Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Олимп” хотхоны замд энэ сарын 10-ны өдрийн 18:46 цаг орчимд Тоёото Ланд круйзер-200 маркийн автомашин долоон машин мөргөж, хүүхэд дайрсан осол гарсан.
Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамир ярихдаа “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд круйзер-200” маркийн автомашин хашлага давж, эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн осол долоо хоногийн өмнө гарсан. Ослын улмаас нийт найман жолооч эд хөрөнгийн хохирол амссан. Мөн гарцаар гарч байсан 12 настай хоёр охин гэмтсэн. Одоогийн байдлаар охин эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Осол гаргасан автомашины жолооч нь 29 настай, эмэгтэй М гэгч байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа учраас ослын шалгалтыг 14 хоногоор сунгасан. Хааз, тоормос андуурч дарсан эсэх нь тогтоогдоогүй. Осол гарах үед жолооч архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Мөн хар тамхитай тэмцэх хэлтсээс тест авсан. Тестийн хариу гарсан бөгөөд тухайн жолооч мансууруулах бодис хэрэглээгүй нь тогтоогдсон. Тухайн эмэгтэй жолооч биш нь тогтоогдож, ослын шалгалтыг 14 хоногоор сунгасан. Шалгалтын ажил дуусаагүй бөгөөд тухайн осол гаргасан машины эзэмшигчид ч Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа Прокуророос шүүх рүү шилжүүлж, хуулийн хариуцлага тооцно” гэв.
Уг ослыг гаргасан эмэгтэйн талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд 29 настай Маралмаа, шүдний эмч мэргэжилтэй. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд оршин суудаг. Аав, ээж нь энгийн л хүмүүс. Харин найз залуу болох н.Батсүх нь Хөгжлийн банк, Эрдэнэс Таван толгойд ажиллаж байсан хэмээн мэдээлж буй юм.
Тийм аймшигтай осол хийчихээд ерөөсөө гэмшсэн, айсан шинжгүй байсан
Уг осолд орсон долоон машины хамгийн урд зогсож байсан машин дахь иргэн Я.Дарханцэцэгтэй ярилцлаа. Тус иргэн уг ослын талаарх бичлэгийг хамгийн түрүүнд хийж сошиал орчинд тавьжээ.
-Тухайн үед яг юу болсон юм бэ?
-Баянмонгол хорооллын хажууд, Эмралд хотхоны урд түгжрэлд зогсож байсан.
Машинууд таг түгжирчихсэн хөдлөх боломжгүй байлаа. Нөгөө талын урсгал нь арай сийрэг байсан. Тэгтэл юу болов гэмээр гэнэтхэн нөгөө урсгалаас улаан галзуу маш хурдтай орж ирсэн, тэр Ланд-200. Тэгээд манай машины ард талыг цөм хамаад, пид пад болоод л явчихсан.
-Таны машин ямар маркийнх вэ?
-Приус 41. Тэгээд манай машиныг мөргөчихөөд зогсоогүй цаашаа дахиад л пид пад гээд яваад л байсан.
-Тухайн үед цагдаа, эмнэлэг хэн дуудсан юм бол?
-Ослын ойр орчимд байсан хүмүүс бүгд л залгасан.
-Эмч, цагдаа хэр удаж байж ирсэн бэ?
-103 бол 10 минутын дотор ирсэн. Түүнээс түрүүлээд замын цагдаагийнхан ирсэн.
-Осол гаргасан хүнийг харж чадсан уу. Ямар хүн байсан бэ?
Чадсан. Нэг эмэгтэй байсан. Шоконд орчихсон гэж хэлэхэд ч хэцүү юм даа. Чив чимээгүй байж байснаа нөхөр рүүгээ залгаад “Би аваар хийчихлээ. Осол гаргачихлаа” гээд утасдаад байсан.
-Согтуу байсан зүйл ажиглагдаагүй юу?
-Ажиглагдаагүй. Эрүүл харагдсан.
