Олон улсын хэмжээний мастер Бишиндээгийн Урантунгалаг “Токио-2020” Олимпийн наадмын эрхээ өчигдөр авлаа.
Парис хотноо болж буй “Токио-2020” Олимпийн наадмын эрх олгох сүүлийн тэмцээний эмэгтэй хувийн шигшээ харваанд ОУХМ Б.Урантунгалаг
- 1/48 тойрогт гоц мөргөж,
- 1/24 тойрогт Швейцарын тамирчин Дейнеко Илианаг 6:0 харьцаагаар ялж,
- 1/16 тойрогт Казахстаны тамирчин Фарида Тукебаеваг 6:0-оор ялж,
- 1/8 тойрогт Узбекистаны тамирчин Зиодахон Абдусаттороваг мөн 6:0 харьцаатай ялж,
- 1/4 тойрогт Чехийн тамирчин Мария Горацкова 4:6-аар ялагдсан ч онооны чансаагаар 5 дугаар байрт орж олимпын наадмын эрхийн эзэн боллоо.
Өчигдөр болсон эмэгтэй багийн тэмцээнд АНУ, Мексик, Итали улсын баг тамирчид олимпийн эрх авсан ба эдгээр орны өмнө авсан байсан хувийн 3 эрх нэмэгдсэнээр өнөөдөр эмэгтэй хувийн 5 эрхийн төлөө өрсөлдсөн билээ.
Ийнхүү Б.Урантунгалаг маань 2 дахь Олимпийн наадамдаа оролцох боллоо. Өмнө нь 2012 оны Лондонгийн Олимпийн наадамд оролцож бид бүхнийг баярлуулж байсан билээ.