Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй наадам болох Оскарын шагнал гардуулах ёслол өнгөрсөн долоо хоногт боллоо. Дэлхий тэр чигтээ Оскараар амьсгалахад монголчууд ч бас дутсангүй. Монголын цагаар үүрийн зургаан цагаас эхэлсэн Оскарын шууд дамжуулалт “Халтар царайт”-ын үед үзэгчдийг зурагтын өмнө уяж байсантай дүйцэхүйц болсон байх. Харин тэр өдрийн, 88 дахь удаагийн Оскарын наадмаас хамгийн их хүсэж байсан зүйл нь Леонардо Ди Каприог алтан баримлын эзэн болоосой гэх хүлээлт. Дэлхий тэр аяараа түүнийг дэмжиж байсан байх. Манайхан ч гэсэн ялгаагүй. Бүр Гандантэгчинлэн хийдэд очоод Леод хийморийн сан уншуулчихсан байна лээ. Мөн цахим хуудсаар дүүрэн алдарт жүжигчнийг алтан баримлын эзэн болсноор эвлүүлэг хийгээд “Мөн ч их хүлээлээ дээ” гэхчилэн тайлбар хийсэн байв. Энэ мэтчилэн үзэл бодлоо илэрхийлж Леонардог дэмжсэн хүмүүс цахим ертөнцөөр дүүрэн байлаа. Энэ бүхнээс нэг зүйл их тод анзаарагдсан. Юу вэ гэхээр Монголын залуус тэр чигтээ баруунжчихаж. Барууны хэв маягт, тэдний соёлд ууссаныг Оскар мэдрүүлэв. Энэ бол маш зөв үзэл. Хүн төрөлхтний амьдралын хамгийн зөв хэмнэл, ардчилал, эрх чөлөө, урлаг соёлын төв баруунд л байна. Хүн аятай таатай, сэтгэл амар амьдрах нөхцөлийг эерэг талаас нь бүрдүүлсэн учраас тэдний соёлоос суралцана гэдэг том ололт юм. Нэг нэгэндээ хүлээцтэй бөгөөд хүндэтгэлтэй хандах, биеэ зөв авч явахаас эхлээд хувцаслах, хооллох соёлд хүртэл барууны хэв маягийг жишээ болгон суралцаж байна. Ядаж л манай урлаг соёлынхныг хар л даа. Хэзээ байтлаа улаан хивсний ёслол гэж хийдэг байлаа. Бараг мэддэг ч үгүй байсан биз дээ. Харин сүүлийн хэдэн жил барууны жишгээр дэлхийн театрын өдрөөр улаан хивсний ёслол зохион байгуулж, жүжигчид аль байдгаараа гангалан үзэгч олныхоо нүдийг хужирладаг болсон. Энэ бүхний цаана биеэ зөв авч явах, бусдыг хүндэтгэх гээд маш олон соёл байдаг. Тэр хэрээр бусдыг хүндлэх, эвтэй харьцах гээд олон эерэг өөрчлөлт гарч байгаа юм. Дахин хэлэхэд энэ бүхэн маш зөв үлгэр дуурайл. Залуус, тэр дундаа өсвөр насныхан харж байгаа бүхнээ даган дуурайдаг. Тиймээс тэдэнд барууны хэв маягийг, зөв хандлагыг суулгаж байхад буруудахгүй. Ер нь ийм жишгээр баруунжиж байгааг сая болж өнгөрсөн Оскарын наадам батлан харууллаа. Тус наадамд оролцохоор ирсэн, улаан хивсэн дээр алхаж яваа оддоос танихгүй хүн бараг байсангүй дээ. Бүгдийг хуруу даран нэрлэж чадаж байлаа. Тивийн цаана уран бүтээлээ туурвиж, Монголоос хаа хол аж төрдөг оддыг бид ийм сайн таньж буй нь ерөөсөө л барууны соёлд нэвтэрснийх. Гэтэл бид хойд, өмнөд хөршийнхөө оддыг таньдаг билүү. Оросын алдартай кино одыг нэрлэ гэвэл нэлээн бодож байж хэлэх байх шүү. Хятадынх бол бүр сураггүй. Тэндхийн кино студид нь ямар уран бүтээл хийж, хэн гэдэг жүжигчин од болж буйг таамаглах ч үгүй юм байна. Харин Холливудын шинэ уран бүтээлүүдийг чих тавин сураглаж, нээлтээ хийхийг нь хоног тоолон хүлээдэг. Миний мэдэх олон хүн өчигдөр буюу гуравдугаар сарын 4-нд дэлхий даяар нээлтээ хийсэн “Амьтдын хот” хүүхэлдэйн киноны сураг гарснаас хойш хүлээж байна даг. “Frozen”, “Big hero 6” киноны уран бүтээлчдийн ээлжит бүтээл болохоор догдлохоос ч аргагүй. Холливудынхан хүүхэлдэйн киног бүтээхдээ зөвхөн хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдийн сонирхлыг татах хэмжээнд хийж чадаж байна. Соёлтой, боловсролтой, бүтээлч барууныхныг харж, тэднээс жишээ авч байхад буруудахгүй. 88 дахь удаагийн Оскарт нэр дэвшсэн киноны зохиолыг тоймлоод харвал байгаль дэлхийтэйгээ ойр байж хайрлан хамгаалах цаг болжээ гэх санааг агуулсан байна лээ. Леонардо Ди Каприогийн гол дүрд тоглосон “The Revenant” кинон дээр л гэхэд байгаль дэлхийтэйгээ зөв зохистой харьцах цаг болжээ гэх утга санааг цаагуураа харуулаад байсан. Үүнийг үзсэн нас насныхан дотроо эерэг бодол тээсээр кино театраас гарсан нь дамжиггүй. Мөн шагнал гардаж авсан жүжигчид тайзан дээр гарч ирээд “Дэлхийн дулаарлын эсрэг хамтдаа тэмцье. Хүчирхийллийг таслан зогсооё” гэхчилэн уриалга гаргаж байлаа. Үүнээс илүү өргөн цар хүрээтэй сурталчилгаа бий гэж үү. Хайртай жүжигчнийхээ хэлсэн үгийг шүтэн бишрэгчид нь амьсгал даран чагнан суусан. Анхааралтай чагнасан болохоор дээрх үгс залуусын толгойд кодлогдсон нь дамжиггүй. Ийм л болохоор барууны соёлыг дэмжээд байгаа юм.
Мөн шагнал авсан хүн бүр тайзан дээр гарч ирээд өөрт оногдсон 45 секундын хугацаанд нэг зүйлийг заавал ч үгүй хэлж байлаа. Тэр нь гэр бүл, эцэг эх, үр хүүхэд, хамт олондоо баярлалаа гэх чин сэтгэлийн талархлын үгс. Хүний амьдралын хамгийн чухал нь юу болохыг тэдний хэлсэн талархлын үгс харуулж байна. Нөгөө талаасаа дэлхийн хэмжээнд болдог Оскарын наадам зүгээр нэг урлаг, соёлынхныг алдаршуулаад байгаа юм биш. Гоёж гангалсан тэдний цаана хүн төрөлхтөн оюуны бүтээлийг өндрөөр үнэлдэг болсныг харуулж буй хэрэг. Шилдгээр шалгарсан кино зохиолчийн өөрийгөө болон уран бүтээлээ үнэлэх үнэлгээ хэрхэн нэмэгддэг бол. Ямар ч л байсан хэдэн мянган ам.доллараар өмнөхөөсөө илүү үнэлэгдэнэ. Тэгэхээр оюуны бүтээлийн үнэлэмжийг Оскараас харж болохоор байлаа.
Ер нь барууныхан гэж ямархуу улс юм бэ. Бидэнд тэднээс суралцах зүйл өчнөөн бий. Ядаж л ил задгай хог хаяж болохгүйг мэдэж авна. Айлын охиныг оройн болзоонд урьчихаад заавал гэрт нь хүргэж өгөх ёстойг тэндээс л сурч байгаа. Энэ мэт хүний амьдралд ямар ч багшаар заалгахгүй хэрнээ өдөр тутамд агаар, ус мэт хэрэг болж байдаг соёлд суралцах хэрэгтэй байна. Хэн ч анзаардаггүй мөртлөө бидний амьдралд өдөр бүр давтагдаж байдаг иймэрхүү соёлд ууссанаар хойч үеийнхнийгээ тайван амгалан амьдрах орчинтой болгох юм.