-Тухайн үед дайруулсан хүүхдийг харсан уу. Биеийн байдал нь ямар байсан бэ?
-Ер нь бол харах нь харсан. Нүд хальтрам харагдсан. Олимпийн урд талд явсан хүмүүс хараад орилолдоод л бөөн юм болсон л доо.
-Тухайн осол гаргасан машины дугаарыг харж чадаагүй юу?
-Тэрийг бол харж чадаагүй. Харах ч сөхөө байгаагүй. Аймшигтай дүр зураг болсон. Тухайн үедээ би бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд анх тавьсан.
-Цагдаа ирэнгүүтээ ямар арга хэмжээ авсан бэ?
-Хэмжилт хийгээд байсан. Осолд орсон машинуудын жолооч нарыг бүртгэж авсан.
-Тэр хүүхдээс өөр явган зорчигч осолд өртсөн болов уу?
-Дахиад нэг охин байгаа гэж байсан. Тэрийг нь сайн мэдэхгүй байна.
-Танай машины эвдрэл хэр байна вэ. Хохирлыг хэрхэн барагдуулна гэж байна вэ?
-Хохирлыг нэн даруй яаралтай барагдуулна гэсэн. Одоо бараг барагдуулаад дуусч байгаа юм шиг байна лээ. Хүүхдэд болохоор эрүүгийн хэрэг үүсч байгаа юм билээ. Тухайн үед би аймшигтай хүнд доргилт авсан.
-Та өөрөө биеэ үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгосон уу?
-Тогтоолгоогүй байна. Барианд гурван удаа явсан. Булчин зангирсан байна гэсэн.
-Тухайн төлбөр мөнгийг хохироосон хүнээр гаргуулсан уу?
-Одоогоор гомдол гаргаагүй болохоор боломжгүй гэсэн. Ямар ч байсан машинуудын хохирлуудыг барагдуулна л гэсэн байна лээ.
-Зөвхөн танай машины хохирол хэдэн төгрөг болсон бэ?
Үнэлгээгээр ороход 3.8 сая төгрөг болсон. Бид одоогоор машинаа засварт өгчихсөн, өнөөдөр бараг гарах байх. Тэгэхгүй бол машин тэрэггүй олон хүүхэдтэй хүн хэцүү юм.
-Осол гаргасан эмэгтэйн сэтгэл санааны байдал нь ямар байх шиг байна. Ажиглаж чадсан уу?
-Тийм аймшигтай аваар хийчихээд тэр эмэгтэй ерөөсөө бодож байгаа ч зүйлгүй зогсож байсан. Ямар ч гэмшсэн, айсан шинжгүй. Тэгээд нөхөр нь ирж машинаа авахдаа шал согтуу ирсэн. Улаан галзуу хүнийг дарамталсан, даапаалсан хачин хүн байна лээ. Нөхөр нь цагдаагийн газар ирчихээд янз бүрээр орилж хашгирч загнаад, дарамтлаад байсан. Тэр эмэгтэй үхье л гэж бодсон байх. Эмэгтэй хүнтэй их муухай харьцаж байна лээ. Хамгийн аймшигтай нь тийм осол хийчихээд ерөөсөө айж сандарсан, гэмшсэн шинжгүй, гөлийсөн юм л зогсоод байсан. Зүгээр зам дээр зогсож байсан хүний амьдралыг сүйрүүлж байна шүү дээ. Замын цагдаа нь ч ийм хэргийн талаар хамаагүй ингэж ярьж болохгүй гээд ам таглаад байдаг юм билээ. Гомдлоо өөр газар очиж хэл гээд байсан.
-Хохирогчид нийлээд гомдол гаргах бодол бий юү?
-Цагаа тулахаар монголчууд чинь тэгэхгүй юм байна лээ. Машиныхаа хохирлыг төлүүлчихвэл тэгээд бушуухан салъя л гэж байх шиг байна лээ. Тэр хүүхэд л хэцүү байна. Бид ч яахав машинаа л янзлуулчихвал хөл гартайгаа бүтэн үлдсэн улс арга нь олдоно. Тэр хүүхдэд л санаа зовоод байна.
Хажууд нь цуг явсан найз нь шоконд ороод тэр чигээрээ гэр рүүгээ гүйчихсэн
Тухайн осолд өртсөн охины талаар сошиал сүлжээнд янз бүрийн мэдээлэл явж байна. Энэ талаар охины анги удирдсан багш Мөнхбаяраас дараах тодруулгыг авлаа.
-Та охины биеийн байдлын талаар мэдээлэл байгаа юу. Ар гэр нь холбогдсон уу?
-Холбогдсон. Өчигдөр (уржигдар) очиж эргэсэн. Хүүхдийн биеийн байдал гайгүй байсан. Саяхан нэг хагалгаанд ороод амжилттай болсон. Одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаа.
–Гадуур Солонгос улс руу явж эмчлүүлнэ гэсэн мэдээлэл яваад байгаа. Охиныг эргэхээр очиход ээж, аав нь тийм зүйл ярьсан уу?
-Үгүй. Надад л лав эцэг эх нь тийм зүйл ер дурдаагүй. Ерөнхийдөө охиноо одоо азтай гэх үү дээ. Яс хугараагүй, судас шөрмөс тасраагүй гэсэн. Ямар ч байсан нэг хагалгаанд орсон. Мах нь ухагдчихсан байсныг нөхсөн гэсэн. Тийм гэмтэл авсан л гэж ээж нь надад хэлсэн.
-Цуг явсан охин нь бас танай анги уу?
-Тийм. Хичээлээ тараад цуг харьдаг юм. Яг тэр мөчид хамт мөргүүлээд эргэхдээ тэр замын хашлага руу унаагүй босоод гүйчихсэн юм билээ. Хажууд нь цуг явсан найз нь гэнэт тийм байдалд орохыг хараад шоконд ороод тэр чигээрээ гэр рүүгээ гүйж очоод гэрийнхэндээ хэлээд, ангийнхантайгаа холбогдсон юм байна лээ.
-Тэр охины биеийн байдал ямар байгаа вэ?
-Жаахан сэтгэл санаа нь тогтворгүй байгаа гэсэн. Түүнээс ил харагдах шарх сорвигүй, эмнэлгээр аав, ээж нь аваад явж байна гээд хичээлдээ ойрд ирээгүй.
МИНИЙ БИЕ ТЭР ӨДРӨӨС ХОЙШ ХАЧИН БАЙНА
Харин охины биеийн байдал ямар байгаа талаар ээжээс нь тодрууллаа.
-Охины тань биеийн байдал хэр байгаа бол?
-Охиныхоо талаар ямар нэгэн мэдээлэл өгмөөргүй байна. Сайтуудаар дандаа худлаа мэдээлэл яваад байх юм. Миний бие тэр өдрөөс хойш их хачин байна. Үг ч эвлэхгүй байна.
-Осол гаргасан хүн тантай ирж уулзсан уу. Уучлалт гуйсан болов уу?
-Хоёр удаа ирж надтай уулзсан. Биеийн байдлыг нь асууж уучлалт гуйсан. Түүнээс айхавтар нарийн ширийн зүйл яриагүй л дээ. Би ч охиныхоо биеийн байдлыг харж байна. Үнэхээр гомдолтой байна гэдгээ хэлсэн. Энэ сайтууд илтэд худлаа мэдээллүүд тавиад байна. Ямар учиртай юм бол оо. Хөлөө тайруулсан гэнэ, Солонгос явах гэж байгаа гэнэ гээд дандаа худлаа мэдээлэл тавиад байх юм.
-Тэгэхээр та өөрөө бодитой үнэн мэдээлэл өгөөч?
-Яг одоогоор мэдээлэл өгмөөргүй байна. Охиныхоо тухай яримааргүй байна.