа биз. Энэ бүхнийг эцэг, эхчүүд зургийн дэвтэрний цаас ашиглаад, хуулга наагаад хийчихсэн байна. Та нар анзаарсан бол сурагчид Монголын газрын зураг хэлбэрээр зогссон. Түүн дотроо аймаг болгоноор хувцас нь өөр байгаа. Буриад, казах, торгууд гээд. Энэ бүхэн эцэг, эхчүүдийн сэтгэл байхгүй юу. Мөн замын цагдаагийнхан маш их тусалсан.

Х.БАТТӨГС

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *