Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто групп, нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон “Оюу толгой” ХХК-ийн амжилтыг хамтдаа ёслон тэмдэглэв.
Өмнийн говь дахь Оюу толгойн уурхай дээр болсон уг ёслолд Уул уурхайн сайд Р.Жигжид, Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш болон Рио Тинтогийн Зэс, Нүүрсний группын Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак нар оролцлоо.
Монгол Улсын хамгийн том зэс, алтны Оюу толгой уурхай нь хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, аюулгүй байдал, техник технологи, байгаль орчин, менежмент, ханган нийлүүлэлт, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартуудыг нэвтрүүлж байна.
Оюу толгой нь 2010 оноос хойш төслийн бүтээн байгуулалтад 6.4 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1.3 тэрбум гаруй ам.долларыг Монгол Улсын Засгийн газарт татвар, рояалти болон бусад төлбөр, хураамж хэлбэрээр төлөөд байна. Өнгөрсөн 2014 онд гэхэд Монголын ханган нийлүүлэгч компаниудаас 300 сая ам.долларын худалдан авалт хийж, 7.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг боловсрол, сургалт, тогтвортой хөгжлийн төслүүдэд зарцуулсан тухайгаа тус клмпанийнхан энэ өдөр онцолж байна.
Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш хэлэхдээ “Оюу толгойн ил уурхайн үйл ажиллагаатай биеэр танилцаж, Монгол ажилчдын хийж бүтээсэн амжилтыг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрлөө. Хоёр жил хүрэхгүй хугацаанд нэг сая тонн зэсийн баяжмалыг экспортод гаргана гэдэг нь үйл ажиллагаагаа эхлээд удаагүй Оюу толгойн хувьд томоохон тэмдэглэлт үйл явдал юм. Энэ амжилтын нэгээхэн хэсэг нь болж байгаадаа бид баяртай байна” гэлээ.
Монгол Улсын Уул уурхайн сайд Р.Жигжид “ Оюу толгой нь Монгол Улсын үндэсний үнэт баялаг билээ. Өнөөдрийн энэхүү амжилт нь Оюу толгойн нийт ажилтан, түүний 95 хувийг бүрдүүлдэг монголчуудын маань нөр их хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн юм. Оюу толгой цаашид алхам алхамаар улам бэхжиж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацааны турш хувь нэмрээ оруулна гэдэгт би итгэлтэй байна. Миний бие энэхүү тэмдэглэлт баярын халуун мэндийг Оюу толгойн удирдлагууд болон нийт ажилтан, ажиллагсдад чин сэтгэлээсээ хүргэж байна” гэлээ.
“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх “Уул уурхайн сайд Р.Жигжид болон Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш нарыг Оюу толгойн уурхайд хүлээн авч байгаа нь бид бүхний хувьд нэр төрийн хэрэг юм. Бид энэ түүхэн тэмдэглэлт үеэр өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулж, ажилчдынхаа өндөр ур чадварыг харуулах боломж гарлаа. Цаашид илүү үр бүтээлтэй ажиллаж, хөгжин дэвших бат бөх суурь бүрдэж байна” гэсэн юм.
Ёслолын үеэр “Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Бидний энэ амжилт бол аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоож, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах бидний эрхэм зорилгыг илүү тодорхой харуулж байна. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Р.Жигжид сайд энэ чухал үйл явдлыг бидэнтэй хамт тэмдэглэж байгаад баяртай байна” хэмээн онцоллоо.